Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1638

 

С.Б-ын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь болох 135 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч У.Т, хариуцагч С.Д, түүний өмгөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь “СА” ХХК-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг 12-р хороололд байрлах 1,239 м.кв талбай бүхий газарт оффис үйлчилгээний зориулалттай, 6 давхар доороо автомашины зогсоол бүхий барилгыг барихаар харилцан тохиролцож, 2013 оны 5 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ тухай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан. Иймээс оффис үйлчилгээний талбайн захиалга авч хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгө бий болгож барилгыг барьсан. 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Д Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр С.Долгормаа нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2.000.000 төгрөгөөр буюу 480.000.000 төгрөгөөр захиалж төлбөрийг С.Д-гийн зүгээс 300.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180.000.000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон юм. 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын актын дагуу барилгыг ашиглалтад оруулж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Д-д 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570.600.000 төгрөг болсон. Тухайн үед С.Д нь ...зөрүү болон дутуу мөнгийг төлнө... гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Барилгын нийт хөрөнгө оруулалт хийх ажил үүргээ харилцан ярилцаж тохиролцох бөгөөд барилгын ажил дуусаад борлуулалт хийгдсэнээр талууд анх хийгдсэн аман хэлэлцээрийн дагуу борлуулалтаас үүсэх ашгаа 50:50 хувиар хуваарилахаар харилцан тохиролцсон болно гэж заасан. Иймээс С.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл 270.600.000 төгрөгийн 50 хувь буюу 135.300.000 төгрөгийг С.Б-д төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Д-тай Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр С.Д нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2.000.000 төгрөгөөр буюу 480.000.000 төгрөгөөр захиалж төлбөрийг ...С.Д-гийн зүгээс 300.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180.000.000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон... юм. Гэтэл мөнгө ч зээлүүлээгүй. ...С.Д-д 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570.600.000 төгрөг болсон. Тухайн үед С.Д нь ...зөрүү болон дутуу мөнгийг нь төлнө... гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй... гэсэн болон бусад бүх үндэслэлүүд нь огт худлаа, бодит байдлаас эрс зөрүүтэй, гүтгэлгийн шинжтэй байна. Бодит байдал дээр С.Б-ын эхнэр Ч.О нь надад анх хүсэлт тавьснаар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 300.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 180.000.000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл сарын 2 хувийн алданги төлөх нөхцөлтэй 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, Ч.О, С.Б нарын 5064161117 тоот дансанд 300.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлээ хугацаандаа төлөхгүй тохиолдолд 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хавсралт Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах 2 дугаартай гэрээ-ээр баригдаж буй барилгын 4 давхрыг миний нэр дээр шилжүүлэх тухай барьцааны гэрээ байгуулсан. С.Б, Ч.О нар нь зээлийн гэрээний дагуу буцааж өгөх ёстой 480.000.000 төгрөгийн зээл, хүүгийн үүргээ биелүүлээгүй байсаар зээлийн хугацаа 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дуусаж барьцааны зүйлийг миний бие шаардаж эхэлсэн боловч 14 сарын хугацаа алдаж, 2015 оны 5 сарын 20-ны өдөр барьцааны зүйлийг миний нэр дээр албан ёсоор шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, С.Б-ын нэхэмжлэлд дурдагдаж буй шиг надад барилга захиалан бариулах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй бөгөөд бидний хооронд үүссэн бодит эрх зүйн харилцаа нь Барьцаат зээлийн гэрээ-ний харилцаа байсан бөгөөд зээлдэгч нар нь авсан зээл, хүүгээ зээлийн хугацаандаа огт төлөөгүй тул барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг нэр дээрээ шилжүүлж авсан тул С.Б-ын нэхэмжлэлийн шаардлага ор үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй тул С.Д-с 135.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дугаар 13/001 тоот "барьцаат зээлийн гэрээ", 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дугаар 02 тоот "Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ" тус тус байгуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зохигчдын тайлбар болон улсын бүртгэлийн еренхий газраас ирүүлсэн баримтаас үзвэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13-р хороолол, 41 дүгээр байрны 4 лүгээр давхарт байрлах 285.3 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “СА” ХХК, С.Б нараас С.Д-д шилжүүлэн өгсөн гэх үйл баримт дээр талууд маргаагүй. Гагцхүү эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон гэрээний талаар талууд маргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Гэрээний талуудын зарим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул шүүх эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үнэлэлт өгөх боломжгүй гэж үзлээ" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нарын зүгээс “СА” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжуүлэгч   Ц.Б, Ц.П нарыг гэрчээр оролцуулахыг хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч С.Д нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа "...2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г татвар бага төлөхийн тулд байгуулсан талаар тайлбарладаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээг татвар бага төлөхийн тулд талууд хийсэн талаарх тайлбарыг гаргасан. Иймээс ч хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тус гэрээг байгуулахад “СА” ХХК-ийг төлөөлөн оролцсон Ц.Б, Ц.П нарыг гэрч нарын мэдүүлэг чухал ач холбогдолтой байсан. “СА” ХХК, С.Б нарт 570.600.000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн. Үүнээс төлөгдсөн 300.000.000 төгрөгийг хасвал 270.600.000 төгрөг болно. Иргэн С.Б нь "СА" ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран  хэрэгжүүлэхээр тохиролцсон  тул  270.600.000  төгрөгийн  50  хувь  буюу 135.300.000 төгрөгийг С.Б шаардах эрхтэй гэж үзэж байна. 3 талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгээр байгуулсан боловч тус гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөгдөөгүй тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас шүүгчээс татгалзах татгалзлыг гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээгуй нь хуулиар тоггоосон журмыг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.Д-д холбогдуулж 135.300.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“СА” ХХК болон С.Д нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээгээр захиалагч буюу С.Д нь Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 12 дугаар хороололд баригдаж буй 6 давхар барилгын 4 давхрын 240 м.кв талбайн үнэд 1 м.кв талбайн үнийг 2.000.000 төгрөгөөр тооцож, нийт 480.000.000 төгрөгийг өгөх үүрэг хүлээсэн.

Мөн “СА” ХХК болон С.Д нар 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр  “СА” ХХК нь Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 4 давхарт байрлах 285.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.Д-д 40.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, С.Д 285.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Д-д 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570.600.000 төгрөг болсон...” гэж тайлбарласан. /хх-ийн 1/

Хариуцагч нь “...ашигтай талбай, ашиггүй талбайг салгах боломжгүй учраас шатны хонгил, лифтний зай ороод зургийнхаа дагуу 285.3 м.кв талбайгаар гэрчилгээ гаргаж өгдөг...” гэсэн, “...285.3 м.кв талбайн 240 м.кв талбай нь ашигтай талбай...” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан байна. /хх-ийн  80/

 

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээний болон 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох оффис, үйлчилгээний талбайгаас илүү гарсан зөрүү 45,3 м.кв талбайтай холбоотой өөр өөр тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх уг нөхцөл байдлыг  тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн  эдгээр гэрээний оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцоогүй тохиолдолд талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар дүгнэх боломжгүй юм.

 

“СА” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд  хариуцагч С.Д-д барилгын 4 давхрыг шилжүүлэн өгөх үүргийн талаар,  С.Д болон “СА” ХХК, Ц.Б, С.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13/001 тоот барьцаат зээлийн гэрээнд  захиалгын гэрээний талбай барьцаа хөрөнгө болох  талаар тус тус заасан байхаас гадна 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээнд А талыг төлөөлж С.Б, Ц.Б нар гарын үсэг зурсан, хариуцагч С.Д-гийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд  “СА” ХХК-ийг төлөөлж Ц.Б гарын үсэг зурсан зэргээс үзэхэд “СА” ХХК /Ц.Б/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх тодруулах шаардлагатай.

 

Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 834 450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ