Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2014/01147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2014/00421/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр ... тоотод оршин суух Ө овгийн Д-ын Н /РД: ..., утас: .../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг ... сум 12 жилийн ... дунд сургуульд холбогдох ... аймгийн ... сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, цалингаас хассан 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн төлөлөөгч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 8 хүртэл ... аймгийн ... сургуульд эмчээр ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүрэг, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагдсан эрх үүргийн хүрээнд албан үүргээ ямар нэг доголдол зөрчилгүй гүйцэтгэж ирсэн. Энэ хичээлийн жилээс би өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл өдрийн цайны цагаар амрахгүйгээр хөдөлмөрийн хуулийн дагуу өдрийн 8 цагаар үндсэн ажлаа гүйцэтгэж байсан. Учир нь цэцэрлэгийн насны 2 хүүхдээ өглөө 08 цаг 30 минутанд хүргэж өгөн орой 17 цагт цэцэрлэгээс авдаг учраас ажил амьдралаа зохицуулж, өдрийн цагаар амрахгүй байгууллагын ажлыг цалгардуулахгүй ажиллаж байсан. 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өглөө захирал Б.Д дуудаад цагийн бүртгэлд чиний нэр чинь байхгүй байна. Яагаад байхгүй байгаа вэ гэхээр нь би цагаа бүртгүүлээд л ажлаа хийж байсан гэсэн. Захирал миний үгийг үл ойшоон нярав - та хоёр их сайхан харьцаатай байдаг учир хуйвалдаж нэрээ хасуулсан байна гэж уурлаж энэ үгээ олон дахин давтан хэлэхэд нь би уурлаад солиор гэсэн. Тэгсэн захирал уурлаж байгаад би хэн байна, чи намайг солиоруулдаг хэн бэ? новш минь гэж чичлэн чамайг яах нь миний эрхийн асуудал гэх мэтээр бүдүүлгээр хашгичин загнасан. Намайг чи муу гарч бай, би өдөр тушаал гаргана гэсэн. Тухайн үедээ би сануулсан арга хэмжээ авах байх гэж бодсон. Тэгтэл үдээс хойш нарийн бичиг цалинг 20 хувиар суутгасан тухай захирлын тушаалыг үзүүлсэн. Би уурлаад яагаад ингэж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл чи муу надтай яаж харьцлаа, яадаг юм гэсэн. Тэгээд энэ үеэс хойш гарч ороход байнга хавчиж дарамталж, хамтарч ажиллахад сэтгэлзүйн дарамт үзүүлж, үл ойшоосон харьцаагаар хандаж байсан тул аргагүй эрхэнд ажлаас гарч давхар ажил амьдрал санхүүгийн хохирол амсаад байна. Иймд хохиролыг барагдуулж, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү Тушаал дээр үүрэг даалгавар биелүүлээгүй бол гэсэн байсан. Миний хувьд захирлаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зүйл байхгүй. Мөн уг сахилгын арга хэмжээ авахаас өмнө сануулах арга хэмжээ авах ёстой байсан. Шат дараалсан арга хэмжээ аваагүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 9 дүгээр сард ирцийн бүртгэл хийсэн. Д.Н нь ажилдаа хоцорч ирэх, ажлын цагаас өмнө явах зөрчлийг байнга гаргадгаас гадна ажилтнуудын цагийн бүртгэлд нэр нь байхгүй, нэрээ оруулдаггүй, ирсэн явсан цагаа бүртгүүлдэггүй зөрчлийг байнга гаргасан нь Сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8,4 дэх заалт болох шалтгаангүйгээр ажлаас хоцрох хичээл хүмүүжлийн ажил болон хамт олны дунд зохион байгуулагдаж байгаа ажлыг таслах гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Сургуулийн дотоод журам-ын 12 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан захиргаа аж ахуйн ажилчид, албан хаагчид ирсэн, явсан, завсарласан цагаа, жижүүрт тэмдэглүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн зэрэг алдаа дутагдлууд гаргаж байгаа нь ёс зүйн хувьд нийцэхгүй байна. Миний уурласан шалтгаан бол бүртгэл байхгүй байсан. Тухайн ажилтан өөрөө цагаа бүртгүүлэх ёстой. Тэр муудалцсан асуудлыг мэдэж байна. Цалингийн арга хэмжээ 20 хувиар гэсэн нь тухайн асуудлаар 6 сарын дотор хоцорсон асуудал байсан. Нотлох баримт болгож өгсөн. Сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлээд байгаа зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн Д.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдгийг миний хувьд ажлын цагийг зүй зохистой бус хомсолсон энэ үйлдэлд нь хамааруулж ойлгох байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулинд заавал шат дараалсан арга хэмжээ авна гэж байхгүй. Энэ бол хамаагүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Н нь ... аймаг ... сум 12 жилийн ... дунд сургуульд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр эмчээр ажиллаж байсан ажилтан байна.

Ажил олгогч хариуцагч ... аймаг ... сум 12 жилийн ... дунд сургуулийн захиргаа нэхэмжлэгч Д.Н-г Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 заалтыг баримталн ажлын цагийн бүртгэл мөрдөлтийг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэсэн үндэслэлээр цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д ердийн ажлын үргэлжлэл 8 хүртэл цаг байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т завсарлага, эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно гэж хуульчилсаны дагуу Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил таслахыг хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцохоор, мөн сургуулийн дотоод журмын 5.9-б-д ажилтнууд ажлын байраа байнга орхин явдаг зөрчил гаргасан үед сахилгын шийтгэл оногдуулахаар, 12.1-д захиргаа аж ахуйн ажилчид ирсэн, завсарласан, явсан цагаа жижүүрт тэмдэглүүлнэ, 10. Багш ажилтнуудын ажлаас хоцорсон минутын нийлбэрээр тухайн сарын нийт ажлын цагаас хасаж тооцно, 17.захиргааны ажилтнууд 8:00 эхлэх, дуусах 17:00, цайны завсарлага 11:30-12:30 гэж ажлын цаг ашиглалтын, бүртгэлийн талаар тогтоосон байна.

Хариуцагчаас ирүүлсэн эмч Д.Н-н ажлын цагийн бүртгэлд ажил эхлэх цагийг оройтуулсан, зарим өдөр огт цагаа бүртгүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н эмчийн хувьд ЭМГ-аас зохион байгуулж буй сургалтад оролцох, өрхийн эмч, эмнэлэгтэй харьцахаар ажлын байрнаас гадагшаа явах тохиолдол байхыг үгүйсгэхгүй ч энэ талаархи удирдамжийг удирдлагад таницлуулан, дотор ажиллах томилолт авах, чөлөө авах зэрэг үйлдэл хийгээгүй бөгөөд ингэж явсан тохиолдолоо баталгаажуулаагүй, бүртгүүлээгүйгээс түүний ажлын цагийн бүртгэлд зарим ажлын өдөрт ажилласанаар бүртгэгдээгүй, шалтгаан нь тодорхой бус байна.

Тухайлбал түүний ажлын цагийн бүртгэл худлаа гардаг гэж үгүйсгэн ирүүлж байгаа нотлох баримт 2014 оны 01 сарын 17-ны өдөр ... сургуульд болсон сургалтад оролцсон гэх бүртгэлд түүний нэр байгаа ч ажлын цагийн бүртгэлд өглөө 8:52-д ирж 16:00 цагт явсанаар бүртгэгдэж, ямар нэгэн тайлбаргүй байхад сургалтын хөтөлбөрт сургалт 14:00 цагаас эхэлж 16:00 цагт дууссан байхаар байна.

Иймд нэхэмжлэгч Д.Н-гийн ... аймгийн ... сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, цалингаас хассан 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-гийн ... аймгийн ... сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, цалингаас хассан 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ