| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00503/и |
| Дугаар | 135/ШШ2014/01185 |
| Огноо | 2014-12-16 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2014/01185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00503/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, Э.х компаний захирал ажилтай, А овогт З-гийн Б /РД:..., Утас: .../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, Э овогт А-гийн Б, /РД:..., утас: .../
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, .. гудамжны 13 тоотод оршин суух, Х овогт Д-гийн Бя, /РД:..., утас:.../ нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... аймгийн ... сумын ... баг, Найрамдлын талбай зүүн талд өөрийн байранд оршин байх Х.х.б ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... дугаарын үнэмлэхтэй, данс хариуцсан ажилтан Б овогт Э-гийн У /РД:.../-г оролцуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч А.Б, Д.Бя, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Урангоо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.х компаний 33,3%-ийн хувьцааг А.Б-т, 33,3%-ийн хувьцааг Д.Бя-од бэлэглэсэн. Нийтдээ 333.000 төгрөгийн хувьцааг тус тус бэлэглэсэн. 2008 онд компанийг бүртгүүлэхэд 1 сая төгрөгийн дүрмийн сантай, компьютер түүний дагалдах хэрэгслийн хөрөнгөтэй байсан. Ингээд 3 хувьцаа эзэмшигчтэй компани болсон. Бид 2013 оны 9 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар тохиролцон 30 сая, 30 сая төгрөг гаргаж М-д байрлах гаражийг 100 сая төгрөгөөр худалдан авсан юм. Гараж зээлийн барьцаанд байсныг урьдчилгаа 60 сая төгрөг өгч, тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж авсан. Гараж нь балгас болсон байсныг 9 дүгээр сараас засвар хийж, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс автобусны үйл ажиллагаа эхэлсэн. Х.х.кнаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авах хүртэл үйл ажиллагааг хувь хүний зээлээр явуулж байсан. Компанид хүчин зүтгэж ажиллаж байхад А.Б гуай намайг 800 сая төгрөг хувьдаа идэж завшсан гэж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн газар өргөдөл гаргасан байсныг цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгазсан. Удирдлагыг солих, тухайн үед надад үзүүлж байсан бүх гишүүдийн хурлын тогтоол нь шүүхэд гаргаж өгсөн тогтоол биш байна. Намайг мөнгө идээгүй байхад идлээ гэж хэлсэн. Бүх ажилчдын хурал дээр намайг энэ компанийг 1 тэрбум 400 сая төгрөгийн өрөнд оруулсан гэж ойлгуулсан байсан. Энэ хоёр хүн цаашид надтай хамтран ажиллаж чадахгүй, би ч энэ хүмүүстэй хамтран ажиллахад хэцүү байна. А.Б, Д.Бя нар нь намайг гомдоосон учраас бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна ... гэв.
Нэхэмжлэгч З.Бын өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.х компаний 33,3%-ийн хувьцааг, нийтдээ 333.000 төгрөгийн хувьцааг нэхэмжлэгчээс хариуцагч тус бүрт нь бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон бол бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцохоор Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т заасан. 800 сая төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй гэж З.Быг эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан. Мөн компаний ажилчдын хурал дээр З.Быг компанийг өрөнд оруулсан гэж ярьсан. Ингэж З.Быг гомдоосон ноцтой үйлдлүүд хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 280.2-т зааснаар, бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид эсвэл түүний өвлөгчид буцаан олгоно гэсэн зохицуулалт бий. Үүний дагуу бэлэглэлийн гэрээгээр авсан бүх зүйлээ буцааж өгье гэдгийг З.Б зөвшөөрч байгаа. Хариуцагч тал бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. 500 сая төгрөгийн тухайд талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Улсаас 959,7 сая төгрөгийн нөхөн олговор орж ирэх тул банкны 500,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд дуусгах боломжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээг буцаахыг зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг эвлэрлээр шийдэхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хүний нэхэмжлэл бүхэлдээ худлаа гүтгэлэг байгаа. Юу ч өгөөгүй бэлэглэлийн гэрээ байгуулсан нь үнэн, үүнээс доош бичсэн бүх зүйл худлаа. Банкны зээлийг бол Д.Бя бид 2 л төлнө. Яагаад гэвэл бид 2 Х.х.кны барьцаанд бүх хөрөнгөө тавьсан. Компанийг байгуулахад оффиссын ширээ, компьютер л байсан. Эдгээр нь хаана байгаа юм мэдэхгүй. Ерөөсөө орлого, зарлагаа гаргаж өгөхгүй нуугаад байгаа учраас идсэн гэж үзэж байна. Миний барьцаанд тавьсан байр, оруулсан 60 сая төгрөгийг өгвөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахад татгалзахгүй гэв.
Хариуцагч Д.Бя шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б гуайтай адилхан саналтай байна. Бүтэн жил энэ компаний төлөө ажилласан, зүгээр гаргахгүй байлгүй дээ гэв.
Хариуцагч А.Б, Д.Бя нар шүүхэд хамтран гаргасан хариу тайлбартаа: З.Б, А.Б, Д.Бя бид нар ... аймгийн ... сумын нутагт том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах компани байгуулахаар ярилцаж тохиролцсон. Энэ асуудлаа ... аймгийн Засаг даргад танилцуулаад нааштай хариу өгсөн тул компани байгуулах ажилдаа орсон. Энэ үед З.Б нь надад үйл ажиллагаа явуулж байгаагүй 1 сая төгрөгийн дүрмийн сантай гэж бүртгэгдсэн, одоо дансандаа 0 төгрөгийн үлдэгдэлтэй үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө байхгүй Э.х гэж байгаа энэ компанийхаа хөрөнгийн 33,3%, 33,3%-г та 2-т бэлэглэсэн болоод гэрээ байгуулья гэсэн. Компаний дүрэмд засвар хийгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бүртгүүлсний дараа граж барих газар хөөцөлдөж ... сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах гражийг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоонд хүрч гурвуулаа тус бүрдээ 30 сая төгрөг нийт 90 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлэхээр тохирч эхний ээлжинд А.Б, Д.Бя нарын оруулсан 60 сая төгрөгийг 2013 оны 9-р сарын 20-ны өдөр ЖЮЭ компаний захирал У, Г нарт хүлээлгэн өгсөн. У, Г нартай тохиролцсоны дагуу үл хөдлөх болон газрын гэрчилгээг аваагүй боловч гражийн засварын ажлыг эхлүүлж 43,223,400 зарцуулж 2013 оны 12-р сарын дундуур дууссан.
Мөн 336 сая төгрөг зарцуулж 12 автобус худалдаж авсан. Тус компаний үл хөдлөх болон хөдлөх нийт хөрөнгө: Граж 100,000,000 төгрөг, гражийн засварт 43,223,400 төгрөг, нийт 142,223,000 төгрөг, автобус 336,000,000 төгрөг нийт 479,223,400 төгрөг Нийт дээхи хөрөнгийг төлөхийн тулд А.Б 60,000,000 төгрөг, Д.Бя 30,000,000 төгрөг З.Б 1,000,000 төгрөг, Х.х.к-наас 500,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Д.Бя 210,000,000 төгрөгийн үнэлгээтэй байр, газар, граж, А.Б 49,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө байр, үлдсэн барьцаанд автобусны граж газрын хамт, 10 автобус тавьсан.... Э.х компаний нэрийг ашиглан компанийг байгуулсан. Энэ байгууллага нь тухайн үедээ 1 хүний нэр дээр байсан үйл ажиллагаа явуулдаггүй, нэг сая төгрөгийн хөрөнгөтэй гэх боловч тус хөрөнгө нь байхгүй байгууллага байсан. Хэрвээ компаний хувьцаа бэлэглэсэн гэрээгээ хүчингүй болгох гэж байгаа бол зөвшөөрч байна. Бид 2-ын оруулсан хөрөнгө 90,000,000 төгрөг, Х.х.кнаас авсан зээл хүүгийн хамт одоогийн байдлаар 600,000,000 төгрөг, татвар нийгмийн даатгал, ажилчдын цалин, шатахууны зардал зэрэг 75,000,000 төгрөгийг З.Баас гаргуулж авна ... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.х.к ... салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан тайлбартаа: Э.х компани манай банкнаас зээл авсан. Банкны зээлийн гэрээнд З.Б, А.Б, Д.Бя гэдэг 3 хүн гурвуулаа гарын зурсан. Одоо хоёр хүн нь компаниасаа гарч байна. 564.700.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг цаашид хэн нь хариуцаж, яаж төлж барагдуулах вэ? чанаргүй зээлд тооцогдсон учир манай компаний зүгээс Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гарсан байгаа. Нэхэмжлэгч нь Х.х.кны ... салбар, хариуцагч нь Э.х ХХК байсан. Эвлэрлийн гэрээнд хувь нийлүүлэгч 3 хүн гурвуулаа гарын үсэг зурсан. Э.х компаний нэр дээрх 470, 480 метр квадрат талбай бүхий 3 төрлийн нийтдээ 17 ширхэг автомашины гараж, газрын хамт, А.Бын 2 өрөө орон сууц, Д.Бя-ын нэр дээрх хувийн орон сууц, газрын хамт, мөн дэлгүүр гаражтай. Нийтдээ манай банкинд 210 орчим сая төгрөгийн барьцаа байгаа. Хоорондын дотоодын маргаан нь манай банкны эрх ашигт хүндээр нөлөөлөхгүй байгаасай гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь 2013 оны 6-р сарын 03-ны өдөр Э.х ХХК-ний үүсгэн байгуулагч З-гийн Б, Д-ийн Бя нарын хооронд байгуулагдсан Э.х ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн 2013 оны 6-р сарын 03-ны өдөр Э.х ХХК-ний үүсгэн байгуулагч З-гийн Б, А-гийн Б нарын хооронд байгуулагдсан Э.х ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгохоор шаарджээ.
Хариуцагч А.Б, Д.Бя нар нь Э.х компанид оруулсан хөрөнгийг эргүүлж олгон, банкнаас авсан зээлийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэжээ.
З.Б, А.Б, Д.Бя нар нь ... аймгийн ... сумын нутагт том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах компани байгуулахаар ярилцаж тохиролцон З.Бын үүсгэн байгуулсан Э.х ХХК-ий хувьцааг хувь тэнцүүлэн бэлэглэх замаар 3 гишүүнтэй компани болгон тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохиролцон 2013 оны 6-р сарын 03-ны өдөр Э.х ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээгээр 33,3%-ийн хувьцааг тус тус А.Б, Д.Бя нарт бэлэглэсэн байна. Э.х ХХК үйл ажиллагаа явуулах явцад БНСУ-аас автобус импортлон оруулж ирэх, гражын зориулалттай барилга худалдаж авах, засварлах зэрэгт хувиасаа болон Х.х.кнаас зээл авч хөрөнгө оруулалт хийн 600 орчим сая төгрөг зарцуулсан, зохигчид энэ талаар маргаагүй байна.
Зохигчид нь Э.х компаний нэр дээр болон үүсгэн байгуулагч нарын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг барьцаалан Х.х.кнаас зээл авсан болох нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... эвлэрлээр шийдэхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хүний нэхэмжлэл бүхэлдээ худлаа гүтгэлэг байгаа. Юу ч өгөөгүй бэлэглэлийн гэрээ байгуулсан нь үнэн, үүнээс доош бичсэн бүх зүйл худлаа. Банкны зээлийг бол Д.Бя бид 2 л төлнө. Яагаад гэвэл бид 2 Х.х.кны барьцаанд бүх хөрөнгөө тавьсан. Компанийг байгуулахад оффиссын ширээ, компьютер л байсан. Эдгээр нь хаана байгаа юм мэдэхгүй. Ерөөсөө орлого, зарлагаа гаргаж өгөхгүй нуугаад байгаа учраас идсэн гэж үзэж байна. Миний барьцаанд тавьсан байр, оруулсан 60 сая төгрөгийг өгвөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахад татгалзахгүй ... гэж оруулсан хөрөнгөө буцаан гаргуулсан тохиолдолд компаний 33,3 хувийн хувьцааг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.
З.Б нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ ... манай ажилчид болон найз нөхдийн хүрээнд Б их хэмжээний мөнгө завшиж идсэн гэж ярьсан, ... 800 сая төгрөг хувьдаа идэж завшсан гэж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн газар өргөдөл гаргасан ... зэргээр ноцтой гомдоосон гэж тайлбарласан боловч хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... Э.х компаний нэрийг ашиглан компанийг байгуулсан. Энэ байгууллага нь тухайн үедээ 1 хүний нэр дээр байсан үйл ажиллагаа явуулдаггүй, нэг сая төгрөгийн хөрөнгөтэй гэх боловч тус хөрөнгө нь байхгүй байгууллага байсан, тус компаний үл хөдлөх болон хөдлөх нийт хөрөнгө: Гараж 100,000,000 төгрөг, гаражийн засварт 43,223,400 төгрөг, нийт 142,223,000 төгрөг, автобус 336,000,000 төгрөг нийт 479,223,400 төгрөг нийт дээхи хөрөнгийг төлөхийн тулд А.Б 60,000,000 төгрөг, Д.Бя 30,000,000 төгрөг З.Б 1,000,000 төгрөг, Х.х.кнаас 500,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Д.Бя 210,000,000 төгрөгийн үнэлгээтэй байр, газар, гараж, А.Б 49,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө байр, үлдсэн барьцаанд автобусны гараж газрын хамт, 10 автобус тавьсан... гэх тайлбарыг үгүйсгээгүй зэргээс үзвэл Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1-д заасан ...Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэх шаардлагатай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Бэлэглэлийн гэрээ нь 2 талын гэрээ биш ба зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээж бэлэг хүлээн авагч ямар нэгэн хариу төлбөр, үүрэг хүлээхгүй байхаар заасан байхад дээрхи гэрээний үндсэн дээр зохигчид компаний хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж, тэнцүү хэмжээгээр компанид хөрөнгө оруулахаар тохиролцсон нь тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 280-р зүйлд зааснаар бэлэглэгч, түүний өвлөгч бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй ба бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэдэгт тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийхийг ойлгох ба хамт олны хурал дээр их хэмжээний мөнгө завшиж идсэн гэж ярьсан, ... 800 сая төгрөг хувьдаа идэж завшсан гэж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн газар өргөдөл гаргасан ... зэрэг байдал нь бэлэглэлийн гэрээтэй холбогдох бус, компаний хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал зэрэгтэй холбогдуулан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тавьсан шаардлага гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хуулийн үндэслэлд хамаарахгүй, бэлэглэлийн гэрээний талуудын хоооронд гэрээг цуцлах ноцтой үйлдэл бий болоогүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280-р зүйлийн 280.1.2-д заасныг баримтлан З.Бын А.Б, Д.Бя нарт холбогдуулан гаргасан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД