| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2109005490673 |
| Дугаар | 2021/ДШМ/933 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/933
П.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/530 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ды гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2109005490673 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;
П.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Золжаргалын эзэмшлийн iphone 7 рlus маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Ды үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие улсын яллагчаас зүйлчилсэн зүйл ангитай маргаагүй, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг нэмж нэгтгүүлэх талаар улсын яллагч шүүх хуралдаан дээр санал гаргасан боловч шүүх тус ялыг тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолдоо заасан. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулж байх тул уг гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл нь 240-720 хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялтай байхаар хуульчлан заасан. Гэтэл би өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/530 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гээд нийт 1040 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчлан заасан байхад миний эрх зүйн байдал дордсон байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/530 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Миний бие зүйлчлэлтэйгээ маргахгүй байгаа учраас огт өмгөөлөгч аваагүй. Одоо шүүх хуралд өмгөөлөгч авч оролцох хүсэлтэй байна. ...” гэжээ.
Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгдэгч нь 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, үүнээс эдлээгүй үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял байсан. Үүнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэлгүй тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх П.Дгийн үйлдсэн “...2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Золжаргалын эзэмшлийн iphone 7 рlus маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэсэн нэг төрлийн “...нийтэд тустай ажил хийлгэх...” ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь тухайн шүүгчдэгчийг ямар ямар нотлох баримтаар тухайн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож байгаа талаар үндэслэлээ тодорхой бичих ёстой атал П.Д-д холбогдуулан ирүүлсэн “...2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Золжаргалын эзэмшлийн iphone 7 рlus маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дүгнэлтийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хийгээгүй байна.
Мөн анхан шатны шүүх П.Д-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи дүгнэлтдээ:
- “...Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нь өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна...”
- улсын яллагчийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлье гэснийг харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж...” гэсэн ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийжээ. Гэтэл хохирогч Б.Золжаргал нь гар утаснаасаа чихэвчээр дуу сонсож явж байгаад утсаа алдсан, алдангуутаа эрж хайж П.Дг барьсан талаараа мэдүүлсэн /хх 11 тал/ байх ба эд зүйлээ хараа хяналтгүй орхисон зүйлгүй байна. Мөн шүүгдэгч П.Дгийн ар гэр, ажил эрхлэлтийн ямар байдлыг, үүнээс өөр П.Дгийн ямар байдлыг хувийн байдал гэж үзээд байгаа талаар шүүхийн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй байна. Улсын яллагч Г.Түвшинбаяр нь П.Дгийн өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөлд хамруулах дүгнэлтийг гаргасан /хх 86 тал/ боловч энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдэх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Дгийн миний эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Д нь эрүүгийн 2109005490673 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/530 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн 2109005490673 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ