Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Х.Нарантуяа, Н.Өнөрчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч С.Мааяа, Б.Баяраа, Х.Урантуяа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мааяа, Б.Баяраа, Х.Урантуяа нарт холбогдох эрүүгийн 201714000330 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.Цагаан туг овгийн Самбуугийн Мааяа, Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний нэхэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн Туулын 5а-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: МК78050102/

 

2.Дайтан овгийн Хэнмэдэхийн Урантуяа, Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнжийн 10-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадавартай /РД:ФБ98050800/

 

3.Луугар овгийн Бавуугийн Баяраа, Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электрон инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж Туулын 1-а-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:ГК79061772/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нар нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун Дэнжийн 9-а-2 тоотод Х.Нарантуяа, С.Өнөрчимэг нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Х.Нарантуяагийн ... “тухайн өдөр гаднаас манай бэр Урантуяа нь ээж Мааяа болон Мааяагийн хамтран амьдрагч нэг залуугийн хамт орж ирсэн. Орж ирээд учир зүггүй уурлаж Мааяа над руу дайрч миний үснээс зулгааж газар унагаасан. Би өндийж босоод Урантуяа чи яаж байгаа юм юм бэ, чи юу юм бэ гэсэн чинь гэрт байдаг модон сандалаар толгой буюу хөмсөгний дээд тал руу нэг удаа цохисон. Мааяа миний гарыг энэ тэндээс олон удаа базаж хөхрүүлсэн. Хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Урантуяа намайг сандалаар цохисоныхоо дараа зовхины дээд хэсэгт маажсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

2. Хохирогч С.Өнөрчимэгийн “2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Урантуяа руу залгаад “би хар дарж зүүдлээд байна чи бөөгийн үйл хийж явахаа боль гэж хэлсэн. Тэгээд Урантуяа бид 2 утсаар хэрэлдэж маргалдсан юм. Би Дэнж багийн 9а-02 тоотод оршин суух ээж Нарантуяагийн гэрт очоод байтал гаднаас Урантуяа түүний ээж Мааяа өөр танихгүй нэг эрэгтэй хүн орж ирээд Мааяа нь чи юу гээд байгаа юм бэ миний хүүхдийг хар царайтай гэнэ үү гээд над руу дайрсан. Урантуяа миний үснээс зулгаахад би Урантуяагийн үснээс зөрүүлээд зулгаасан юм. Урантуяа нь манай ээжийн толгой тус газар руу цохиж гэмтээсэн. Энэ хооронд Мааяа нь намайг үсдээд толгой руу 2-3 удаа цохисон, нуруу бөгс хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний зүүн гарыг Баяраа барьж байгаад Мааяад хазуулсан, зүүн хацарт маажуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/,

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт “Н.Өнөрчимэгийн биед баруун шуу, бугуй, зүүн гарын сарвуу, зүүн гуя шилбэ, баруун өгзгөнд цус хуралт, баруун хацар, эрүү хамрын зүүн угалзны доор, баруун шуу бугуй, зүүн сарвуу зүүн гуя шилбэнд зугаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. / хх-ийн 22-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 520 дугаартай дүгнэлт “Х.Нарантуяагийн биед тархи доргилт, нүүр, 2 гарт зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, 3 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмлтийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт/ хх-ийн 28-р хуудас/

 

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт “С.Мааяагийн биед цээжинд 4 тооны шалбархай үүсчээ. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй”.. гэсэн дүгнэлт/ хх-ийн 33-р хуудас/

 

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт “Х.Урантуяагийн биед зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн чихний урд 5 тооны шалбархай, зүүн өгзөг, хуйханд зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 5 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/ болон шүүгдэгч С.Мааяа, Х.Урантуяа, Б.Баяраа нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяраа мэдүүлэхдээ “Би эдгээр хүмүүсийг зодсон зйүл байхгүй. Бие биеэ хэлэх хэлэгүй үгээр доромжлоод, зодолдоод байхаар нь салгасан. Өнөрчимэгийн гарыг барьсан нь үнэн. Гэхдээ салгах гэж барьсан. Намайг буруутгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

            Шүүгдэгч С.Мааяа мэдүүлэхдээ “миний охиныг эдгээр хүмүүс байнга доромжилж, хэрүүл маргаан үүсгэж байдаг. Тэр өдөр Нарантуяа намайг түлхүүрээр урсан. Би ч гэсэн адилхан гэмтсэн. Харин сүүлд үзүүлсэн болохоор эдгээд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.    

 

            Шүүгдэгч Х.Урантуяа мэдүүлэхдээ “Өнөрчимэг, Нарантуяа нар намайг ч гэсэн зодсон. Гомдолтой байна” гэв.

 

            Хохирогч Х.Нарантуяа нь мэдүүлэхдээ “Мааяа, Урантуяа нар намайг зодож гэмтээсэн. Гомдолтой байна” гэв.

 

            Хохирогч Н.Өнөрчимэг мэдүүлэхдээ “Баяраа миний гарыг барьж байгаад Мааяа намайг зодсон госдолтой байгаа. Би цамцны үнэ, эм, тариа авсан үнэ, өмгөөллийн хөлс, 2 сар гэрээс гарч чадаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2 сарын мөнгө нэхэмжлэнэ” гэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа  санал дүгнэлтдээ “ Шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож, гэмшихгүй байна. Хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь нотлогдож байгаа. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохиролыг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нар нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун Дэнжийн 9-а-2 тоотод Х.Нарантуяа, С.Өнөрчимэг нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлтээр нотлоглож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нар нь харилцан зодолдсон, бид ч бас гэмтсэн гэж байгаа боловч шүүх шинжилгээгээр тэдэнд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар дүгнэлт гарсан байна. Иймд хохирогч Х.Нарантуяа, Н.Өнөрчимэг нар шүүгдэгч С.Мааяа, Х.Урантуяа нарыг хэл амаар доромжилсон, зодож гэмтээсэн гэх асуудлыг гэмт хэргийн шалтгаан нөхцөлд тооцож үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зйүл хэсэг тохирсон, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

            Хохирогч С.Өнөрчимэг нь гэм хорын хохиролд зодоон болох үед урагдсан гэх цамцны үнэ, эм, тариа авсан үнэ, гэрэл зураг авахуулсан төлбөр, 2 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө, өмгөөллийн хөлс зэргийг нэхэмжилсэн боловч эм, тариа авсан зардал, цамцны үнэ, гэрэл зэрэг авахуулсан төлбөр нийт 77 350 төгрөгийг нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогож байх тул уг мөнгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэж, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Өнөрчимэгийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд болон гоо сайхан нөлөөхгүй гэсэн байх тул 2 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээтэй тэнцэх хэмжээний мөнгө, өмгөөллийн хөлс зэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч С.Өнөрчимэг нь нүүрэнд учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэх шаардлагтай гэж байх тул эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх эрээн өнгийн ширхэг фудволк 1 ширхэг, улаан эрээн өнгийн фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Луугар овгийн Бавуугийн Баяраа, Цагаан туг овгийн Самбуугийн Мааяа, Дайтан овгийн Хэнмэдэхийн Нарантуяахүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нараас 77 350 төгрөг гаргуулж хохирогч С.Өнөрчимэг, Х.Нарантуяа нарт олгосугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Өнөрчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх эрээн өнгийн фудволк 1 ширхэг, улаан эрээн өнгийн фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баяраа, С.Мааяа, Х.Урантуяа нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС