| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2014/00353/и |
| Дугаар | 135/ШШ2014/01205 |
| Огноо | 2014-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2014/01205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00353/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... тоотод оршин суух, Х овогт Х-ийн Ц / РД: ..., утас ..../ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... оршин суух Ж овогт Б-ийн Ц / РД: ..., утас: .../-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие Х.Ц нь Б.Цд 2011 оны 6 сард 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.Ц надад 2012 оны 11-р сарын 15-нд 200,000 төгрөг, 2012 ны 11-р сарын 27-нд 350,000 төгрөг, 2012 оны 12-р сарын 15-нд 200,000 төгрөг, 2012 оны 12-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2013 оны 01-р сарын 10-нд 100,000 төгрөг, 2013 оны 01-р сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2013 оны 03-р сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2013 оны 04-р сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2013 оны 04-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2014 оны 05-р сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2013 оны 05-р сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2013 оны 07-р сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2013 оны 08-р сарын 16-ны өдөр 1,200,000 төгрөг, 2013 оны 08-р сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2013 оны 10-р сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг буюу нийт 5,100,000 төгрөгийг эргүүлэн өгсөн байна. Одоо үлдэгдэл 10,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй байна. Т.Ц-ийг 2014 оны 7-р сард ... аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн боловч иргэний журмаар шүүхэд өг гээд татгалзсан. Цагдаагийн газарт өгөх үед Т.Ц надад 10,000,000 төгрөгдөө ... маркийн машин өгнө гэж худлаа хэлээд одоог хүртэл утсаа салгаад алга болсон. Т.Ц-ийн надад зээлсэн мөнгөө эргүүлж өгье гэсэн сэтгэлгүй байгаад нь их гомдолтой байна. Миний хувьд Т.Цд мөнгөө зээлснээс болж банк болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж өнөөдрийг хүртэл эргүүлэн төлж байна. Иймд Т.Ц нь надад сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж байгаа тул үлдэгдэл 10,000,000 төгрөгийг яаралтай гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Ц би 2011 оны 07 сард ... аймагт вольформ буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа Х.Ц гэх өөрийн танил эгчээс гар аргаар хийсэн бутлуурын тээрмийг ашиглахаар авсан боловч хамтран ажиллаж байан хүмүүстэйгээ үл ойлголцсоны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон бөгөөд би өөрийн зүгээс бэлэн 137 сая төгрөг мөн 69 сая төгрөгний өртөг бүхий техник хэрэгсэлийг өдийг хүртэл авч чадаагүй байгаа. Хамт үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийг 2012 оны 8 сард Эрүүгийн Цагдаагийн газарт өргөдөл гарган шалгуулж байгаа боловч өдийг хүртэл шийдэгдээгүй болно. Уг шалтгааны улмаас Х.Ц эгчийн бутлуурын тээрмийг авчирч өгч чадахгүй байгаа бөгөөд өөрийн зүгээс Х.Ц эгчтэй тохиролцон 2012 оноос хойш удаа дараа өөрийн боломжоороо 5 сая төгрөгийг бэлнээр Х.Ц эгчид өгсөн болно. Мөн өөрийн эгч Б.Уээс ... маркийн суудлын автомашиныг Х.Ц эгчид авч өгөхөөр тохиролцсон авто засварт оруулсан боловч уг машин засагдах боломжгүй болсон болно. Иймд тус шалтгааныг минь хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:
Хариуцагч Б.Ц нь 2011 оны 7 сард ... аймаг вольформ буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа Х.Ц эгчээс гар аргаар хийсэн бутлуурын тээрмийг ... аймгийн үйл ажиллагаандаа хувь тохирон ашиглахаар авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага буюу 15,000,000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэж тайбарлаж байна гэж үзэж байна. Хариуцагч Б.Ц бутлуурын тээрмийг Х.Ц эгчид ... аймгаас авчирч өгч чадаагүй гэж байгаа ч миний хувьд тэр бутлуурын тээрмийг нь авахгүй. Учир нь би анхнаасаа Б.Ц-д бутлуурын тээрэм өгөөгүй. 2011 оны 6 сард миний эзэмшилийн ... маркийн суудлын автомашиныг 8,500,000 төгрөгөөр үнэлээд дээр 4,000,000 төгрөгийг нэмж өгөөд Улаанбаатар хотоос Д.С гэж хүнээс ...маркийн ... улсын дугаартай 1 голтой, шар өнгийн ачааны чиргүүлийг 12,000,000 төгрөгөөр Б.Ц худалдаж авсан. Б.Ц бид хоёрын хооронд бутлуурын тээрэм өгч авалцсан талаар ярилцсан зүйл болон хийсэн гэрээ хэлцэл байхгүй, Б.Ц надаас анх 2011 онд эхлээд 4,500,000 төгрөг, дахин 4,000,000 төгрөг, машин 8,500,000 төгрөгөөр үнэлж нийт 17,000,000 төгрөгийг би өгсөн боловч Б.Ц-ийн надад өгсөн баримтаар 15,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэлээ өгсөн. Миний хувьд 2011 оноос хойш өдийг хүртэл байсан мөнгөө зээлж, амьдрал ахуй, бие сэтгэл болоод эд материалаараа хохирч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц хариуцагч Б.Цд холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн 10 удаагийн үйлдэлээр М.Цын ... банк ... тоот дансанд Б.Цэс 4,030,000 төгрөг шилжүүлсэн болох нь ... банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна. /хх 35-36/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан болох нь талууд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хоорондын тооцоог ...Б овогтой Ц би Х.Цаас 2011 оны 7-р сараас эхлэн нийт 15,000,000 төгрөг /арван таван сая/ төгрөг цувуулан төлөх болно гэж, мөн Б.Ц би өөрийн эзэмшилд байгаа ... суудлын автомашиныг Цд уг автомашины завсар үйлчилгээг хийж 7-н сарын 20-ны дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцов гэсэн ба хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Х.Цд 10,000,000 төгрөгийн өглөгтэй болох нь түүний шүүхэд өгсөн тайлбар болон нэхэмжлэгч Х.Цын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул Б.Цэс 10,000,000 төгрөг гаргуулж Х.Цд олгох үндэслэлтэй байна. /хх 1-2, 5, 25, 31, 33/
Хариуцагч Б.Цд түүний өөрийн эзэмшилийн ... дугаарын утсаар 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн 14 цаг 50 минутад мэдэгдэхэд ...шүүх хуралдааны товыг ойлголоо... гэж хариу мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Х.Ц болон түүний өмгөөлөгч Д.О нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ц-эс 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Цын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкинд 190 00 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэс 174,950 төгрөгийг гаргуулан Х.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА