Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04008

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Г.Ариунаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:***  хаягт оршин суух, *** ургийн овогт ***нгийн *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** ургийн овогт ***ын *** /РД:***/,

 

гэм хорын хохиролд 913,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*** нь Ш.***д холбогдуулан гэм хорын хохиролд 913,874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б*** тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 12-р сарын 09-ний өдөр дээд давхрын айлаас ус алдаж үүдний хэсэг, гал тогооны хэсэг, зочны өрөөний хэсэгт хохирол үүссэн ба үүдний хэсгийн таазанд нэлэнхийдээ хар, шар судал үүсэж замаск будаг нь хагарч, гоёлын хүрээ нь шарлаж, гал тогооны хэсгийн таазны замаск будаг нь ховхорч хууларсан, хар, шар судал үүсэж хагарч гэмтсэн. Мөн зочны өрөөний хэсгийн таазны замаск будаг нэлэнхийдээ цуурч хагарсан. Тухайн үед тэр даруйд нь сантехникч дуудаж техникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр *** тоот айлын гал тогооны хүйтэн усны 15-ын уян холбоосын жийргээр ус алдсан болох нь тогтоогдсон. Миний бие тухайн орон сууцны өмчлөгч нартай удаа дараа холбогдон ус алдсаны улмаас үүссэн хохирлыг үзэж танилцах, засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатайг мэдэгдэн хүлээцтэй хандсан ба 101 тоотын өмчлөгч нь манайхаас ус алдаагүй, төлөхгүй хэмээн үл ойлголцол үүсгэж хууль журмын дагуу шийдвэрлүүл гэсэн. Энэ байдлаас болж гэр орны тав тухтай байдал алдагдаж байна. Иймд миний эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан *** тоотын оршин суугч Ш.***ас 913,874 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай бага хүү *** манайд ирчихсэн аавтайгаа байж байсан. Үүд тогшихоор нь онгойлгож өгтөл 2 сантехникч ** тоот айлын нөхрийн хамт 3 хүн орж ирээд танайхаас доошоо энэ айл руу ус алдсан байна гээд гал тогооны аяга таваг угаагчийн доод талын уян хоолойг үзсэн. Жийргэвч хэсгээр нь ус гоожиж байна гээд Булангийн хаалтыг солих юм бна гэсэн мөртлөө хүйтэн усыг нь хаагаагүй, халуун усыг хаачихаад явсан. Тэгэхээр хүйтэн ус нь гоожсон ч доод айлыг тийм их хохиролд оруулчихаар гоожоогүй юм байна. Зүгээр байсан гоожоогүй халуун усыг хаасан болохоор өөр газраар гоожсон байх магадлалтай байхаар байна. Хүү маань сантехникчдыг гарахаар нь очиж хартал 2, 3 дусагнасан шал болон гал тогооны шахмал үртсэн хавтангууд нороогүй байхаар нь нөхрийг дуудаад харуулаад шал, хавтангууд нороогүй байхад танайхыг тийм муухай юм нь хуулартал гоожоогүй байх гэхэд юу ч хэлэлгүй гарсан. Үнэлгээний Итгэл-Эстимэйт ХХК нь үнэлгээг гаргахдаа Гал тогоо, Зочны өрөө, Үүдний хэсэг нийт 43 м.кв талбай засах үнэлгээ 853,874 төгрөг гэж үнэлсэн байсан. Мөн орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженер Д.*** нь орон сууцанд ус алдсан үзлэгийн мэдээн дээр Гал тогооны өрөө, Үүдний коридорын өрөө хана таазны шохой эмульс, хананы цаас, усанд норж шарласан гэж бичсэн нь өрөөний тоо, хийх зүйлүүд нь зөрсөн зэргээс харахад дараах зүйлүүдийг бид өөрсдөө хийлгэж баталгаажуулмаар байгааг уламжилж байна. Энэ үйл явдал 2022 оны 12-р сарын 09-ний өдөр биш 2022 оны 1-р сарын 02-ны өдөр болсон тул сар өдөр буруу байв. Хүйтэн усны 15-ын уян холбоосны жийргээр ус алдсан гэчихээд яагаад халуун усыг нь хаагаад хүйтэн ус нь хэвээрээ орхисон юм бол. Мөн үүдний хэсгийн таазанд хар, шар судал үүсэж замаск, будаг нь хагарсан, Зочны өрөөний хэсгийн таазны замаск будаг нь нэлэнхийдээ цуурч хагарсан гэж бичсэн байсан. Энэ дагуу хүү бид хоёр 94 тоотод 2023 оны 2-р сарын 25 буюу Шинийн 6-ны өдөр 19:35 минутад орж ус гоожсон газруудыг харж хэмжиж үзэхэд Гал тогооны урт 2,92 үүнийг 3 м гэж бодоход үүдний өрөөний урт 1,05 үнийг 1 м өргөн нь 2,09 см нийт 8,4 м.кв болж байсан. Ингээд бодоход үнэлгээг яаж хийлгэсэн юм бол гэж асуухад эхнэр *** нь биднийг байхгүйд орж ирээд хийгээд явсан гэж хэлсэн. Үүнээс үзэхэд таньдаг хүнээрээ хийлгэсэн юм уу эсвэл илүү мөнгө төгрөг авах гэсэн санаа сэдэл юм уу гэж бодогдохоор байна. Мөн кв.м нь хамаагүй илүү бичсэн нь ямар учиртайг гайхаж байна. Үнэлгээний Итгэлт-Эстимэйт ХХК нь үнэлэхдээ нийт 43 м.кв талбай засах үнэлгээ нь 853,874 төгрөг гэж үнэлсэн. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер баталгаажуулсан тул энэ байрны Сангийн зургийг үзэх шаардлагатай байна. Мөн бид өөрсдөө хөндлөнгийн барилгын инженерээр үзүүлэх хүсэлтэй байгааг бодолцож үзнэ үү. Хохирсон гээд байгаа зүйлүүдэд үнэлгээ хийлгэх шаардлагатай байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээ /хх 5/, Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх 6-19/, нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 95/,

 

4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 26-31/, итгэмжлэл /хх 60/, гэрэл зураг /62-64/.

 

5.Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 11 дүгээр төвийн албан бичиг, хавсралт /хх 50-53/, Г.О***- гэрчээр асуусан /хх 59/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Ш.***д холбогдуулж 913,874 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ...2022 оны 12-р сарын 09-ний өдөр дээд давхрын айлаас ус алдаж үүдний хэсэг, гал тогооны хэсэг, зочны өрөөний хэсэгт хохирол үүссэн. ...Дүгнэлтээр *** тоот айлын гал тогооны хүйтэн усны 15-ын уян холбоосын жийргээр ус алдсан болох нь тогтоогдсон. гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ...2 сантехникч *** тоот айлын нөхрийн хамт 3 хүн орж ирээд танайхаас доошоо энэ айл руу ус алдсан байна гээд гал тогооны аяга таваг угаагчийн доод талын уян хоолойг үзсэн. ...Жийргэвч хэсгээр нь ус гоожиж байна гээд Булангийн хаалтыг солих юм бна гэсэн мөртлөө хүйтэн усыг нь хаагаагүй, халуун усыг хаачихаад явсан. Энэ үйл явдал 2022 оны 12-р сарын 09-ний өдөр биш 2022 оны 1-р сарын 02-ны өдөр болсон тул сар өдөр буруу байв. ...Мөн кв.м нь хамаагүй илүү бичсэн нь ямар учиртайг гайхаж байна. гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.

 

Ус алдсан явдалд буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол хариуцагч талын буруугаас шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №22-40 Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээ, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-11-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээнд ОСНААУГ-ын ХҮТ-***-ийн харьяа *** тоотын оршин суугч 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн 18:10 цагт ус алдуулсан байна. Ус алдуулсан учир шалтгаан нь *** тоот айлын гал тогооны хүйтэн усны 15-ийн уян холбоосны жийргээр ус алдсанаас доод айл болох 94 тоот айлын Гал тогооны өрөө, үүдний коридорийн өрөөний хана, таазын шохой, эмульс, ханын цаас усанд норж шарлаж, хуурсан, ховхорч унасан зэрэг гэмтэл гарсан байна гэж тусгагдсан байна. Итгэлт эстимэйт ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайланд Хохирлын тухай. Үүдний хэсэг таазанд нилэнхүйдээ хар, шар судал үүсэж замаск будаг нь хагарч, гоёлын хүрээ нь шарласан. Гал тогооны хэсэг таазны замаск будаг нь ховхорч хууларсан, хар, шар судал үүсч хагарч гэмтсэн. Зочны өрөөний хэсэг таазны замаск будаг нилэнхүйдээ цуурч хагарсан. Иргэн Б.***гийн өмчлөлийн орон сууцны барилгын 2 өрөө байранд учирсан хохирлын үнэлгээг 853,874 төгрөгийн үнээр тодорхойлов гэж тусгасан байна.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-***-өөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дуудлага өгсөн талаарх баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-***-ийн албан бичигт *** тоотоос ирсэн дуудлагыг шүүж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 08 минутад дээд айлаас ус алдсан дуудлага *** дугаарын утаснаас ирж, тухайн үед ажиллаж байсан. *** дуудлагын засварчин *** тоотын ариун цэврийн өрөөний ус хураагуурын уян холбоог чангалж усны алдагдлыг 17 цаг 57 минутад арилгасан болно гэж тусгажээ.

 

Хавтаст авагдсан дээрх баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч татгалзлаа ...Энэ үйл явдал 2022 оны 12-р сарын 09-ний өдөр биш 2022 оны 1-р сарын 02-ны өдөр болсон гэж тайлбарласан хэдий ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотлох гэж ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Тодруулбал, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлангаар тогтоосон 853,874 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчийн төлсөн 60,000 төгрөг, нийт 913,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.***ас 913,874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.***ас 26,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА

Н.ХАНГАЛ