Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 163

 

С.Я-гийн нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн

Шүүгчид:                      Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Шивээговь сумын Засаг даргыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Шивээговь сумын Засаг даргад дахин нэр дэвшсэн С.Я-г томилохыг даалгах тухай.

Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0107 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Я-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргаар томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0107 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Я-гийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргад томилуулахаар Ж.Б-гийн нэрийг дэвшүүлсэн боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй тул томилохоос татгалзаж буцаасан. Ингээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор Ж.Б-г дахин нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч Ж.Б нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байсан тул хуульд заасан 5 хоногийн хугацаанд томилохоос татгалзаж, буцаасан тухай албан бичгийг дахин хүргүүлсэн. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Б-г дахин нэр дэвшүүлээгүй, харин С.Я хүний нэрийг Шивээговь сумын Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн.

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг нь зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг зохицуулсан заалт юм. Аймгийн Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичгээр С.Я-г томилохоос татгалзсан тухай мэдэгдсэн боловч хуулийн 26.4-т заасны дагуу Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь С.Я-г сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлээгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс “эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар...” гэж заасан нь тухайн шатны Хуралд үүрэг болгосон заалт” гэж дүгнэсэн атлаа “15 хоногийн дотор хуралдаж нэр дэвшүүлээгүй нь дахин нэр дэвшүүлээгүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу юм.

6. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь С.Я-г хуульд заасны дагуу 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлээгүй тул томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга нь өмнөх нэр дэвшилтийг хүчинтэй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын дагуу С.Я-г Шивээговь сумын Засаг даргаар нэр дэвшүүлэхэд аймгийн Засаг дарга нь татгалзаж, хариуг хүргүүлсэн. Ингээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу С.Я-г дахин нэр дэвшүүлээгүй тул тус сумын Засаг даргаар С.Я-г томилох боломжгүй юм.

7. Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Ж.Б-г эрхийнхээ хүрээнд татгалзан шийдвэрлэсэн ба С.Я-гийн хувьд Ж.Б-гийн дараа буюу дахин нэр дэвшигдсэн этгээд гэж үзэх бөгөөд хуулийн 26.4 дэх заалт нь зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхэд хамааралтай гэж тайлбарлах боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу юм.

8. Шивээговь сумын Засаг даргын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 14.4.17-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч болно. Нэхэмжлэгч С.Я нь Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2015, 2016 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “...санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, ...албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14 ний өдрийн 256 дугаар “хариуцлага тооцох санал хүргүүлэх тухай”, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаар “хариуцлага тооцуулах тухай” албан бичгүүдийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Иймд нэр дэвшигч С.Я нь төсвийн шууд захирагч байхдаа Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцлагагүй ажилласан байх тул сумын Засаг даргаар томилоход Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж, тус сумын Засаг даргаар томилохоос татгалзсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Я-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн санал авсан Ж.Б-г Засаг даргаар томилуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор, Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар Ж.Б-г дахин Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, олонхийн санал авсныг үндэслэн түүнийг томилуулахаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус тус аймгийн Засаг даргад санал болгосон, нэр дэвшигч Ж.Б-г “төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй” гэх үндэслэлээр түүнийг томилохоос Говьсүмбэр аймгийн Засаг дарга татгалзсан, мөн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Я-г томилуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргад уламжилсныг тус Засаг дарга нь “...С.Я нь Төсвийн ерөнхийлөн захирагч болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасныг зөрчих үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул томилох боломжгүй” гэж 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар албан бичгээр Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариу ирүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...сум .../-ын/ Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон ...төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор, 26.4-т “...нэр дэвшигчийг ...эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж зааснаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн, сумын Засаг даргаар томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг аймгийн Засаг дарга нэг удаа татгалзах эрхтэй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг томилох эрх бүхий албан тушаалтан “томилох” үүрэгтэй байна.

12. Тухайн тохиолдолд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь “нэр дэвшигч”-ийг хоёр дахь удаад “татгалзах” эрхгүй, ямар нэгэн нөхцөл, шаардлага тавихгүйгээр “томилох” үүрэгтэй байтал С.Я-г Шивээговь сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргаагүй түүний эс үйлдэхүй хууль бус, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

13. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх ...хариуцагч ...нэр дэвшүүлсэн Ж.Б-г эрхийнхээ хүрээнд татгалзаж шийдвэрлэсэн ба С.Я-гийн хувьд ...дахин нэр дэвшигдсэн этгээд гэж үзэх бөгөөд ...хуулийн 26.4-т дэх заалт зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхэд хамааралтай гэж тайлбарлах боломжгүй гэж дүгнэсэн нь буруу” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

14. Түүнчлэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар сумын Засаг даргад нэр дэвшигчид “дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ялгүй” байх шаардлага тавигдсан ба Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Засаг дарга”-д нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэхдээ эдгээр шаардлагыг хангасан гэж үзэж С.Я-гийн нэрийг Хурал дахь Ардчилсан намын бүлгээс түүнийг дэвшүүлсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “сум /-ын/ Хурал нь ...дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ; ...18.1.1/г/ Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах...”, 25 дугаар зүйлийн 25.4-т “хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж,.../-д/ нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байна.

15. Эндээс үзвэл, сумын Засаг даргад дахин “нэр дэвшүүлэх” асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрийг тус Засаг даргыг томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас хуулийн шаардлага хангаагүй “нэр дэвшигч” гэх үндэслэлээр татгалзах, “өөр” хүний нэрийг дэвшүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд Хурал өөрөө хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрээ засах боломжтойг дээрх зүйл, заалтаар зохицуулсан, тухайн тохиолдолд “нэр дэвшигч”-ийг нэг удаа татгалзах эрхээ хариуцагч аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...С.Я нь 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ...хууль зөрчсөн, ...түүнд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн, ...түүнийг Засаг даргаар томилоход Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна” гэх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

16. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0107 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ