| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00447/и |
| Дугаар | 135/ШШ2014/01207 |
| Огноо | 2014-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2014/01207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/00447/и
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч П.Баттулга, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... багийн ... хэсэг ... тоотод оршин суух Б овогт У-гийн Э /регистрийн дугаар ..., утас.../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймаг, ... сумын ... баг ... дугаар хороолол ... тоотод оршин суух Т овогт Я-ын Б /регистрийн дугаар .../-т холбогдох ,
Гэм хорын хохиролд 1,781,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Э, хариуцагч Я.Б, иргэдийн төлөөлөгч Х.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт иргэн Я.Б-ийн автомашинд зорчиж яваад осолд орж бэртсэн юм. Улмаар Сум дундын 20 дугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоол гарч Я.Б-ийг буруутайд тооцсон ба цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр тусгаж өгсөн. Миний биед хэдийгээр хөнгөн гэмтэл гарсан боловч нуруу нугасаар байнга өвдөж зүүн хөлний булчин мэдээ байхгүй, янгинаж хорсож өвддөг болсон. Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Улаанбаатар хот руу эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн өвдөг нуруундаа гэмтэл авч мэдрэлийн судас дарагдсан байна яаралтай сайн эмчилгээ хийлгэ гэсэн. Ингээд эмчийн хэлснээр эм тариа авч эмчилгээндээ хэрэглээд явж байгаа. Мөн миний бие нь байр түрээсэлж үсчний ажил эрхэлдэг ба намайг эмчлүүлж байх хугацаанд ямар нэгэн ажил хийж болохгүй, удаан хөл дээрээ зогсож болохгүй гэсэн учраас олох ёстой байсан орлого зогсож хэцүү байдалд ороод байна. Иймээс миний бие нь Я.Б-ээс эмчилгээний зардал 736.400 төгрөг мөн эмчилгээтэй үед ажил эрхлэх боломжгүй байсан учраас өдрийн ажил хийж олох ёстой байсан орлого буюу 1 сарын хөлс 900.000 төгрөг /өдрийн 30.000 төгрөг/, байрны түрээс 150.000 төгрөг нийт 1.781.400 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...эмчилгээний зардалд 3 удаа нийт 730.000 төгрөг төлсөн. Хэрэг учрал болох үед У.Э-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байсан бөгөөд ийм гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар буюу түр сарниулж бүрэн эдгэгрдэг, хөдөлмөрийн чадвар алдагдахад нөлөөлдөггүй юм байна. Үүнээс үзвэл осол болсноос хойш 1 сарын дотор У.Эд учирсан хөнгөн зэргийн гэмтэл бүрэн эдгэрсэн байх ёстой бөгөөд цаашид дээрхи гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг юм байна. Түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд хөнгөн гэмтэл авснаас хойш 3 сарын дараа буюу 2014 оны 09 дүгээр сарын 09-оос хойш Улаанбаатар хотод мэдрэлийн эмчид үзүүлж, дээрхи гэмтэлтэй холбоогүй өвчний оношоор эмчилгээ хийлгэсэн тухай баримтуудыг ирүүлсэн байна. Миний гэм буруутай үйлдлийн улмаас У.Э-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлыг би 2014 оны 6, 7, 9 дүгээр саруудад бүрэн, хангалттай хэмжээгээр төлж барагдуулсан, гэм хорын хохирол бүрэн арилсан гэж үзэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч У.Э нэхэмжлэлдээ нуруундаа гэмтэл авч мэдрэлийн судас дарагдсан, яаралтай эмчилгээ хийлгэ гэсэн гэж бичсэн байгаа боловч шүүх эмнэлгийн үзлэг, дүгнэлтээр түүний нуруунд гэмтэл авсан мэдрэлийн судас дарагдсан гэсэн онош тавигдаагүй, нуруундаа гэмтэл аваагүй тухайн үед дээр дурьдсан биеийн хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралтууд үүссэн байсан гэдэг нь эрүүгийн хэрэгт болон хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд тодорхой бичигдсэн байгаа болохоор энэ талаар маргах зүйлгүй гэж үзэж байна. Түүний нэхэмжлэлд хавсаргасан эмчилгээ оношилгооны баримтаас үзвэл нэхэмжлэгч У.Э нь мэдрэлийн гаралтай архаг унадаг өвчтэй гэсэн байх бөгөөд энэ өвчний улмаас оношлогоо, эмчилгээ хийлгэсэн эмнэлэг сувилалд хэвтсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байна.
Ийм учраас нэхэмжлэгч У.Э-ын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1.781.400 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг учрал болсны дараа хохирогч У.Э-д түүний шаардсан хэмжээгээр хохирлыг төлж барагдуулж байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Э-ын хариуцагч Я.Б-ээс “зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 1,781,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Я.Б нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр баг “К” гэх газар “...” маркын ... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж зорчигч Б.М, У.Э нарын биед хөнгөн гэмтэл, Д.О-гийн биед хүндэвтэр гэмтэл, Г.Х-гийн биед хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сум дундын ... дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх 2-6/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч У.Эын биед “...зүүн өвдөг, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт... гэмтэл учирсан бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 158 тоот дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна. /хх 2-6/
Нэхэмжлэгч У.Э нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг шаардах эрхтэй байна.
У.Эын нэхэмжлэлийн нийт шаардлага 1,781,400 төгрөгөөс шинжилгээний төлбөрт 165,000 төгрөг, эм тарианы зардалд 95,600 төгрөг, эмчилгээний ор хоногийн төлбөр 200,000 төгрөг, унааны зардал 25,000 төгрөг, нийт 485,600 төгрөгийн зардал гарсан болох нь Р ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн кассны орлогын баримт, Клиникийн нэгдсэн эмнэлэгийн төлбөрийн баримт, хот хоорондын зорчих тасалбар /хх 13-14/, Х.х эмийн сангийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн зарлагын баримт /хх 16/, Э-Ү эмнэлэгийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 17/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 485,600 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч У.Э нь унааны зардалд 156,400 төгрөг /хх13-14/, эм тарианы зардал 89,400 төгрөг /хх15-16/, 1 сарын цалин хөлс 900,000 төгрөг, /өдрийн 30,000 төгрөг/, байрны түрээс 150,000 төгрөг, нийт 1,295,800 төгрөгийг гаргуулахаар холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй, Т.п ХХК-ний шатахуун түгээх станцаас нийт 143,67 литр шатахуун авсан тухай баримт байх боловч уг шатахууныг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, тогтмол 900,000 төгрөгийн орлоготой байсан талаар баримт байхгүй, Лунданг гэх тариаг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн эмчийн зааваргүй байх тул унааны зардал 156,400 төгрөг, эм тарианы зардал 89400 төгрөг, цалин хөлс, түрээсийн төлбөр 1,050,000 төгрөг, нийт 1,295,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Я.Бээс 485,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Эд олгож, 1,295,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч У.Эыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч Я.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 15,217 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Г.ГЭРЭЛТ-ОД