Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2014/00006/и |
Дугаар | 135/ШШ2014/01176 |
Огноо | 2014-12-10 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2014/01176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00006/и
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...аймгийн ... сумын ... баг ... хороолол Б ХХК-ний 1-2 тоотод оршин суух Б овогт Б-ын Б,
Нэхэмжлэгч: “Ч.б.а” ХХК нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...аймгийн ... сумын .. баг ... хороолол ... байрны ... тоотод оршин суух Б овогт Б-ын М /регистрийн дугаар ..., утас .../-т холбогдох
5,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... ... хот дахь Д ХХК-ийн үйлчилгээний төвийн эрхлэгч Б.Б надаас Б.М нь 5,550,000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг зээл авч, хөдөө орон нутгаар явж М улсад аялах болзлыг хангах зорилгоор авч ажиллаад тэр болзлоо хангаад аялалд хамрагдаад ирсэн боловч одоог хүртэл авсан бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог хийхгүй байгаа тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Д ХХК 2007 онд өөрийн хүсэлтээр гишүүнээр орж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хөдөлмөрлсний үр дүнд ... гишүүнчлэл хийж, О-ийн цолтой Д ХХК-ий лидерийн түвшинг хангаж ажилласан. SA цолтой 56, SP цолтой 7 гишүүн төрүүлж, ... Д ХХК-ий бараа бүтээгдэхүүн эргэлтийн 35-45 хувийн бараа борлуулалтыг нийт багийн гишүүдийн ажлын үр дүнд хийж өгдөг. Д ХХК-ий үйл ажиллагааны зарчим нь:
-Бараа бүтээгдэхүүнийг хүнээс хүнд, гараас ,гарт хүргэж өгөх,
-Бүтээгдэхүүний талаархи мэдээ мэдээллийг үнэн зөв суртачлан таниулж шинээр зах зээлийг бий болгож, хэрэглэгч болон гишүүнчлэл бэлддэг.
-Тухайн бизнес нь хувь хүний зан харилцааны соёл итгэлцлэлийн үндэслэл дээр тогтдог.
...аймгийн Д ХХК-ий үйлчилгээний салбарыг 2012 оноос Б.Б нь өөрийн хүсэлт хувийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, байгаа бөгөөд гишүүдийг сар бүр борлуулсан барааны 4 хувийг, шинээр гишүүн элсэхэд 2000 төгрөг, 2,500,000 төгрөгнөөс дээш бараа таталт бүрт тээврийн зардал 30,000-50,000 төгрөгийг Д ХХК-аас бодуулж тооцож авч ажилладаг. Б.Б нь хариуцан ажиллах хугацаандаа ёс зүй зан харилцааны доголдол гаргаж гишүүдийн нэр хүндийг унагах хэл амаар доромжлох ялгаварлан гадуурхах баг хамт олон хагаралдуулах хөдөлмөрийн дүрмийг зөрчиж, жил 6 сарын хугацаанд 3 хүний операторчноор сольж ажиллуулж, байсан. Цалин урамшуулал өгөхгүй илүү цагаар ажиллуулах зэрэг зөрчил гаргасан. Ийм нөхцөл бадлаас болж гишүүдийн ажиллах эрч хүч сулруулах, үл итгэлцэх, тооцоо тайлан зөрүүлж, будилаантуулж байсан учраас тухайн үүрэгт ажлаас нь чөлөөлж санхүүжилтийг нь буцаан олгож, ажлаас нь халсан. Иргэн Б.М би Б.Баас 2014 оны 02 дугаар сарын 12-ний өдөр М-ад явах болзлын үр дүнд 6 сарын хугацаатай .. хот дахь Д ХХК-ий төвөөс 5,441,800 төгрөгний бараа хүлээн авч Говь-Алтай, Ховд, Архангай, Баян-Өлгий зэрэг зэрэг аймаг сумуудаар шинээр баг бүрдүүлж нийт 140 хүн шинээр элсүүлж, 60-70 сая төгрөгийн бараа эргэлт хийж өгч 3,446,000 төгрөгийг Д ХХК-аас Б.Бд бодуулж авч өгсөн. Энэ хугацаанд 8-10 удаа бараа таталтын эргэлт хийсэн. Бараа таталтын зардлыг дээрх мөнгөн дүнд оруулаагүй мөртлөө энэ зардлыг Б.Б Д ХХК-аас бодуулж тооцож өөрөө авсан байдаг. Ийм учраас Б.Бын нэхэмжилж байгаа 5,441,800 төгрөгнөөс 3,446,000 төгрөгийг төлсөн байгаа үлдэгдэл мөнгийг нь төлж барагдуулна” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДЭЭИЭ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа:
“Б.Бын нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох хэрэгтэй холбоотойгоор гуравдагч этгээд “ДЭЭИЭ” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С миний зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
-“ДЭЭИЭ” ХХК-ий ... аймаг дахь Үйлчилгээний төвийг Б.Б нь 2012 оноос эхлэн “Ч.б.а”ХХК-ий нэрээр ажиллуулж ирсэн.
- Манай компаний дансанд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... төвөөс 3,831,330 төгрөгийг шилжүүлж, мөн төвийн урамшуулал мөнгө 1,581,175 төгрөг нэмэгдэж улмаар ... төв нь нийт 5,441,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой болсон байсан. Энэ дүн бүхий барааг Б.М нь хүлээн авсан тул энэхүү 5,441,800 төгрөгийг Б.М нь тус компанийн төвийг ажиллуулж байсан Б.Бд төлөх нь зүйтэй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.б.а ХХК, Б.Б нар нь хариуцагч Б.Мгийн “ДЭЭИЭ” ХХК-ниас авсан бүтээгдэхүүний үнэ 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нь “бүтээгдэхүүний үнийг “ДЭЭИЭ” ХХК-нд төлж байгаа. Ч.б.а ХХК болон Б.Бтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас тэдэнд төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДЭЭИЭ” ХХК нь нэхэмжлэгч талын шаардлагыг дэмжиж оролцоно гэжээ.
Хариуцагч Б.М нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “ДЭЭИЭ” ХХК-ниас 5,441,800 төгрөгийн бүтээгдэхүүн худалдаж авсан болох нь зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрийн баримт /хх-/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.М нь дээрх бүтээгдэхүүний төлбөрийг “ДЭЭИЭ” ХХК-нд төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Баас 3,831,330 төгрөг, нэхэмжлэгч “Ч.б.а” ХХК-нд 2014 оны 01 дүгээр сарын урамшуулалд олгогдох 1,581,175 төгрөг, нийт 5,412,505 төгрөгийг “ДЭЭИЭ” ХХК нь хариуцагч Б.Мгийн төлөх ёстой 5,441,800 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрт авсан болох нь “ДЭЭИЭ” ХХК-ний 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баримт /хх-/, Голомт банкны гүйлгээний тодорхойлолтонд “2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.Агаас “ДЭЭИЭ” ХХК-ны ... тоот дансанд “... төв ...” гэсэн гүйлгээний утгатай 3,831,330 төгрөгийн орлого тушаасан болохыг тодорхойлов” /хх-/, гэрч Б.Агийн шүүхэд өгсөн “...Б.М эгч баруун аймгуудаар явж борлуулалт хийнэ мөнгө шилжүүлээч гэж Б.Б эгчээс гуйсан юм. Энэ мөнгө нь Б.Бын үйлчилгээний бараа татдаг мөнгө юм. Би Б.Б эгчийн зөвшөөрлөөр “ДЭЭИЭ” ХХК-ний дансруу мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-/, зохигчдын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь харицагч Б.Мтай зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Хариуцагч тал “ Б.Мгийн бараа таталтын урамшуулалд ирсэн мөнгийг Б.Б нь “ДЭЭИЭ” ХХК-иас авсан бүтээгдэхүүний үнэнд өгсөн” гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч “Ч.б.а” ХХК, Б.Б нар нь хариуцагч Б.Мгаас бүтээгдэхүүн худалдаж авахад нь төлсөн 5,412,505 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.М нь дээрх үнийн дүнгээс нэхэмжлэгч Б.Бд 300,000 төгрөгийг өгсөн байх тул хариуцагчаас 3,531,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд, 1,581,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.б.а ХХК-нд тус тус олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 137,495 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2706 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу “ДЭЭИЭ” ХХК-иас ирүүлсэн “....2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... дахь “Э-О” компаний нэрээр 3,831,330 төгрөг голомт банкаар, 1,581,175 төгрөгийг “ДЭЭИЭ” ХХК-иас олгодог сарын урамшуулалын мөнгөөр нийт 5,441,800 төгрөгийн үнийн дүнгийн барааг 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.М нь “ДЭЭИЭ” ХХК-аас хүлээн авсан болно” /хх-/ гэсэн тодорхойлолтдоо “Э-О” компани гэж андуурагдан бичигдсэн гэдгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Голомт банкны гүйлгээний тодорхойлолт /хх-/ зэргээр тогтоогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 3,531,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд, 1,581,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.б.а ХХК-нд тус тус олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 137,495 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.б.а ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 40248 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 40248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.б.а ХХК-нд, 71,451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА