| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/03288/И |
| Дугаар | 183/ШШ2023/03536 |
| Огноо | 2023-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/03536
2023 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/03536 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, ****** тоот хаягт оршин суух Анагуул овогт Г.Б /РД:ИЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******** тоот хаягт оршин суух Ц овогт Б .Д /РД:ШУ********/-д холбогдох,
2 877 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Г.Б
хариуцагч Б.Д
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д холбогдуулан 2 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ хийж мөнгө 6 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүүнд хариуцагчийн хашаа байшинд амьдрахаар тохиролцсон. Хашаа байшинд нь 7,8 хоног амьдраад хүйтэн, гал түлээд ч халахгүй байсан тул гарч, энэ тухайгаа Б.Д д хэлж, хашаа байшинд нь амьдрах боломжгүй юм байна, чи гэрээний дагуу мөнгөө хэрэглээд 3 дугаар сарын 17, 18-ны өдөр өгөөрэй гэж хэлсэн боловч 6 000 000 төгрөгөө төлөөгүй. Иймд 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш мөнгөө нэхээд авч чадахгүй байсаар 4 дүгээр сарын 20-ны өдөр хавьд уулзаад хоёулаа гэрээгээ шинчилье хүү нэмж тооцоё гээд шинэчилсэн гэрээ хийсэн. Гэрээний юм. Тэр гэрээний хугацаа богинохон хоногтой байгаа. Тухайн хугацаанд гэрээнийхээ хугацаанд чи мөнгөө хүүгүй өгчхөөрэй. Би чамаас хүү тооцохгүй гээд хоёр тийшээ болсон юм. Тэгээд би ардаас нь мөнгө нэхэж явсаар байгаад 6 дугаар сард би үндсэн мөнгө болох 6 000 000 төгрөгөө авсан. Тохиролцсон гэрээний хугацаанд надад мөнгөө өгөөгүй учраас би хүү, алданги нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн 12 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ амаар байгуулж, 6 000 000 төгрөгийг Г.Б ээс авч, хүүд нь өөрийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, холбоот толгойтын 38-938 тоот хашаа байшинг 6 сарын хугацаатайгаар суулгахаар тохиролцсон. Эхлээд аман гэрээгээр 6 сар гэсэн боловч Г.Б тохиролцсон хугацаагаа зөрчиж, хугацаа болоогүй байхад түлхүүр болон хашаа байшинг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, надаас мөнгө нэхсэн. Аргаа бараад 2023 оны 04 дүгээр сард хашаа байшингийн цоожийг шинээр сольж, байшиндаа дотоод засал хийж, хог шороо цэвэрлэгээ, тогны мөнгөө төлөөд, бусдад худалдахаар зар тавьж эхэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хашаа байшингаа зарж, Г.Б ээс зээлсэн 6 000 000 төгрөгөө 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Г.Б ийн хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн. Бидний анхны ярьсан тохиролцоо бол 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөгийг өгөх байтал 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлсэн байдаг. Анх тохиролцсон хугацаагаа зөрчөөгүй, хугацаандаа 6 000 000 төгрөгөө өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.04.04-ний өдрийн 831 дүгээр зээлийн гэрээ, 2022.12.16-ны өдрийн 6040 дугаар зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 2-3, 18 тал/
4. Хариуцагчаас: 2023.07.05-ны өдрийн хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зурвас бүхий фото зураг, /хх 10-15 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2 Г.Б нь хариуцагч Б.Д д холбогдуулан 2 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2023.04.04-ний өдөр 6 600 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангитай байх нөхцлөөр зээлдүүлсэн боловч 2023.06.06-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 600 000 төгрөг, хүү 165 000 төгрөг, алданги нэг хоногт 33 000 төгрөгийг 64 хоногоор тооцож 2 877 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх 6 000 000 төгрөгийг Г.Б ээс зээлж, зээлийн хүүнд өөрийн өмчлөлийн хашаа байшинд 6 сарын хугацаатай амьдруулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тохирсон хугацаанаас өмнө хашаа байшингаас гарсан боловч надад түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй. Ингээд мөнгөө нэхээд байсан тул 6 600 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 2023.06.06-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайларлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2022.12.16-ны өдөр нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д тай зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 18 тал/
4.2 2022.12.16-ны өдөр Б.Д 6 000 000 төгрөгийг хүлээн авсан, /хх 11 тал/
4.3 2023.04.04-ний өдөр нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д тай зээлийн гэрээ байгуулж, 6 600 000 төгрөгийг 2023.04.04-ний өдрөөс 2023.04.14 өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 3 тал/
4.4 2023.06.05-ны өдөр Б.Д иас 6 000 000 төгрөгийг 5087002308 тоот данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 12 тал/
5. Зохигч, зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг авсан өгсөн үйл баримт болон зээлийн хүүнд хариуцагчийн өмчлөлийн хашаа байшинд амьдрахаар тохиролцсон үйл баримтын тухайд маргаангүй, харин гэрээг хэзээ цуцалсан, нэхэмжлэгч хүү алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна.
Хэргийн баримт, талуудын тайлбараар үзэхэд, зохигчдын хооронд 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хүүд хариуцагчийн өмчлөлийн хашаа байшинд амьдрахаар зохигч тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний болон 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний холимог харилцаа үүссэн байх ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан гэж, хариуцагч хашаа байшинг хүлээлгэн өгөөгүй тул 2023.03.08-ны өдөр хаалганыхаа цоожийг сольж өөрөө орсон гэж зөрүүтэй тайлбарлаж, хэн аль нь бичгийн баримтаар тайлбараа нотлоогүй.
Иймд шүүх 2023.04.04-ний өдөр 6 600 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл 6 000 000 төгрөг дээр нэмж 600 000 төгрөгийг нэмсэн үйл баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнээд 2023.01.10-ны өдөр гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд эд хөрөнгө хөлслөх тухай гэрээг 2023.01.10-ны өдөр цуцалсан гэж тогтоов.
Нэхэмжлэгч 2023.04.04-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардах боловч уг гэрээ нь 2022.12.16-ны өдрийн гэрээг цуцалсантай холбогдуулан үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон агуулгатай, уг гэрээний дагуу 6 600 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч 2023.04.04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, харин 2022.12.16-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2023.04.14-ний өдөр хүртэл сунгасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, 3 сарын 3 хувийн хүү 540 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч 2022.12.16-ны өдрөөс 2023.01.10-ны өдөр хүртэл 24 хоног эд хөрөнгийг хөлсөлсөн гэж үзвэл тухайн хугацаанд харгалзах 48 000 төгрөгийг хасч, гэрээний хугацааг сунгасан 2023.03.16-ны өдрөөс 2023.04.14-ний өдөр хүртэл 28 хоногийн хүү 56 000 төгрөгийг нэмж, нийт 548 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Д иас 548 000 /таван зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 329 000 /хоёр сая гурван зуун хорин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д иас 17 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ