| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2019/00046/и |
| Дугаар | 1609 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1609
“РН” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох
Хохиролд 350 000 ам доллар буюу 922 246 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Нэхэмжлэгч “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б нь 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Монгол улсад үүсгэн байгуулагдсан “РНМ” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөртөө тушаал гарган 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 350.000 ам долларыг хувьдаа орон сууц авах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр авахаар шийдвэр гаргаж, уг мөнгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө олгох хүсэлт гаргаж хүлээн авсан байдаг. “РМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ОХУ-ын “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Д.Б-ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Д.Б нь ажлаас халагдах болохоо мэдмэгцээ өөртөө тус мөнгийг бэлнээр олгохыг хүссэн өргөдлийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж, өөрөө гарын үсэг зурж, мөнгө олгох зөвшөөрөл өгч мөн өдрөө 350.000 ам долларыг бэлнээр хүлээн авсан байдаг. Дээрх үйлдлийн талаар “РМ” ХХК болон “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн дотоод аудитын шалтгалтаар олж мэдсэн. Аудитын шалгалтын үеэр тухайн зөрчил илэрсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нар мэдсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасанчлан Д.Б нь “РМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх бүхий албан тушаалтнаар тооцогдон ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасанчлан эрх бүхий албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ гэсний дагуу үүргийг нь дурдсан байгаа. Үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх, сонирхлын зөрчил үүсэх тухай бүрт нь мэдэгдэх үүргийг хүлээсэн. “РМ” ХХК-ийн дүрмийн 8.5-д гүйцэтгэх захирал нь хувийн зорилгоор компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгууллахыг хатуу хориглосон зохицуулалт байгаа. Гэтэл Д.Б нь холбогдох хууль, компанийн дүрэм журмыг зөрчин өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн байна. Тэтгэмж олгох эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олонхийн саналаар шийдвэрлэх ёстой байхад Д.Б нь ямар нэгэн байдлаар зөвлөлдөөгүй өөртөө их хэмжээний тэтгэмж авсан. Д.Б гаргасан шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин орлоготой тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан үндэслэлээр өөртөө шийдвэр гаргаж тухайн мөнгийг авсан байдаг. Хэдийгээр Д.Б нь хөдөлмөрийн харилцаанд оролцдог боловч өөрийнхөө хувьд компанийн ажилтанд тооцогдох тул Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9 болон 83.1-д заасанчлан “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэсэн байгаа. ТУЗ байхгүй учир Д.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгох асуудлыг ОХУ-ын “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэг шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан. Гэтэл өөрт олгогдоогүй буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдэх эрхийг хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хууль болон компанийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд “РМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ОХУ-ын “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь гэм хорын хохирлыг арилгуулахаар Д.Б-с 350.000 ам доллар буюу 922.246.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр тушаал гаргасан энэ талаар Компанийн тухай хуулийн 62.4-д энэ талаар заасан гэж маргаж байна. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д “хэрэв төлөөлөн удирдах зөвлөлгүй байх юм бол гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулалыг тогтоох” гэсэн байгаа. Үүнд юу гэж заасан бэ гэхээр тушаалд урамшуулал гэж байхгүй, харин тэтгэмж гэж л байгаа. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд тэтгэмж олгохтой холбоотой асуудлыг зааж өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан уу, зайлшгүй гарах шаардлагатай байсан уу гэдэг асуудал дээр тайлбар хийхэд Монгол улсад ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах холбогдох байгууллагуудын удирдлагаар ажиллаж байсан. 2001-2006, 2006-2008 оны хооронд холбогдох байгууллагуудын гүйцэтгэх захирлаар 2008-2014 оны хооронд “РМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөх тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Хувьцаа эзэмшигчтэй 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Уг гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тушаал гаргаж Д.Б-ыг гүйцэтгэх удирдлагаас нь чөлөөлөх, тухайн хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шагнал урамшуулал, тэтгэмж авах эрхтэй, уг гэрээгээр Монгол улсын хууль, Компанийн тухай хуульд заасан бусад эрхтэй гэж тусгайлан зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан бөгөөд тэтгэмж авч байгаа асуудал нь энэ хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа. Компанид учруулсан хохирол гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээд тайлбарлахад “РМ” ХХК-ийн дүрмийн 8.1-д компанийн өдөр тутмын үйл ажиллагааг компанийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхдээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шагнал урамшуулал, тэтгэмж олгох эрхтэй гэж заасан байдаг. Дүрэмд зааснаар ажилчидтай өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулна, шагнал урамшуулалыг олгоно гэсэн байдаг. Үүнтэй холбоотой маш олон ажилчдын шагнал урамшуулалыг зөвхөн хариуцагч олгож байсан. Холбогдох бүх баримтуудыг өгсөн, нэхэмжлэгч тал ч энэ талаар маргадаггүй. Бусад ажилчдад олгож байгаа шагнал, урамшуулал, тэтгэмж нь компанийн гүйцэтгэх захиралд ч ажилчдын нэгэн олгогдоно гэж хөдөлмөрийн гэрээнд заасан тул заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тэтгэмж олгох асуудал яригдахгүй. Иймд нэгдүгээрт тэтгэмжтэй холбоотой асуудал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хамаарахгүй юм байна. Хоёрдугаарт хариуцагчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасан зүйл байна. Нэхэмжлэгч тал Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг үндэслэлээ болгоод тайлбарлаад байна. Хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан байсан. Эрх бүхий албан тушаалтны хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх ёсгүй байсан гэсэн ерөнхий агуулгыг яриад байна. Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагчид тэтгэвэр, тэтгэмж, ажлаас халагдахтай холбоотой бүхий л асуудлаар эрхийг нь бүрэн олгосон, ийм эрх нь олгогдсон учир тушаалыг гаргасан байгаа. Ер нь ажлаас халагдсан үед 1 сар түүнээс дээш хугацаагаар тэтгэмж олгоно гэсэн байгаа. Өмнөх гүйцэтгэх удирдлагууд нь ажлаасаа халагдахдаа өөрөө тушаал гаргаад тэтгэмж авдаг байсан. Өөрөөр хэлбэл 200-300 мянган ам долларын тэтгэмж авдаг байсан нь жишиг болсон харагдаж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ажлаасаа халагдахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг зохицуулсан байдаг. Д.Б-г ажлаас халагдсан тушаалыг харахаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тушаал гарсан харагддаггүй зөвхөн гүйцэтгэх удирдлагын тушаалаар ажлаас халагдсан харагддаг. Ямар үндэслэлээр ажлаас халагдсан нь тодорхойгүй. Мөн ажлаас халагдахад нь тэтгэмжтэй холбоотой асуудал дурдагдаагүй, зөвхөн ажлаас халагдсан, дараагийн гүйцэтгэх удирдлагыг сонгосон ийм л асуудал байгаа. Өмнөх орос захирлууд нь ийм л жишгээр тэтгэмж авч байсан үүнийгээ “АШ” гэж нэрлэдэг байсан. Хариуцагч өөрт олгогдсон эрхийн дагуу уг тушаалыг гарган тэтгэмж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б овогт Д.Б-с 922.246.500 төгрөг гаргуулж “РМ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.769.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 4.769.200 төгрөг гаргуулж “РМ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч А.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "ЮТ" ХХК нь уйл ажиллагаагаа зогсоож өөрийнхөө эрх үүрэг хариуцлагыг "РМ" ХХК-нд шилжүулсэн байдаг. Ийнхүү "ЮТ" ХХК-ийн үйл ажиллагааг "РМ" ХХК үргэлжлүүлж байгаа тохиолдолд "РМ" ХХК-тай тусгайлсан хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Нөгөөтэйгүүр "РМ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч ОХУ-н “РН” хувьцаат нийгэмлэг ч гэсэн "ЮТ" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч ажлын байраар хангаж байсан болно. Энэ нь хариуцагчийг халсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар "РМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. овогтой Б.-тэй хөдөлмөрийн гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс цуцалж, нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар "ЮТ" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг "РМ" ХХК-д үргэлжилсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт хэргийн оролцогч нар хөдөлмөрийн гэрээтэй гэж үзээд маргахгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч нь "РМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ нь улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага бол байнгын ажлын байранд хамаарагдаж байна. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулах боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх энэхүү гомдлын нэгдүгээр хэсэгт заасан хариуцагчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг үгүйсгэж дүгнэлт хийсэн мөртлөө шийдвэрийн 13 дах талд хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг няцаасан байдлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэг болохоор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэлт хийх мөртлөө хариуцагчийн маргасан хөдөлмөрийн гэрээний заалтыг няцааж дүгнэлт хийгээд байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Компанийн тухай хуулийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх гэсэн 62 дугаар зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагын цалин урамшуулалыг тогтоох талаар заагаагүй. Харин тухайн компанийг гүйцэтгэх удирдлага багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд 62.2.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагын багийн гишүүний цалин урамшуулалыг тогтоохоор зохицуулсан. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу "Роснефть Монголия" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэгтэй талууд маргадаггүй. Харин тухайн 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний бататгаа болон нөхөн олговор гэсэн 5 дугаар зүйлийн 5.1-д тохиролцсны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар бусад ажилтнуудын адил тэтгэмж авсан. Тиймээс ажил олгогч гэж үзэж байгаа нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд хариуцагчийг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дах хэсэгт заасан нэхэжмлэлийг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор гаргах эрхтэй. Гэтэл тушаал гарснаас хойш 4 жил өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэгдүгээрт Хөдөлмөрийн хуулиар заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу мөн Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй байтал анхан шатны шүүхээс эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлгүй. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн тохиолдолд Иргэний хуульд заасан гэрээнээс үүдэлтэй гэм хор, хохирлын эрх зүйн зохицуулалт хэрэглэгдэх ёстой атал хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан тул тус шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Мөн хэргийн материалд авагдсан компанийн дүрэмд “РМ” ХХК /Монгол хэлээр/, “РМ” ХХК /Орос хэлээр/ гэж тус тус тэмдэглэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд “РМ” ХХК-д бус “РМ ХХК-д төлбөрийг олгохоор шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд “РМ” ХХК-д бус “РМ” ХХК-д төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох үр дагаврыг үүсгэх ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй юм. “РМ” ХХК-д хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад зөвхөн тэтгэмж авсан гэх үйлдлээр нь хариуцагчийг хохирол учруулсан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “РН” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь хариуцагч Д.Б-д холбогдуулан Хохиролд 350 000 ам доллар буюу 922 246 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.Б нь 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ОХУ-ын “РН” НХН-ийн үүсгэн байгуулж 100 хувь хувьцааг эзэмшдэг “РМ ХХК /”ЮТ” ХХК/-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Д.Б нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2014/14 тоот тушаал гаргаж “гавъяаны амралтанд гарч буйг тохиолдуулан орон сууц худалдан авахад нь зориулж тэтгэмж болгон 350.000 ам доллар”-ыг Д.Б өөртөө олгохоор шийдвэрлэж, уг мөнгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “РМ” ХХК-иас гаргуулан авсан талаар хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
“РМ” ХХК-иас хариуцагч Д.Б нь 350.000 ам доллар авснаа хүлээн зөвшөөрсөн.
“РМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Д.Б нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж өөртөө 350.000 ам доллар олгосон нь хууль зөрчсөн, компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлын хувиар хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж өөртөө тэтгэмж олгохоор сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хариуцагч нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.4-т заасан хуулийн хүрээнд ажиллах, сонирхлын зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хариуцагч Д.Б нь “...хариуцагч өөрт олгогдсон эрхийн дагуу уг тушаалыг гарган тэтгэмж болгон 350.000 ам доллар авсан, “РМ” ХХК-д 922.246.500 төгрөгийн хохирол учраагүй...” гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, гүйцэтгэх захирлын хувьд тушаал гаргахдаа хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй болох нь нотлогдсон байна.
Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “ Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу хэрэглэх хуулийг Монгол Улсын Иргэний хуулиар тодорхойлсон нь зөв байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 350.000 ам доллар буюу 922.246.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.” гэж заасан бөгөөд Д.Б-ын “Ю” НХН-тэй байгуулсан гэрээнд хөлсөөр ажиллах гэрээний агуулга тусгагдсан байх тул “...хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу "РМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан...” гэх хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Б.А-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 769 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Н.БАТЗОРИГ