| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00370/и |
| Дугаар | 135/ШШ2014/01131 |
| Огноо | 2014-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2014/01131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00370/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, өөрийн байранд байрлах Х.б ХХК /РД:... захирал Ц овогтой Б-ийн П, ... аймгийн ... сум, ... баг, ... гудамж, ... тоот оршин суух РД: ..., .../-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... байр ... давхарт Э.ц ХХК /захирал Ш овогтой С-гийн Б, ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух, РД: ..., утас: .../-д холбогдох 630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Х.б-т ХХК-ий захирал Ц.П, хариуцагч Э.ц ХХК-ний захирал С.Б, нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.б ХХК-ий захирал Ц.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Э.ц ХХК-тай 380-ын цахилгаан шугам байгуулах гэрээг 2014 оны 08 сарын 01-нээс байгуулсан. Гэрээний үнэ 5.500.000 төгрөг гэж тохироод эхний ээлжинд 3.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дансаар шилжүүлсэн. Гэтэл С.Б нь манайх Т-н тийшээ Хятадын нэг компаний цахилгаан угсралтын ажил хийж байгаа, мөн суманд бас цахилгаан угсралтын ажил дутуу хийгдсэн байгаа, танайхыг ганцааранг нь хийхгүй, учир нь гэвэл зардлын хувьд өндөр гарна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ярихад Хятадын компанитайгаа гэрээ хийх гээд хот руу явж байна гэж хэлсэн. Би Т-рүү очиход ямар ч шугам барих ажил байхгүй байхаар нь энэ ерөөсөө худлаа юм байна гэж бодоод 2014 оны 08-р сарын 17-ны үед С.Б ярьж уулзаад, больё энэ ажил чинь худлаа юм байна гэж хэлээд мөнгөө буцааж авья гэж хэлсэн. С.Б маргааш өгнө гэж хэлээд 2014 оны 08 сарын 19-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд сүүлд 2014 оны 09 сарын 12-нд нь 2.000.000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр байгуулсан гэрээндээ бол гэрээний ажлыг дүгнэх гэдэгт нийт өртгийн санхүүжилтийн хугацааг хожимдуулсан учраас 1 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн алданги төлнө гэж заасан. Би өөрөө хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, бас С.Б-тэй гэрээ байгуулснаас хойш ажилгүй байсан, тиймээс нийт 630.000 төгрөгний алданги нэхэмжилж байгаа. 2014 оны 08-р сарын 05-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2014 оны 8-р сарын 19-ний өдөр 2 сая төгрөгийг буцааж авсан. Үүнийн хугацааг тооцвол 13 өдрийн алданги тооцохоор байна. 3 сая төгрөгийн 1 өдрийн алданги 30,000 төгрөг, үүнийг 13 өдрөөр үржүүлвэл 390,000 төгрөг болж байна. Үлдсэн 1 сая төгрөгийг 2014 оны 9-р сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Үүний алданги тооцох хугацаа 24 хоног юм. Нэг сая төгрөгийн өдрийн 1 хувийн алданги 10,000 төгрөг. Үүнийг 24 хоногоор үржүүлвэл 240,000 төгрөг нийтдээ алданги тооцох торгууль буюу нэхэмжлэлийн шаардлага нь 630,000 төгрөг болж байна ... гэв.
Хариуцагч Э.ц ХХК-ий захирал С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Ц.П-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Урьд нь П цахилгаан шугамын ажил хийлгэх гэсэн юм гэж хэлж байсан ба хавраас барьж өгье, манайх мөнгөний болоцоо байхгүй кабелиа авч чадахгүй сууж байна аа гээд ажлыг чинь 07 сард хийгээд өгье гэж хэлсэн. Ажил ихтэй жаахан хойшлуулья гэж хэлээд эхний ээлжинд надад 2.000.000 төгрөг өг, утас болон зарим нэг хэрэгслүүдээ авья тэгээд ямар ч байсан гэрээгээ хийе гэсэн. Өрөөнд сууж байгаад гэрээгээ хийх гэтэл тамга нь байхгүй тэгээд бид хоер за за тамга дарчаарай гээд гэрээгээ хийсэн. Дараа нь надруу залгаад наашаа гарсан уу би 3.000.000 төгрөгөө хийчлээ шүү гэсэн тэгэхээр нь би мөнгө хийсэн өдрөөсөө эхлээд хоногоо тоолоорой, мөнгө хийгээгүй байхад би гарахгүй гэсэн. Тэгтэл мөнгөө хийчлээ гээд залгасан. Би уг мөнгөнөөс нь 350 м кабель аваад тавьсан байсан. Гэтэл нэг өдөр надруу залгаад надад ажил гарчихлаа, хийлгэхээ болилоо гэсэн. Би одоо удахгүй хэд хоногоос гарна, ядаж тэр сумын ажлыг дуусгаад тэгээд хийнэ гэж хэлэхэд чи зүгээр мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй байна, чиний өгсөн мөнгөөр чинь материалаа авчихсан, шон нь бол байна, чи материалаа авчих гэхэд чи зүгээр мөнгөө буцаагаад өгчихөө гэж гэхээр нь тэгвэл ядаж 7 хоног хүлээчих ээ би мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. 7 хоногийн дараа нөгөө ажлын маань санхүүжилт орж ирээд Ц.П-гийн мөнгийг шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн, оросын хар кабель метр нь 4900 төгрөгний үнэтэй, 350м кабелийг Хүдэртэй буян компаний шугамыг татахын тулд авсан. Одоо ийм богино хэмжээний шугамын ажил гарахаас нааш кабель хэрэглэгдэхгүй. Би өөрөө хохирсон учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2014 оны 08-р сарын 01-ний өдөр байгуулагдсан ... сум Х.б ХХК 0,4 кв-ын агаарын шугам ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч Э.ц ХХК нь 2014 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн хуанлийн 10 хоногт багтаан, 5,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 4 кв-ын агаарын шугамын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч Х.б ХХК-ий захирал Ц.П нь 2014 оны 8-р сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг гэрээт ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн байна.
Хариуцагч 2014 оны 8-р сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж урьдчилгаа болгон шилжүүлсэн 3 сая төгрөгийг буцаан авахаар шаардсан нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 226-р зүйлийн 226.1-д заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч Х.б ХХК нь 2014 оны 08-р сарын 05-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2014 оны 8-р сарын 19-ний өдөр 2 сая төгрөгийг буцааж авсан. Үүнийн хугацааг тооцвол 13 өдрийн алданги тооцохоор байна. 3 сая төгрөгийн 1 өдрийн алданги 30,000 төгрөг, үүнийг 13 өдрөөр үржүүлвэл 390,000 төгрөг болж байна. Үлдсэн 1 сая төгрөгийг 2014 оны 9-р сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Үүний алданги тооцох хугацаа 24 хоног юм. Нэг сая төгрөгийн өдрийн 1 хувийн алданги 10,000 төгрөг. Үүнийг 24 хоногоор үржүүлвэл 240,000 төгрөг нийтдээ алданги тооцох торгууль буюу нэхэмжлэлийн шаардлага нь 630,000 төгрөг болж байна ... гэжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227-р зүйлийн 1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан ... сум Х.б ХХК 0,4 кв-ын агаарын шугам ажил гүйцэтгэх гэрээний 4-р зүйлийн 4.2-д ...Гэрээт ажлын тохиролцсон хугацаа болон санхүүжилтийн хугацаа хожимдвол буруутай тал нь графикаас хоцорсон хоног тутамд нийт өртгийн 0,1 хувьтай тэнцэх торгуулийг төлөх ба нийт торгуулийн хэмжээ гэрээт ажлын өртгийн 5 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн заасан гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна.
Гэвч талууд гүйцэтгээгүй ажлын үүргийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй анз төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх тул урьдчилгаа болгон шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн хэмжээгээр анз тооцвол 3,000,000*5%= 150,000 төгрөгийн анз нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд дээрхи хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар Э.ц ХХК-иас 150,000 төгрөг гаргуулан Х.б ХХК-д олгож, 480,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД