Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01923

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01923

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ХБ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 109,835,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

хариуцагч Б.Б,

хариуцагчийн өмгөөлөгч Э.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 109,835,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд:  ББСБ нь иргэн Б.Бс "зээлийн гэрээний үүрэгт 109,835,295 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр өв залгамжлагч иргэн М-г хамтран хариуцагчаар татсан. Хамтран хариуцагч А.М нь улсын бүртгэлийн лавлагаагаар ирүүлсэн хаяг дээр оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр Б.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  тоот захирамж гарж нэхэмжлэлийг буцаасан. Иймд нэхэмжлэгч  ББСБ нь хамтран хариуцагч А.Мс татгалзаж байгаа бегөөд зөвхөн Б.Бс гэрээний үүргээ шаардаж дахин нэхэмжпэл гаргаж байна.  ББСБ нь иргэн А.М, түүний хүү Б.Б нартай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 03 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлүүлсэн болно. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлэзс 6,760,841 төгрөг, зээлийн хүүнд 33,027,197 төгрөг төлсөн ба одоо 33,239,159 төгрөгийн үндсэн зээл, 76,596,136 төгрөгийн хуримтлагдсан хүү төлөгдөөгүй байна. Зээлдэгч А.М, Б.Б нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Манай байгууллагын зүгээс зээлдэгчийн удаа дараагийн аман хүсэлт, өргөдөлийг хүлээн авч зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, зээлээ төлөх боломжийг хангалттай олгож байсан. Зээлдэгч нь удаа дараа манай байгууллага дээр ирж гэрээний үүргээ биелүүлэхийг амалж, үндсэн зээл төлөх хугацааг сунгахыг хүсэж байсан тул зээлдэгчийн хүсэлтийн дагуу манай байгууллага нь "Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г байгуулж байсан. Гэвч энэ хугацаанд зээлдэгч А.М нь өвчний улмаас нас барсан тухай мэдээлэл манай байгууллагад ирсэн. Иймд  ББСБ нь иргэн А.М, Б.Б нартай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн Талуудын хариуцлага 7.2-д Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч зээлдэгчээс байгууллага шаардах эрхтэй байна., 7.5-д Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах буюу төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түүний эд хөрөнгийн хамтран өмчлөгч, өв залгамжпагч буюу эрх залгамжлагч нь зээлийг хариуцан эргүүлэн төлнө, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэх эдгээр заалтуудыг тус тус үндэслэн хамтран зээлдэгч Б.Бс гэрээний үүргийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.Бс  тоот зээлийн гэрээний үүрэгт 33,239,159 төгрөгийн үндсэн зээл, 76,596,136 төгрөгийн хуримтлагдсан хүү, нийт 109,835,295 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай  ББСБ ХХК нь иргэн А.М, түүний хүү Б.Б нартай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 03 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 6,760,841 төгрөг, зээлийн хүүнд 33,027,197 төгрөгийг төлсөн ба одоо 33,239,159 төгрөгийг үндсэн зээл 76,596,136 төгрөгийг хуримтлагдсан хүү төлөгдөөгүй байна. Зээлдэгч А.М, Б.Б нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, удаа дараа уулзаж, шаардлага , мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс зээлдэгчийн удаа дараагийн аман хүсэлт, өргөдлийг хүлээн авч зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, зээлээ төлөх боломжоор хангалттай олгосон. Манай талаас хариуцагч А.М-тай зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргиийг бүхэлд нь буюц хэсэгчлэсэн аль ч зээлдэгчээс байгууллага шаардах эрхтэй байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасан дээрх заалтуудыг тус тус үндэслэн хамтран зээлдэгч Б.Б-с гэрээний үүргийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрээнд 2015 онд гарын үсэг зурсан. А.М гэх хүний хүсэлтээр тухайн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ ямар учир холбогдолтой талаар би мэдээгүй. Тухайн үед А.М гэдэг хүн манай ээжтэй хамтран амьдардаг байсан. 2015 онд гарын үсэг зурснаас хойш холбоогүй байсан. Намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдэж, би шүүх дээр ирж нэхэмжлэл гаргасан талаар мэдсэн. Би энэ маргаанд ямар ч хамааралгүй, гэжээ.

 

Хариуцагч Б.Б өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээнд зааснаар нэг талаас ББСБ ХХК нь нөгөө талаас А.М гэдэг хүн гарын үсэг зурсан. Б.Б тухайн гэрээнд дээр гарын үсэг зурснаар зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй. Яагаад зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй вэ гэхээр хамтран зээлдэгчийн тодорхойлолтоор талуудын байгуулсан гэрээнд гарын үсэг нь хариуцагч нь үүрэг хүлээсэн заалт байхгүй байгаа. 2015 оны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчтэй нэгэн адил үзэж хуулиар эрх үүргийг бүрэн олгоогүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрээн дээр гарын үсэг зурсан тухайн гэрээ нь 3 сарын хугацаатай. Гэтэл зээлийн гэрээг 2015 оны өдрөөс гэрээг сунгасан баримт дээр нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэж өөрчилсөн. Энэ хугацаа сунгасан гэрээнд дээр манай үйлчлүүлэгч гарын үсэг зураагүй учраас үүрэг хүлээхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэж хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа дууссан байна. Мөн фидуцын гэрээгээр барьцаа хөрөнгө болох автомашиныг  ББСБ ХХК руу шилжүүлсэн гэрчилгээ байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас хариуцагч А.М-н машиныг шилжүүлээд авсан байдаг. Энэ үүргийн дагуу манай үйлчлүүлэгчээс шаардах эрхгүй, шаардах эрхээ алдсан байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 109,835,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бд холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 ББСБ ХХК нь Б.Б-тэй 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг, 2015.09.03-ны өдрөөс 2015.12.03-ны өдрийг хүртэлх хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / х.х 52-53 тал/

№ дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  дугаартай  2012 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр № дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, зээлийн гэрээний 3.1.8-д заасан зээлийн хугацааг 2015.09.03-ны өдрөөс 2015.12.03-ны өдрийг хүртэл гэснийг 2015.12.04-ний өдрөөс 2019.06.10-ны өдрийг хүртэл гэж өөрчлөлт оруулжээ. /х.х 15 тал /

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусаж нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан боловч уг гэрээг хамтран зээлдэгч Б.Бтэй байгуулаагүй,

 

2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Бд холбогдох  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тус тус баримтлан хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 109,835,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 707,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ