Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0545

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 02 өдөр                   Дугаар 221/МА2017/0545                          Улаанбаатар хот

        

“Ариун хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранхүү нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Ариун хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 -д заасныг тус тус баримтлан “Ариун хайрхан” ХХК-иас Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдуулан гаргасан “Ариун хайрхан” ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2016 онд хүлээн авснаас хойш 3 удаа үндэслэлгүй хууль зөрчин хэрэгсэхгүй болгох захирамж гаргаж давж заалдах шатны шүүхээр 2 удаа захирамжийг хүчингүй болгосны дараа хэргийг хянасан нэр зүүв.

Хэргийн оролцогч талын удаа дараагийн хүсэлтээр гэрчийн этгээдээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг огт хүлээж аваагүй мөртлөө хариуцагч талын гэрчүүдийг шүүх өөрөө газар дээр нь очиж гэрчийн мэдүүлэг авсан. Татварын байцаагч А.Энхтуяагаас л нэхэмжлэгч талыг байлцуулан мэдүүлэг авсан бөгөөд бусад гэрчүүдээс асуулт асууж нэхэмжлэлтэй холбоотой асуулт асуух бололцоог нэхэмжлэгч талыг байсаар байтал олгоогүй. Түүгээр ч барахгүй шүүгчийн дэргэд хариуцагч талын гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Батсуурь гэгч нь нэхэмжлэгч гэрчээс асуулт асуух гэтэл шүүгчийн дэргэд намайг өшиглөн хэл амаар доромжлоход шүүгч ямар ч арга хэмжээ аваагүй миний нэрлэсэн уг найман айлын орон сууцанд амьдарч байсан хүмүүсээс НДҮ-н барьж ашиглалтанд оруулсан үйлдвэрийн ажилчдын байр байсан талаарх гэрчийн мэдүүлгийг авахуулах гэтэл “...одоо буцах хугацаа боллоо тэртээ тэргүй энэ 8 айлын орон сууц НДҮ өмч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн тийм учраас таны гэрчээс асуух асуулт шаардлагагүй...” гэж нэг талыг барьсан үйлдэл гаргаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Энэ үед Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын өмчид 8 айлын орон сууцны байранд хэргийн оролцогчдыг байлцуулан бичиг баримтанд үзлэг хийхэд 1995 оны тооллогоор Засаг даргын Тамгын газрын өмчинд тоолсон баримтаас өөр хариуцагч уг 8 айлын орон сууцанд авсан тухай ямар ч баримт байхгүй учир нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хурал эхлэхийн өмнө хурлын нарийн бичгийн даргад нь анхааруулж нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодотгох хүсэлт гарган хурлын тэмдэглэлд сайтар тэмдэглэхийг хүсээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон шалтгаанаа нэгэнт Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн архивт үзлэг хийхэд 1994 онд Засаг даргын захирамж гарч ирээгүй татварын өрөнд балансаас балансад авсан гэх захирамж угаасаа байхгүй худлаа болох нь тогтоогдож буй тул “одоогийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Балансаас балансад авсан 8 айлын орон сууцны өмчлөгч Засаг даргын Тамгын газрын мөн учир 2009 оны газар эзэмших гэрээ гэрчилгээ хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн амаар болон бичгээр гаргасан захиргааны акт, захиргааны татгалзсан үйл ажиллагааг илт хууль бусад тооцуулах, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгосон 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг даалгах” гэж тодотгохыг хүссэн хүсэлт гаргасан боловч мөн үл тоон нэхэмжлэлийн тодотгох саналыг хүлээн авалгүй хуучин нэхэмжлэлийн шаардлагаар шүүхийн шийдвэр гаргав.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч манай эзэмшлийн гэж маргаж буй Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар байрлаж байгаа конторын барилга буюу өмч хувьчлал болохоос өмнө Нэгдэл дундын үйлдвэр барьсан 8 айлын сууцны барилга нь 1990 оны үед ашиглалтанд орж, тэр жилдээ халаалтын хүрэлцээгүйн улмаас хүн амьдрах боломжгүй болж тухайн байранд орсон айлууд нь гарч, эзэнгүй орхигдон эвдэрч тоногдсон, ашиглалтгүй байгаа барилгуудын жагсаалтанд орж 1992 онд аймгийн Өмч хувьчлалын комиссын судалгаанд орж байсан байх бөгөөд уг барилга нь “Өгөөмөр” ХК, “Ариун хайрхан” ХХК-ийн өмчлөл эзэмшил эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, уг барилгыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар засварлан 1993 оны үед өөрийн мэдэлд шилжүүлэн авч үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн болох нь Булган аймгийн Өмч хувьчлалын комиссын Хишиг-Өндөр суманд хувьчлагдсан үйлдвэр үйлчилгээний байгууллагын судалгаа эзэнгүйдсэн ашиглалтгүй байгаа байшин барилга обьектын судалгаагаар, хариуцагч нарын тайлбар, “Өгөөмөр” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл, гэрч Ч.Батсуурь, А.Будаасүрэн, М.Болормаа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна...” гэсэн нь үндэслэлгүй байна, судалгаа бол үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тогтоодог эрх зүйн акт биш.

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан материалд “НДҮ-ын хувьчлах үл хөдлөх хөрөнгийн бүртгэл” баримтанд 8 айлын орон сууц гэсэн сумын АДГЗ тамга бүхий нотлох баримтыг бид гаргаж өгсөн боловч шүүх нэхэмжлэгч тал өөрөө бүрдүүлсэн тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна.

Уг нотлох баримтаас гадна 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр НДҮ даргын тушаал гарч баяр амралтын өдрүүдэд эргүүл ажиллуулахаар өөрийн үйлдвэрийн харьяа газарт хариуцлагатай жижүүр томилсон тушаал гаргаж 8 айлын НДҮ ажилчдын орон сууцанд хариуцлагатай эргүүл томилох тухай тушаалыг хавтаст хэрэгт авахуулсан боловч нотлох баримтанд дурдан ач холбогдол өгч үнэлсэнгүй.

Шүүхэд хариуцагч болон гэрчүүд цөм 8 айлын орон сууц НДҮ өмч байсан талаар бүгд хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаагүй. Харин уг 8 айлын хаягдаж тогтоогдсон байхад төсвөөс хөрөнгө гаргаж засварлаж авсан гэж маргаж байгааг шүүгч мэдсээр байж өөрийн олж авсан С.Банзрагч гэгч хүнээр хууль зөрчсөн худлаа мэдүүлэг бичгээр гаргуулж аваад түүндээ үндэслэн “НДҮ гэдэг байгууллага хоршооллын өмчийн байгууллага байгаагүй, улсын үйлдвэрийн газар байсан уг 8 айлын сууц улсын захиалгаар баригдаж дутуу орхигдсон гэсэн дүгнэлтийг үндэслэх хэсэгт оруулсан нь шүүгч хэт нэг талыг барьсныг харуулж байна. Ингэснээрээ улсын өмчийг төрийн байгууллагын өмчинд балансаас балансад авч болох мэтээр дүгнэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийг зөрчсөн төрийн байгууллагын албан тушаалтны илт хууль бус шийдвэрийг хамгаалах гэж оролдлоо.

Би хэргийн газрын үзлэг Хишиг-Өндөр суманд хийж байх үед шүүгчийн туслахын дэргэд шүүгчтэй ярилцаад шүүгч социализмын үед улс хоршооллын 2 төрлийн өмч байсан талаар ямар ч ойлголтгүй байгааг харилцан ярилцах явцдаа мэдсэний үндсэн дээр энэ талаар төрийн холбогдох байгууллагаас шинжээч томилуулах дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлт гаргасан боловч мөн л хүлээн авалгүй үл тоон хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргахад хүргэв.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг нэхэмжлэгч тал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн тогтоол гаргасан гэж үзэж байна. Учир нь гэрч, хариуцагч, нэхэмжлэгч талууд уг 8 айлын орон сууцыг НДҮ өмч мөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байхад НДҮ нь хоршооллын өмч биш улсын үйлдвэрийн газар байсан гэж илт буруу ойлголтоор шүүгч өмч хувьчлалын маргаан гэсэн дүгнэлт гаргасан нь огт ташаа бөгөөд Булган аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанд НДҮ-ээс “Өгөөмөр” ХК-иас “Ариун хайрхан” ХХК-д эрх нь уламжлагдсаныг тодорхойлсон байхад шүүгч буруу дүгнэлт гаргалаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг хүлээн авч нотлох баримтыг бүрэн бүрдүүлэн хэргийн оролцогчийн эрхийг тэгш хангаж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, улмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анх нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК-ийн захирал Б.Наранхүү нь 8 айлын орон сууц болон тус орон сууцны доорх газрын асуудлаар нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар захирамжуудаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.5-д заасныг үндэслэн тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэхүү шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2016/0818 болон 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШТ2017/0200 дугаар тогтоолуудаар хүчингүй болгосон байна.

Улмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК-ийн захирал Б.Наранхүү нь “тус компанийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг татварын өрөнд суутган балансаас балансад авсан гэх Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын 1994 оны захирамжийг илт хууль бусад тооцуулах, мөн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Гэтэл маргаан бүхий 8 айлын орон сууцны барилгыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар 1994 оноос эхлэн эзэмшиж, уг байранд өнөөг хүртэл илээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд энэ тухай 1999 онд мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан “Ариун хайрхан” ХХК-ийн ногдол хувь эзэмшигчдийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тогтоол, тус Тамгын газрын 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бараа материалын тооллогын бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хууль ёсны эрх ашгийг зөрчсөн бол захиргааны арга хэмжээ хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллагад хандах эрх нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нээгдсэн” гэж үзэж, 2016 онд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /1994 он/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан тул нэхэмжлэгчийн “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс захиргааны хэргийн шүүхэд хандах эрх зүйн орчин бүрдсэн” гэх дээрх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 6, 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон бөгөөд хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК нь маргаан бүхий 1994 оны захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, түүнчлэн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэл гаргах боломжтой байхад анх 2016 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан “Ариун хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ариун хайрхан” ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.      

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН