Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02095

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02095

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н ХХК /РД:6242707/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Х,

 

Хариуцагч: П.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х, П.Б нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Зээлдэгч Б.Х, П.Б нар нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр автомашинийг барьцаалан 10,850,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.90 хувийн хүүтэйгээр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр автомашиныг барьцаалан зээл авсан. Мөн Б.Х, П.Б нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, автомашин эвдрэлтэй байгаа тул мөнгөн хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иймд Б.Х, П.Б нараас нийт 20,390,690 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Х миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би 2019.05.23-нд тус байгууллагатай барьцаатай зээлийн гэрээ байгуулан тухайн үед нь 5,000,000 төгрөгийн урдчилгаа төлж авсан автомашиныг барьцаалан 10,850,000 төгрөгийн зээл авсан үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлээр авсан автомашинаар миний дүү Э нь ажлынхаа хажуугаар хот дотор хүн тээврийн ажил хийж мөнгө олж зээлээ төлж барагдуулах зорилготой байсан. А.Э нь зээл авсан цагаас эхлэн зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж сар бүр 500,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг төлж барагдуулж байсан ч тухайн үед СОVID-19-ын цар тахал гарч барилгын цахилгаан угсратлын ажил зогссон, иргэдийн хөл хөдөлгөөн багасаж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул зээлийн хүүгээ төпж чадалгүй 2 сар гаруй болсон тул урьдчилан мэдэгдэлгүй 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Н ХХК-ийн ажилчид гэх гурван хүн ирж барьцааны хөрөнгө болох автомашиныг хурааж аваад нэг нь жолоодон авч явсан. Энэ үед бид яагаад автомашин хурааж байгаа юм бэ улс орон даяар хөл хорио тогтоож зээл төлөх хугацааг хойшлуулж болдоггүй юм уу давагдашгүй нөхцөл байдал үүсээд байхад гэхэд танайх зээлийн хүүг төлөхгүй болхоор манайх автомашинаа авч байна энэ бол манай өмч гэсэн. Н ХХК-д би автомашинаа авч зараад зээлээ төлье гэсэн ч 4,000,000 төгрөгийг төлөөд авч болно төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр өрийг барагдуулдаг гэсэн тул дахиж би очоогүй намайг тус компаниас дуудаагүй ямар нэг шаардлага гаргаагүй 3 жил 5 сар болсон. Н ХХК өөрсдөөр нь дамжуулан худалдан авсан 19,850,000 төгрөгийн үнэ бүхий авто машинийг өөрсдийн давуу байдлаа ашиглан хураан авч 3 жил таван сар өөрсдөө ашигласан. Н ХХК зээлийн гэрээний нөхцлөөр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж цаг хугацаа хангалттай байсан учир нь барьцааны хөрөнгө болох автомашины зах зээлийн үнэ огцом өссөн үед миний автомашиныг тус компани хураан авсан байсан. Н ХХК нь миний дүү А.Э хүн тээврийн үйлчилгээ хийж орлого олж түүгээрээ зээлээ төлж цаашид тогтмол орлоготой хувийн автомашинтай болох амьдралын зорилгыг нь хааж автомашиныг урдчилан ямар нэг мэдэгдэл, боломж өгөлгүй хураан авснаас болж 25,000,000 /С0VID-19-ын халдвараас хөл хорио тогтоосон цаг хугацааг тооцоогүй/ төгрөгийн орлого олох боломжийг хаасан. Иймд Н ХХК-ийн нэхэмжлэлд заасан 20,390,690 төгрөгийг надаас гаргуулан авах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, гэжээ.

 

Хариуцагч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний нөхөр Б.Х 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагатай барьцаатай зээлийн гэрээ байгуулан тухайн үед нь 5,000,000 төгрөгийн урдчилгаа төлж авсан авто машиныг барьцаалан 10,850,000 төгрөгийн зээл авч дүүдээ автомашин авч өгсөн. Уг зээлд баталгаа гаргасан үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлээр авсан автомашинаар манай дүү Э нь ажлынхаа хажуугаар хот дотор хүн тээврийн ажил хийж мөнгө олж зээлээ төлж барагдуулах зорилготой байсан. А.Э нь зээл авсан цагаас эхлэн зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж сар бүр 500,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг төлж барагдуулж байсан ч тухайн үед СОVID19-ын цар тахал гарч барилгын цахилгаан угсратлын ажил зогссон, иргэдийн хөл хөдөлгөөн багасаж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул зээлийн хүүгээ төлж чадалгүй 2 сар гаруй болсон тул урьдчилан мэдэгдэлгүй 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Н ХХК-ийн ажилчид гэх гурван хүн ирж барьцааны хөрөнгө болох автомашиныг хурааж аваад нэг нь жолоодон авч явсан. Энэ үед бид яагаад автомашин хурааж байгаа юм бэ улс орон даяар хөл хорио тогтоож зээл төлөх хугацааг хойшлуулаж болдоггүй юм уу давагдашгүй нөхцөл байдал үүсээд байхад гэхэд танайх зээлийн хүүг төлөхгүй болхоор манайх автомашинаа авч байна энэ бол манай өмч гэсэн. Н ХХК-д би автомашинаа авч зараад зээлээ төлье гэсэн ч 4,000,000 төгрөгийг төлөөд авч болно төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр өрийг барагдуулдаг гэсэн тул дахиж би очоогүй намайг тус компаниас дуудаагүй ямар нэг шаардлага гаргаагүй 3 жил 5 сар болсон. Н ХХК өөрсдөөр нь дамжуулан худалдан авсан 19,850,000 төгрөгийн үнэ бүхий авто машинийг өөрсдийн давуу байдлаа ашигласан хураан авч 3 жил таван сар өөрсдөө ашигласан. Н ХХК зээлийн гэрээний нөхцлөөр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж цаг хугацаа хангалттай байсан учир нь барьцааны хөрөнгө болох автомашины зах зээлийн үнэ огцом өссөн үед миний автомашинийг тус компани хураан авсан байсан. Н ХХК нь миний дүү А.Э хүн тээврийн үйлчилгээ хийж орлого олж түүгээрээ зээлээ төлж цаашид тогтмол орлоготой хувийн автомашинтай болох амьдарлын зорилгыг нь хааж автомашиныг урдчилан ямар нэг мэдэгдэл, боломж өгөлгүй хураан авснаас болж 25,000,000 /СОVID19-ын халдвараас хөл хорио тогтоосон цаг хугцааг тооцоогүй/ төгрөгийн орлого олох боломжийг хаасан. Иймд Н ХХК-ийн нэхэмжлэлд заасан 20,390,690 төгрөг биднээс гаргуулан авах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х, П.Б нарт холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Н ХХК нь Б.Х, П.Б нартай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 10,850,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / х.х 5-7 тал/

 

 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 8-9 тал/

 

Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тээврийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон байх бөгөөд барьцаалан зээлдүүлэх болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэл хийгдээгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч  дугаар Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өмчлөлдөө 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бодитоор шилжүүлэн авсан, талууд энэ талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Х, П.Б нарт холбогдох Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х, П.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 259,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ