Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2014/01172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2014/00419/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоотод оршин суух иргэн Х.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг ...  байрны ... тоотод оршин суух, Д.Э, Б.Н нарт холбогдох 2,800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э хариуцагч Д.Э, Г.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнгөнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Э овгийн Х-тийн Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... сумын ... багийн ... байрны ... тоотод оршин суугч Д овогтой Э түүний эхнэр Н нартай хамтарч бизнес хийе маш их ашигтай чиний банкны хүүнээс хэд дахин их ашигтай гэж манай гэрт эхнэр Н-ийн хамтаар олон дахин ирж бид найдвартай хүмүүс гэж 2009 оны 2 дугаар сард 4 хувийн хүү төлөхөөр гэрээ хийж 5 сая төгрөгийг бэлнээр авсан юм.

Гэтэл иргэн Д.Э түүний эхнэр Н нар хийсэн гэрээгээ зөрчин сар бүр төлөх 4 хувийн хүүгээ ч төлөхгүй удаа дараалан худал хэлж хууран мэхэлж байгаад 2011 оны 6 дугаар сард анх зээлсэн 5 сая төгрөгөө хэл ам болж байгаад өгсөн боловч 2009 оны 2 дугаар сараас 2011 оны 6 дугаар сар хүртэл 28 сарын сар бүр төлвөл зохих 4 хувийн хүү үүргийн дүн болох 200,000 төгрөгийг 28 сараар үржүүлвэл 5,600,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 2,800,000 төгрөгийн хүүгээ өнөөг болтол төлөөгүй байна.

Би энэ тухай Д.Э-од удаа дараалан шаардаж хэлэхэд 2011 оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сард 500,000 төгрөг мөн 2012 оны 5 дугаар сард 500,000 төгрөг бүгд 1,500,000 төгрөг төлнө гэсэн боловч өдийг хүртэл төлөөгүй байгаа тул Д.Э болон түүний эхнэр Б.Н нараас 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 2 дугаар сард найз Эын очиж түүний эхнэр Атай юу хийвэл ашигтай байх вэ гэж ярилцаж байгаад бичиг хэргийн бөөний худалдаа нээвэл ашигтай гэж ярилцаж байгаад маргааш нь ирж уулзахад нөхөр Э-ыгаа ажил хийлгэмээр байна намынхантайгаа болсон ажилгүй байна 5 сая төгрөгийг хүүтэй надаас ав гэхээр нь би зөвшөөрч хамтран ажиллахаар болсон юм. Энэ яриа бид гурвын дунд болсон манай эхнэр Б.Н оролцоогүй юм. Ингээд Д  компанийн байрыг сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр болж А-аас 500,000 төгрөг авч лангууны материал авч лангуу хийсэн юм. Эхний удаа Ааас 4,500,000 төгрөг авч Э рүү бараанд явахдаа Э-ыг хамт явъя гэхэд би ажилтай гээд яваагүй би явж бараа авчраад эхний 1 сар орчим Э ажиллаж байгаад би хөдөө явлаа ажиллах боломжгүй боллоо гээд явснаас хойш би ганцаараа хүн хүч дутагдаж цаашид ажиллах боломжгүй болж байраа суллаж лангуу тавиураа тал үнээр нь зарж бараа материалаа хуучин ... руу татсан. Түүний дараа 8 дугаар сард Э эхнэртэйгээ манайд ирж яах тухай ярихад нь бараа материалаа хувааж аваад хариуцлагаа хамт хуваалцъя гэхэд А би Э-д итгэхгүй байна чи л энэ барааг зарж мөнгө гаргаж өг гэсэн тэгээд тухайн үед өгөх мөнгө байснаас 2 жилийн дараа банкнаас зээл авч тэднээс зээлж авсан 5 сая төгрөгийг нь төлж барагдуулсан. Э нь хамтран ажиллаж байгаа дүр исгээд ашигтай ажиллавал ашиг хүртээд явна ашиггүй ажиллавал гараад хүүгээ нэхнэ гэсэн холын хараатай явсныг сая л ойлгож мэдлээ . Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-ын, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э, Б.Н нар нь Х.Э-аас авсан 5 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн ба тэдний хооронд хүү тооцохоор тохирсон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,3 дах хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдах тул Х.Эын 2,800,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Х.Э нь Д.Э Б.Н нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү тооцож бүгд 2,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн, нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу х/х-ийн 4 дүгээр талд бичигдсэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтад хариуцагч Д.Э, Б.Н нар нь зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, 1,500,000 төгрөг төлж дуусгана гэсэн гарын үсэг нь нотариатын баталгаагүй байна. Зээлдэгч Д.Э Б.Н нар нь үндсэн зээлийн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Э-т буцаан төлсөн талаар зохигчид хоорондоо маргаангүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Э-ын хүү тооцож нэхэмжилсэн 2,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзээд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 115.2,3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Эын Д.Э, Б.Н нараас 2,800,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА