Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 419

 

У.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 619 дүгээр магадлалтай, У.М-д холбогдох 1711009760250 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй,

-2015 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, Хан боржигон овогт У.М нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.М-ыг хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч У.М-ыг 6 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ас 26.170.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Бат-Эрдэнэд 4.785.000 төгрөг, Ж.Баяннамарт 3.000.000 төгрөг, Б.Маралмаад 4.000.000 төгрөг, М.Пагамсүрэнд 4.785.000 төгрөг, Б.Болорт 4.570.000 төгрөг, О.Отгонбаатарт 4.710.000 төгрөг, М.Цогзолмаад 320.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 285 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Хан боржигин овогт Ундралцогийн Мөнгөнтулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилж авсан гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч У.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...У.М-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан үйлдлүүд нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 4 сар 2 хоногийн хугацаанд үргэлжилж, хохирогч М.Цогзолмаад сэжигтэй байдал үүсч, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр түүний үйлдэл таслан зогсоогдсон байдаг. Дээрх гэмт хэрэг үргэлжилсэн хугацааг богино хугацаа гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгсдийн гэмт үйлдлийн арга, хэлбэр нь ихэвчлэн нэг үйлдэл, арга хэлбэртэй байж хохирогчид итгэл төрүүлэн, хохирогчийн эмзэг болон хэрэгцээтэй байдлыг далимдуулан бусдын эд хөрөнгөд халддаг. У.М нь БНСУ руу хамтад нь виз гаргуулж явуулна, нэг компанид ажиллуулна гэж 6 хохирогчийг, цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө гэж 1 хохирогчийг хуурч, бусдаас нийт 27.170.000 төгрөгийг залилан авсан байдаг. Прокуророос гурав ба түүнээс дээш үйлдлийг байнга гэж үздэг хуулийн ойлголтоор хэргийн зүйлчлэлийг өөрчлөн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Иймд хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж хэлсэн саналдаа: “У.М нь 2015 онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч 2002 оны Эрүүгийн хуульд “Залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж байгаагүй.

Шүүгдэгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хойш нэр бүхий хохирогчдоос “Солонгос улсад нэг үйлдвэрт ажиллуулна” гэж богино хугацаанд мөнгө авсан гэмт хэргийн санаа зорилгыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзэхгүй байна. У.М нь дээрх ажлыг  Дугартай хамт хийсэн, түүнд мөнгө өгсөн гэж удаа дараа тогтвортой мэдүүлж байсан. Мөн  Дугарыг  шалгуулах хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй.

У.М нь хоригдох үедээ энэ хэрэгт холбогдох нотлох баримт, мөнгө төлсөн баримт зэргийг мөрдөн байцаагчид хураалгасан боловч хэрэгт хавсаргаагүй байсан гэж хэлдэг. У.М нь гэмт хэрэг үйлдсэн боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон мэдүүлэг зэргээс нь харагдахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь 2015 онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан боловч гэмшсэн, гэм буруугаа хүлээсэн байдал харагдахгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа, байнга үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч нарын амьдрал ахуйгаа сайжруулах гэсэн эмзэг байдлыг нь ашиглаж, нэг төрлийн гэмт хэргийг үйлдэн 26.170.000 төгрөгийг хамаарал бүхий хүмүүсээс авсан болох нь нотлогдож байна. Давж заалдах шатны шүүх “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинжийг хэрхэн үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн У.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч У.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “БНСУ руу явуулах виз гаргаж өгнө, гэрээгээр ажиллуулна, цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө” гэх зэргээр 2017 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 7 хохирогчоос 26.170.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч У.М-ын хувьд нэр бүхий 7 хохирогчоос 26.170.000 төгрөгийг залилан авсан үйлдэлд “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож ашигласан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, У.М-д 3 жил хорих ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 619 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН