Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/шцт/34

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Түмэн-Аюуш,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************** холбогдох эрүүгийн 2527000000230 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, **********************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

           

Шүүгдэгч ******************** нь урд *************** шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа дахин 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4.48 хувийн согтолттой үедээ улсын дугааргүй мотоцикл буюу тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Гэрч ***********мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус өдөр би ахуй үйлчилгээнд маргаашийн хоолны бэлдцээ бэлтгэж байхад нэлээд согтуу байдалтай хүн ногоон өнгийн номергүй мотоцикл жолоодоод согтуу ирсэн. Тэгээд ажил руу орж ирж байгаа чимээ сонсогдсоноо хүн бөөлжөөд байгаа чимээ гарахаар нь ажлын өрөөнөөс гараад харахад коридорт нөгөө согтуу хүн бөөлжөөд орилоод байхаар нь болиоч би цагдаа дуудлаа шүү согтуу машин мотоцикл жолоодож болохгүй шүү асуудалд орно шүү гэхэд дуудаач тэгээд гээд орилоод байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр хүн ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,

 

Гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн үед ***************** нутаг дэвсгэрт ****************** гэгч нь улсын дугааргүй, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахыг харсан. Тухайн үед хяналт шалгалт хийж байсан газар цагдаа байхыг хараад гудам уруудаад явсан. Тэгээд удалгүй ахуй үйлчилгээний хоолны газар ажиллуулдаг хүн байна энэ согтуу хүн мотоцикл жолоодож ирчхээд коридорт бөөлжөөд байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очиход хяналт шалгалт хийж байсан газраас гудам уруудаад явсан хүн мөн байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь саатуулж шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай буюу архи үнэртэж байсан тул согтуурал хэмжигч Alkorest-6810 загварын багажаар үлээлгэн шалгахад 4.48 хувь гарсан тул тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан ***************ар гэрт нь хүлээлгэн өгч холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Тухайн үед **************нь ганцаараа явж байсан. Хүлээн авсан ээжээс нь асуухад шинэ мотоцикл авсан гээд зөндөө л олон өдөр архи ууж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлыг зориулалтын дагуу шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл, ****************** шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн ялын тооцоо /хх-ийн 02, 03, 05, 04, 17-21, 22 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4.48 хувийн согтолттойгоор улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************************үйлдсэн болох нь

Гэрч ****************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 08, 10 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлыг зориулалтын дагуу шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл, /хх-ийн 02, 03, 05, 04 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

**************тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. 

 

1.2. Хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т  заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

           

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар *************** оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх, нэг ижил төрлийн ялыг заавал нэмж нэгтгэнэ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ёстой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д зааснаар*********************** шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 112 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 02 жил 03 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч **************** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ***************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар **************оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д зааснаар ******************** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 112 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 02 жил 03 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг баримтлан  шүүгдэгч ****************мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 03 сар 22 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *************** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА