Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/03637

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2023/03637 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 36-р хороо, ***** тоот хаягт оршин суух, Б  овогт И.Ц /РД:СЮ*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ******* тоот хаягт оршин суух, Т ХХК /РД:******/-д холбогдох

 

Гэм хорын хохирол 8 498 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч И.Ц ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 

Иргэдийн төлөөлөгч Х.Ц 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.Ц  нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хохиролд 8 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн И.Ц ийн хувьд Toyato aqua маркийн **** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орой 23 цагийн орчимд болсон ослын хэрэгт зөрчлийн хэрэг нээж **** УНУ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийг гэм буруутай гэдгийг тогтоогоод хариуцлага оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Өмнөх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангуулаарай гэсэн үүднээс нотлох баримтын шаардлага хангуулаад хэрэгт хийсэн байгаа. Дээрх ослын улмаас хөрөнгө, даатгалын хохирлын А ХХК-ийн 26 тоот үнэлгээний тайлан хавтас хэрэгт авагдсан. Үүний зорилго нь ослоос үүссэн хохирлыг тооцоолох гээд нийт тухайн ослоос үүссэн хохиролд 8 498 000 төгрөг гарсан байдаг. Дээрх хохирлыг хариуцагч Т ХХК буюу **** УНУ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардаж нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад бичгээр хариу тайлбар хэрэгт ирүүлээгүй боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан. Үүнд: Тухайн үед бид бүхэн авто засвар хайж үзэж байсан. Тэгэхэд үнэлгээ нь арай бага байсан. Энэ үнэлгээ нь арай өндөр гарсан байна. **** УНУ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгсэл Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч гэсэн жолоодож зөрчил гаргасан жолооч л энэ асуудлыг хариуцна гэж үзэж байгаа тул манай компанид хамааралгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.02.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И.Цийн төрсний гэрчилгээний хуулбар, 2023.02.03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороооны Засаг даргын 556 дугаар тодорхойлолт, 43-22 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, 2022.06.01-ний өдрийн А ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургууд, 2022.07.06-ны өдрийн Зөрчлийн 2217000135 дугаартай хавтаст хэргийн товьёог, 2022.06.08-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2022.06.22-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол, 2022.05.31-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2022.06.01-ний өдрийн Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, 2022.06.01-ний өдрийн Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, 2022.05.31-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2022.06.01-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2022.06.01-ний өдрийн Хохирогоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2022.06.07-ны өдрийн Прокуророос зөвшөөрөл авах тухай санал, 2022.06.02-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 59 дүгээр Прокурорын зөвшөөрөл, 2022.06.08-ны өдрийн 8076 дугаар Шинжээчийн дүгнэлт, 2022.06.20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл, 2022.09.15-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн хэргийг хүргүүлсэн тухай албан бичиг, 2022.06.02-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай хүсэлт, 2022.06.02-ны өдрийн 140 дүгээр шинжээчийн дүгнэлт, 2022.06.20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл, 2022.07.05-ны өдрийн Улаанбаатар хот Налайх дүүрэг Уурхайчин 21-5 тоотод суух 89248685 дугаарын утастай С.Ж д хариу мэдэгдэх хуудас, Н.Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, 2022.06.21-ний өдрийн Магадлагаа гаргасан тухай баримт, 2022.06.04-ний өдөр Б.Г ын гаргасан баталгаа, 2022.07.06-ны өдрийн Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 2022.07.06-ны өдрийн Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай шийдвэр, 2022.07.06-ны өдрийн 0027324 дугаар Шийтгэлийн хуудас, 2022.09.21-ний өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗЗ/19 дүгээр шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. /хх 3-52 тал/

 

4. Хариуцагчаас: Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.15-ны өдрийн итгэмжлэл, Б.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг хэрэгт ирүүлсэн. /57-61 тал/.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023.04.03-ны өдрийн Т ХХК-ийн тайлбар, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, **** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг хэрэгт бүрдүүлсэн. /хх 57, 58, 61 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Таван Дорж ХХК нь **-** УНУ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд **-** УНУ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд хариуцлагаа хүлээж, нэхэмжлэгч И.Ц т учруулсан хохирлыг төлөх нь зүйтэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2022.06.01-ний өдөр А ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гаргаж, Toyota aqua маркийн **-** ХЭА улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн авто машины хохирлын хэмжээг 8 498 000 төгрөгөөр тогтоосон, /хх 8-9 тал/

 

4.2 Н.Нямсүрэн нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим 58-41 УНӨ улсын дугаартай Mitsubushi l 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэйг тогтоосон, /хх12-44 ху/

 

4.3 **-** УНӨ улсын дугаартай Mitsubushi l 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Н г 400 000 төгрөгөөр торгосон, /хх 47-52 тал/

 

4.4 **-** УНӨ улсын дугаартай Mitsubushi l 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Т ХХК бүртгэлтэй, /хх 72 тал/

 

4.5 **-** ХЭА улсын дугаартай, Toyota aqua маркийн тээдрийн хэрэгслийн өмчлөгчөөр И.Ц бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 7 тал/

 

5. Зохигч, осол гаргасан гэм буруутай эсэх, хохирлын хэмжээ зэрэгт маргаангүй, харин ослын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах тухайд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 499.4Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

 

Хэргийн баримтаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н.Нямсүрэн нь 58-41 УНӨ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч И.Ц ийн өмчлөлийн Toyota aqua маркийн **-** ХЭА улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн авто машиныг мөргөж, 8 498 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Т ХХК нь автомашиныг жолоодож явсан этгээд хохирлын хариуцах нь зүйтэй гэх агуулгаар татгалзлаа тайлбарлах боловч хэнийг хариуцагчаар тодорхойлох нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх хэмжээнд хамаарах ба **--** УНӨ улсын дугаартай Mitsubushi L 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Т ХХК мөн болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 499.4-т зааснаар нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирлыг хариуцах үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн 2022.06.01-ний өдрийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар **-** ХЭА улсын дугаартай, Toyota aqua маркийн авто машинд 8 498 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг хэмжээг хариуцагч маргаагүй тул хариуцагч Т  ХХК-иас 8 498 000 төгрөг гаргуулан нэхэмжлэнгч И.Ц т олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

7. Хариуцагч Т  ХХк нь буруутай этгээдээс дээрх төлбөрийг гаргуулахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Ц  осол гаргаж хүнийг эд хөрөнгөөр хохироосон тул нэхэмжилж буй мөнгийг өгсөн нь зөв гэж бодож байна гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т  ХХК /РД:*******/-иас 8 498 000 /найман сая дөрвөн зуун ерэн найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Ц /РД:СЮ********/-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 150 918 /нэг зуун тавин мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол

гаргах эрхтэйг дурдсугай.


 



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ