Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1637

 

 “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01544 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТИТ” ХХК-д холбогдох

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 77 822 512 төгрөг, алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “ПТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь “ТИТ” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд тоног төхөөрөмж угсралтын ажил гүйцэтгэн нийт 9 гэрээг тус бүр 36 сарын хугацаатайгаар байгуулсан ба үүнээс 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44 297 510 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээнүүдийн баталгаат хугацаа 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд дуусгавар болж улмаар ажил гүйцэтгэсэн барилгыг улсын комисс бүрэн хүлээн авсан. 2017 оны 1 дүгээр сард хариуцагч талд албан бичиг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс бид уг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрөө өдийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд “ПТ” ХХК нь “ТИТ” ХХК-иас 2011-2013 оны хооронд байгуулсан нийт 9 гэрээний үлдэгдэл төлбөр болох 77 822 512 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөрийн алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТИТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани захиалагч “ДР” ХХК-тай 2011-2013 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан бөгөөд захиалагчийн барилгын халаалтын систем, халуун, хүйтэн усны системийг нийлүүлэх, угсрах зэрэг ажлуудыг туслан гүйцэтгэгч “ПТ” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирч тоног төхөөрөмж нийлүүлэх болон угсрах нийт 7 гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ тухай бүр бүрэн биелүүлж ирсэн байдаг. Гэтэл “ПТ” ХХК нь үүргээ зохих ёсоох гүйцэтгэхгүй байсан бөгөөд тэдний хийж буй ажлын доголдлын талаар захиалагч талуудаас гомдол их ирдэг байсан. “ПТ” ХХК-д гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэсэн тул энэ доголдлоо арилгахыг амаар шаардахад шаардлагыг биелүүлээгүй бөгөөд тус компани нь гүйцэтгэж байсан ажлаа орхиж ажлын байрнаасаа нүүж, утас нь холбогдохгүй алга болсон тул манай компани тухай бүрт өөрийн зардлаар доголдлуудыг арилгаж захиалагчийн шаардлагыг биелүүлж байсан ба “ПТ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас захиалагч “ДР” ХХК манай компанитай байгуулсан гэрээг цуцалж, компанид хохирол учирсан. Иймд “ПТ” ХХК-д актаар хүлээлгэж өгөлгүй орхиж алга болсон мөн гэрээ тус бүрт заасан ажил гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 1 жилийн хугацаанд манай компанитай холбогдож гомдлын шаардлагыг гаргаж байгаагүй ба талуудын гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гүйцэтгэгч талаас манай компанид нийлүүлсэн  тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн болон угсралтын ажлын доголдлыг арилгуулахаар гаргасан баталгаат хугацааны 36 сарыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэсэн заалтууд, талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дах хэсгийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан “ПТ” ХХК-ийн “ТИТ” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93 387 012 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624 885  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт манай 2 байгууллагын хооронд байгуулсан 6 гэрээний талаар дурджээ. Манай байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нийт бичгээр байгуулсан 9 гэрээ, амаар байгуулсан 2, нийт 11 гэрээ бий. Үүнээс 5 гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна. Иргэний хуулийн дагуу гэрээний үүргийн талаарх нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан гэж үзэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Шүүхээс ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзсэн. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасан. Талуудын хооронд бичгээр байгуулсан бүх гэрээнд баталгаат хугацаа 3 жил байхаар тусгасан. Хугацаа тоолох хуулийн энэхүү заалтыг баримтлан тоолбол нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2017 оны 9 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь хариуцагч “ТИТ” ХХК-д холбогдуулан 2011-2013 оны хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх 9 гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр  77 822 512 төгрөг, алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөгийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Халаалтын ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл төхөөрөмжийг 28 367 200 төгрөгөөр нийлүүлэх, мөн өдрийн Ажил  гүйцэтгэлийн гэрээгээр халаалтын ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл төхөөрөмжийг 7 500 000 төгрөгөөр угсралтын ажлыг хийхээр,   2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 012/016 дугаар тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хүйтэн усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг 49 840 241 төгрөгөөр нийлүүлэхээр 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 012/018 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр цэвэр усны нөөцийн сав, хүйтэн усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг 7 500 000 төгрөгөөр угсралтын ажлыг хийхээр, 2012 оны 6 дугаар сарын   01-ний өдрийн 012/017 дугаар тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Галын усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг 66 159 759 төгрөгөөр нийлүүлэхээр, 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 012/019 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Галын усны нөөц сав, галын усны өргөлтийн насосны иж бүрдэл  төхөөрөмжийг 6 500 000 төгрөгөөр угсралтын ажлыг хийхээр, 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 013/002 дугаар тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Халаалтын нэмэлт цахилгаан халаагуурыг 49 000 000 төгрөгөөр нийлүүлж, угсралтын ажлыг хийхээр, 2013 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 8/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Централ тауэр L-203 дугаар талбайд агааржуулалт, халаалт болон галын шугам сантехникийн ажил, материал нийлүүлэх ажлыг  26 100 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцож, тус бүрт  бичгээр гэрээг байгуулжээ. /хх-6-52/

 

Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44 297 510 төгрөгийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа давхар нотлосон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Зохигчдын хооронд харилцан тохиролцсон гэрээний нөхцөл, гэрээний хэрэгжилт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч гэрээний 4.4-т гомдлын шаардлага гаргах хугацааг тухайлан тохиролцсон байгааг анхаараагүйгээс мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дах заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дах хэсэгт “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан Халаалтын ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл төхөөрөмжийг нийлүүлэх болон угсралтын ажлыг хийх гэрээний 4.4-т, хүйтэн усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг нийлүүлэх болон угсралтын ажлыг хийх гэрээний 4.4-т, галын усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг нийлүүлэх болон угсралтын ажлыг хийх гэрээний 4.4-т  халаалтын нэмэлт цахилгаан халаагуурыг нийлүүлэх болон угсралтын ажлыг хийх гэрээний 4.4-т “Нийлүүлэгч нь нийлүүлсэн тоног төхөөрөмж ашиглалтанд орсон өдрөөс хойш 36 сарын, эсхүл тоног төхөөрөмж нийлүүлсэн өдрөөс хойш 36 сарын хугацааны аль хугацаа эхэлж дуусах өдөр хүртэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гэмтэл согогийг өөрийн зардлаар засаж залруулах баталгаа гаргасныг тохиролцов” гэж  тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсралтын ажил хийгдсэн Ромёо Жульетта хотхоны барилгад техникийн комисс ажиллаж 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 2013/92 дугаар улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан байх бөгөөд гэрээгээр  тогтоосон баталгаат хугацаа 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт нийцсэн, мөн хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.  /хх-ийн 83-86/

 

Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь дээр дурдсан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй байгаа, хүчин төгөлдөр 7 гэрээний хувьд нийт 214 867 200 / 28 367 200+7 500 000+49 840 241+7 500 000+66 159 759+6 500 000+49 000 000/ төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч “ТИТ” ХХК нь ажлын хөлсөнд нийт  210 526 200 /6 000 000+      23 867 200+3 500 000+39 000 000+26 000 000+19 259 000+34 800 000+4 200 000+               5 000 000+10 000 000+1 500 000+14 700 000+14 700 000+8 000 000/ төгрөгийн төлөлт хийсэн байх тул зөрүү 4 341 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Мөн талуудын хооронд хийгдсэн тоног төхөөрөмж нийлүүлж, угсралтын ажил хийх 7 гэрээний 1.4, 1.5 дах хэсэгт захиалагч гэрээний үнийг  төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.1 хувийн алданги тооцох талаар заасан ба алдангийн хэмжээг биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар хязгаарлахаар тохиролцсон байх тул 868 200                    / 4 341 000*20% / төгрөгийн алдангийг хариуцагчаас нэмж гаргуулах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44 297 510 төгрөгийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 8/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр Централ тауэр L-203 дугаар талбай /Damiani дэлгүүр/-т агааржуулалт, халаалт болон галын шугам сантехникийн ажил, материал нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч тус гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн тус гэрээ хэрэгжээгүй гэх татгалзал үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.Д, О.А нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан байх боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдоогүй байх тул эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч тал “...гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэсэн..., өөрийн зардлаар доголдлыг арилгасан..., актаар ажлаа хүлээлгэж өгөлгүй орхиж алга болсон...” гэж тайлбарлаж байгаа боловч  “ДР” ХХК-иас хариуцагч “ТИТ” ХХК-д хүргүүлж байсан шугам, сүлжээ угсралтын талаарх бичгүүд, хариуцагч “ТИТ” ХХК-ийн итали инженерийн дүгнэлтүүд зэрэг нь нэг талын баримт байхаас гадна гүйцэтгэгч “ПТ” ХХК-д гомдлын шаардлага гаргаж байсан, мэдэгдэж байсан болохыг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 5 209 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01544 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ТИТ” ХХК-иас 5 209 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “ПТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 177 812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг үлдээж,  хариуцагч “ТИТ” ХХК-иас 98 297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “ПТ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 625 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ