| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2106000001142 |
| Дугаар | 2021/ДШМ/934 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/934
П.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Л-д холбогдох 2106000001142 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч П.Л нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “.....” ХХК-ийн хашааны баруун талын гудамжинд 22 цагийн үед иргэн Р.Э-тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Лгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогтой П-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар П.Л-д 12 /арван хоёр/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгийн цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж, талийгаачийн аав, ээж, эхнэр, хүүхдүүдээс нь чин сэтгэлийн уучлалт гуйж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ял хэдийгээр хуульд заасан зүйлчлэлээр ялын хэмжээ хязгаар дотор оногдуулж болохоор заасан ял хэдий ч хэргийн бодит байдалд тохироогүй хүнд ял оногдуулсанд гомдол гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг шүүх заавал хэрэглэх шинжийг агуулаагүй ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэх хуулийн заалт гэж үзэж байна. П.Лгийн холбогдсон гэмт хэргийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх үнэлсэнгүй.
Харин ч хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар шийтгэх тогтоолын 9 дэх нүүрний 8-9 дэх мөрөнд дурдаж оруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, мөн 20 сая төгрөг төлсөн баримтаар/ няцаагдаж байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Хор уршиг арилаагүй гэдгийг өмгөөлөгчийн хувьд ойлгож байгаа болно. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн.Мөн шийтгэх тогтоолд цаашид гарах гэм хорын хохирлоо хуулийн дагуу жич нэхэмжлэн, иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би П.Лг уучилсан. Үнэхээр гэм буруугаа ойлгосон байна. Миний хохирлыг барагдуулсан гэж ярьж байгаад эмзэглэж байна. Гэхдээ би бүх зүйлийг мартсан. Надад П.Л-д гомдоод, олон жилийн ял аваад яваасай гэсэн бодол байхгүй. Өөрсдийнх нь хүсэж байгаагаар ялыг нь багасгаж шийдвэрлэхэд татгалзаад, гомдоод байх зүйл байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах санал, хүсэлт байхгүй. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэж байна. Уг заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж заасан. Хүний амь нас хохирсон хэрэг дээр прокурорын зүгээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх ойлголт байх боломжгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор шийдвэрлэхэд прокуророос нэмэлт тайлбар байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг П.Л-д холбогдох 2106000001142 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Л нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “.....” ХХК-ийн хашааны баруун талын гудамжинд 22 цагийн үед тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Р.Э-тай маргалдаж, улмаар түүний толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож алсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Аийн: “... 23 цаг 30 минутын үед амь хохирогчийн утас руу залгасан чинь утсаа авахгүй салгаад байсан. 23 цаг 32 минутад залгасан чинь амь хохирогч биш П.Л утсыг нь авсан. Найз нь том хэрэг тарьсан танай хүн амьсгалахгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ яг хаана байна юм бэ гэсэн чинь ангийн ард Түмэн төмрийн ар талд байна гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад яваад очсон чинь гудамжинд миний хань машиныхаа хажуу талд газар дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. ...Цагдаагийн машин байхаар нь хаалгыг нь татсан чинь П.Л сууж байсан миний ханийн барьж байсан гар утсыг нь өгсөн. Юу болсон талаар асуусан чинь бид хоёр том хэрэг тарьчихлаа гэж хэлсэн өөр юм хэлээгүй. ...” /1хх 85-89/,
гэрч Д.Хурцгэрэлийн: “...Би тухайн үед нилээн согтсон байсан ба намайг нэг харахад Э, Л хоёр маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байсан. Би очоод салгах гэсэн боловч хүчрээгүй. ...” /1хх 104-106/,
гэрч Ч.Энхтүвшингийн: “...22 цаг өнгөрч байхад утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Э гэх хүний утасны дугаарыг нь олоод залгасан чинь утсаа авахгүй байж Л утсыг авсан яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. Л надад хэлэхдээ хамт архи ууж байсан нэг хүн маань өнгөрчихлөө гэж хэлсэн...” /1хх 163-166/,
гэрч Ш.Түвшинбаатарын: “...Бид нар нэг шил архи хуваагаад ууж байж байгаад Б, Х хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь бид нар салгаад байж байхад Л, Э хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёр маргалдахдаа зодолдсон асуудал байхгүй бид нар салгасан. ...” /1хх 111-114/,
гэрч Б.Наранбаатарын: “...Э машинаас бууж ирээд Хурцгэрэлийг аваад гудамжны баруун тийшээ ойролцоогоор 6-8 метр явсан. П.Л, Хурцгэрэл, Э хоёрын араас очсон. Намайг нэг харахад П.Л Эыг гудамжны тогтоол ус руу түлхээд унагасан. Э тогтоол уснаас гарч ирээд П.Лтой барьцалдаж аваад хоёулаа тогтоол ус буюу шавхайны хажууд унацгаасан. Л дээр нь гарчихсан. Э доор нь хэвтэж байхаар нь би очоод П.Лг Эын дээрээс татаад авсан. ...Хурцгэрэл, Түвшинбаяр бид гурав Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн шалган нэвтрүүлэх байранд очсон. Харин П.Л Р.Э хоёр Өлгийн 04 дүгээр гудамжинд манай хашааны гадна үлдсэн. ...” /1хх 120-123/,
гэрч Б.Батбаярын: “...Э, Л хоёрыг согтуу хашаа налаад байж байсан болохоор Эын тээврийн хэрэгслийн түлхүүрийг Наранбаатараас аваад буцаад нөгөө гудамжиндаа очсон. Намайг очиход Эын тээврийн хэрэгслийн ойролцоох хэсгээс Л гараад баруун тийшээ алхаж байсан.
Би очоод нэрээр нь дуудтал хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхээр нь хацар руу нь зөөлөн алгадаад Э сэрээрэй гэсэн. Тэгтэл толгой нь хажуу тийшээ унахаар нь би хүзүүний гүрээний судас болон гарын бугалганы дотор судасны цохилтыг тэмтэрч үзэхэд цохилохгүй байсан. Тэгтэл Л ирээд яасан хө гэхээр нь үхчихсэн байна ш дээ. Л тэгтэл яасан гэнэ гээд сандарсан байдалтай, үгүй байлгүй дээ гэсэн. ...” /1хх 142-145/ гэх мэдүүлгүүд,
“...22:48:08 цагт ...хар өмдтэй, шаргал өнгийн хагас түрийтэй гуталтай Л, хар өнгийн гуталтай бараан өнгийн цамцтай Э нар гарч ирээд хоорондоо юм ярьж байгаад 22:49:36 цагт Л баруун гараараа амь хохирогч Эыг нүүрэн хэсэгт нь цохиж унагааж, дээрээс нь баруун гараараа нэг удаа цохиход амь хохирогч Э нь зүүн хөлнөөс нь зуурах үед баруун хөлөөрөө хоёр удаа гэдэс хэсэг рүү нь өшиглөж, үргэлжлүүлэн баруун гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохиж, дахин хоёр удаа баруун хавирга хэсэгт нь өшиглөв. Энэ үед амь хохирогч хөдөлгөөнгүй болж дээш харав. 22:49:56 цагт Л хохирогч Эыг зодож байгаад хойшоогоо ухарч 2 алхаад дахин хохирогч Эыг баруун хавирга хэсэг рүү нь нэг удаа өшиглөв. 22:50:23 цагт Л дахин хохирогч Э руу ойртон очиж, баруун гараараа толгой руу нь 2 удаа цохиж, баруун хөлөөрөө 3 удаа хавирга хэсэг рүү нь өшиглөв. 22:51:10 Л хохирогч Эаас 4 алхам холдож байгаад дахин очиж 5 удаа толгой руу нь алгадаж байна. Мөн хохирогч Эыг дээшээ харсан байдалтай хэвтэж байхад баруун гарыг нь өргөж цээжийг нь давуулж хажуу тийш харуулан хэвтүүлэв. 22:52:30 цагт Л Эын хажууд сууж байгаад орхиод, гудамж руу алхаж явж байгаад 22:52:36 цагт камерийн бичлэгээс гарав. ...22:52:52 цагт Л буцаж гудамжнаас алхан ирж байгаагаар камерийн бичлэгт орж ирэв. 22:53:14 цагт Э дээр очив. 22:53:37 цагт Л Эыг газарт хэвтэж байхад нь ар талаас нь хоёр гараараа тэвэрч босгох гэтэл Э ямарч хариу үйлдэл хийхгүй газарт буцаад уналаа. ...22:54:17 цагт Л Эыг сэрээх гэж 2 гар болон цээжнээс нь дээшээ татахад ямар ч хариу хөдөлгөөн хийсэнгүй. 22:54:48 цагт ...Л Эыг араас нь тэвэрч байгаад хөлийг нь газраар чирч хөндлөн зогсож байгаа приус 20 маркийн тээврийн хэрэгслийн цаад талд хохирогч Эыг авч ирэв. Хяналтын камерийн тусгалд хохирогч Э харагдахгүй боллоо. 22:56:11 цагт Л гудамжинд гарч ирж харанхуй гудамж руу гүйгээд харагдахгүй боллоо. ...23:00:10 цагт Л гүйж орсон харанхуй гудамжнаасаа гарч ирлээ. 23:00:25 цагт Л хөндлөн зогсож байсан Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл рүү очиж камерийн тусгалаас гарлаа. 23:08:37 цагт гудамжаар цэргийн бор алаг хувцастай эрэгтэй хүн гарч ирж хөндлөн зогсож байсан тээврийн хэрэгсэл рүү очлоо. 23:17:07 цагт Л, цэргийн хувцастай 3 хүн амь хохирогчийн хажууд зогсож байгаад гар утсаараа ярьж байна. ...” гэсэн камерийн бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл /1хх 68-75/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 958 дугаартай “...Талийгаачийн биед тархины битүү гэмтэл буюу их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайн, хуйх, зүүн нүдний алимны салст, доод уруул, хүзүү, зүүн мөр, зүүн суга, баруун суга, зүүн бугалга, цээжинд цус хуралт зүүн нүдний гадна булан баруун хацар зүүн хацар эрүү хүзүү баруун тохой баруун шуу баруун бугуй зүүн тохой зүүн шуу, зүүн сарвууны чигчий хуруу, цээж, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүснэ. Дээрх их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан дотор тархмал цус харваж нас баржээ...” шинжээчийн дүгнэлт /1хх 197-202/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч П.Лн тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Р.Э-тай маргалдаж, улмаар түүний толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан...” гэсэн шинжтэй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар П.Лг шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, П.Лн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч П.Л ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, түүний өмгөөлөгч Б.Манлайжав П.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Лн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн /4хх 76-77/ нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Аийн “...шүүгдэгч П.Лг уучилсан, ял шийтгэлийг нь хөнгөлнө үү...” гэсэн хүсэлтийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 10 жилийн хугацаагаар хорих ял болгон багасган хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Л нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатын шүүхээр хэргийн хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар П.Л-д 12 /арван хоёр/ жил хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Л-д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ