Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 0239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Г.Алтанбагана

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч Г.Жавхлантогтох нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар Хангад овгийн Гансүхийн Жавхлантогтоход холбогдох 1725000030021 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шар Хангад овгийн Гансүхийн Жавхлантогтох, Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Эвсэг сайхан” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Булган аймаг Бүрэгхангай сум Цахт багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:ГВ95112013/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Жавхлантогтох нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны зүүн талд согтуугаар Г.Алтанбаганыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Алтанбаганы ... “2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчим байх Жавхлантогтох  надруу залгаад хаана байна би төв рүү ороод ирчихлээ надтай уулзах юм уу гэхээр нь би уулзаж юу хийх билээ гэсэн чинь биллъяард тоглоё гэсэн. Ингээд түүнтэй 10 гаран минутын дараа байх 6-16 дугаар байрны орчим уулзахад Жавхлантогтох Отгонбаатартай хамт байсан. Тэгээд бид 3 Урт цагаан орж түүний дүү болох Жавхлансайханыг аваад 6-16 дугаар байрны биллъяардын газар орж нэг цаг орчим тоглосон. Тоглож байхдаа Жавхлантогтох Дашчирэн, Жавхлантоөгс хоёртой холбоо бариад “Эрдэнэт зочид” буудлын гадна уулзахаар болсон. Ингээд тоглож дуусаад “Эрдэнэт зочид” буудлын гадна ирэхэд Жавхлантөгс Дашчирэн хоёр ирчихсэн байсан бөгөөд бүгдээрээ тус буудлын караокед орж хүний нэг нэг шил пиво болон 0.75 граммын архи зэргийг захиалж авч уусан. Архи бараг дуусч байхад Дашчирэнгийн найз гэх нэг танихгүй залуу орж ирсэн. Ингээд архиа дууссаны дараа дахин нэг нэг шил пиво захиалж авч сууж байгаад 18-19 цагийн үед бүгдээрээ тэндээс гараад 6-5 дугаар байрны дунд байдаг дэлгүүрээс хиам авч идчихээд тэр дэлгүүрээс дахин 2-3 ширхэг 1,5 литрийн пиво авч бүгдээрээ “Эрдэнэт буудал”-ын харалдаа урд уул руу гарч уусан. Пиво дуусахын үед Жавхлансайхан хоёулаа “Баян” худалдааны төв орчихоод ирье гээд цуг явсан. “Баян” төвийн гадна Жавхлансайхан нэг охинтой уулзаж байх хооронд над руу эгч маань залгаад гэрт ир гээд дуудаад байхаар нь би харьлаа шүү гэдгээ Жавхлансайханд хэлчихээд явсан. Тэгээд гэртээ иртэл эгч архи дарс уулаа гэж загнаж байгаад хэнтэй явсан гэж асуухаар нь цуг явсан хүмүүсээ хэлсэн. Тэгтэл эгч Жавхлансайханы утас руу залгаад хэлтэл урдаас нь хэрэлдсэн юм шиг байна лээ. Эгчийг утсаар ярьж дууссаны дараа Жавхлансайхан над руу залгаад “эмээгийнхээ мөөмнөөс гараагүй юм уу эгч чинь над руу залгаад уурлаад байна” гэж хэлээд утсаа салгасан. Түүний дараахан Жавхлантогтох над руу залгасанаа “танхайхан ямар том болчихсон юм бэ танай эгч над руу залгаад байна би танайх руу очлоо чи гараад ир гэхээр нь за тэгье хаана яваа юм ” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч 6-11 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талаар гараад иртэл Жавхлантогтох Отгонбаатар  хоёр хүрч ирсэнээ Жавхлантогтох шууд миний нүүр лүү цохих гэтэл би булттал заамдаж аваад толгойн зүүн тал руу нилээд хэдэн удаа цохьсон. Цохьж байхад би “эгч намайг гэртээ ороод ирсэн чинь архи уучихсан байна гээд хөөгөөд гаргачихсан. Намайг ийм байхад чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ ” гэж хэлэхэд дахин заамдаж аваад ам руу нэг удаа цохисон. Цохиулсаны  дараа аманд хатуу юм мэдрэгдсэн. Шүлсээ хаясан чинь 5 шүд уначихсан. Гэтэл Жавхлантогтох дахиад над руу дайрах гэтэл Отгонбаатар одоо болно хөгшөөн гэж хэлээд аваад явсан. Жавхлантогтох надаас холдож явахдаа чи тэр цагдаагаа дуудаарай гэж хэлчихээд явсан.Энэ үед эгч маань хүрч ирээд намайг гэр лүү аваад орсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Гэрч Б.Азжаргалын “Орой 20 цагийн үед дүүрүүгээ залгахад одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй дүү гаднаас орж ирсэн бөгөөд архи уучихсан байхаар нь уур хүрч Жавхлансайхан руу залгаж “яагаад дандаа хүүхэд уруу татаж архи өгч байдаг юм бэ та нарт удаа дараа хэлж байгаа биз дээ ”гэхэд бид ямар авч явсан юм уу ална шүү гэж хэлээд утсаа салгасан. Гэтэл Алтанбаганы утсанд дуудлага ирээд дүү маань ярьж байгаад гарлаа очлоо гэж хэлээд утсаа салгахаар нь хэн юм бэ гэж асуухад Жавхлантогтох ярьж байна “танай эгч хэзээ ийм том болчихсон юм бэ очоод зодчих уу” гэж байна гэж хэлээд гарах гэхээр нь гараад хэрэггүй гэж хэлтэл үг авалгүй гараад явсан Удалгүй би гадуур хувцасаа өмсөөд араас нь гартал дүү маань 6-11 дүгээр байрны зүүн талаас амаа барьчихсан ирж явсан. Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чниь ийм юм болчихлоо гээд гараа автал амнаас нь их цус гарч байсан бөгөөд унасан шүднүүдээ барьчихсан байсан. Ингээд би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

3. Гэрч Б.Отгонбаатарын “Алтанбаганы эгч нь Жавхлансайханы утас руу залгасан аа хүүхэд уруу татлаа гээд уурлаж загасан. Тэгэхээр нь Жавхлантогтох Алтанбаганы утас руу залгаад эгч чинь залгаад байна чи хаана байгаа юм бэ гэж ярьсанаа очиж уулзъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд 6-11 дүгээр байр луу явж байхад өөдөөс Алтанбагана гарч ирсэн. Ингээд Жавхлантогтох бид хоёр түүнтэй 6-11 байрны ертөнцийн зүгээр зүүн талд уулзсан. Жавхлантогтох Алтанбаганад хандаж чи хариач эгч чинь бид нар луу залгаад уурлаад байна гэж хэлээд алгадах гэтэл Алтанбагана бултчихсан. Тэгээд Алтанбагана би хүнд зодуулчихаад гэрээсээ хөөгдөөд гарч ирж байхад чи ингэдэг юм уу гээд Жавхлантогтохыг заамдаад авахад Жавхлантогтох зөрүүлж заамдаж байгаад түүний нүүр лүү цохисон. Тэр хооронд миний утсанд дуудлага ирээд намайг утсаар ярьж байх хооронд Жавхлантогтох Алтанбаганы нүүр лүү нэг удаа цохисон. Гэтэл Алтанбагана амнаасаа цусаа гоожуулаад цаашаа явсан. Цохиулсаны дараахан шүлсээ хаях үед амнаас нь 3 ширхэг шүд унасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

 

4. Гэрч Б.Дашчирэвийн  “тэр үед Нямдорж Жавхлансайхан бид 3 уулан дээр үлдсэн бөгөөд 30 минутын дараа Жавхлантогтох Отгонбаатар нар эргэж ирээд Жавхлантогтох би Алтанбаганыг цохичихлоо гэж хэлсэн. Удалгүй Алтанбагана бид нарын хэн нэгэн рүү залгаад уулзъя гэж хэлэхэд би яваагүй гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

 

5. Гэрч Г.Жавхлансайханы “”Алтанбаганы эгч над руу залгаснаа “ та нар хүүхэд уруу татлаа муусайн гөлөг нар” гэх мэт хэр амаар доромжилсон би ч урдаас нь ганц нэг үг хэлээд утсаа салгасан. Тэгж байтал Дашчирэвийн утас руу Алтанбагана залгаад “та нар хаана байна би гэрээсээ хөөгдчихлөө” гэж хэлэхээр нь манай ах Жавхлантогтох найз Отгонбаатар нар түүнтэй уулзахаар явсан. Тэр хоёр эргэж ирсэнээ ах Жавхлантогтох Алтанбаганыг цохичихлоо гэж хэлсэн. Юунаас болж цохисныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

 

6. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Алтанбаганы биед дээд дөрөв, доод нэг нийт 5 шүд унасан. Доод гурван шүд ганхсан. Хүзүү зүүн чамархайд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, нэг тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь цохих, өшиглөх, унах үед аль алинд нь үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.2-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 15 хувь байна. Гоо сайханд нөлөөлөхгүй ганхсан гурван шүд эмчилгээний үр дүнгүй авагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нэмэгдэж тогтоогдоно” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Жавхлантогтох мэдүүлэхдээ “2017 оны 6 дугаар сарын 16-нд энэ асуудал болсон. Алтанбаганатай маргалдаж шүд рүү нь цохисон. Гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна” гэв. 

 

Хохирогч Г.Алтанбагана мэдүүлэхдээ “Миний хувьд их хэцүү байна. Таван шүд унасан, 3 шүд хөдөлснийг авна гэсэн. Эмчилгээ хийлгэсэн зардал 531 000 төгрөг, шүд хийлгэх зардал 21 332 000 төгрөг, нийт 21 863 700 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч 3 000 000 төгрөгийг төлсөн. Одоо 8 шүд хийлгэх зардлаа гаргуулмаар байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа нь ялын шүүмжлэлдээ “ Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Иймд түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг санал дүгнэлтдээ “Хохирогчид учирсан гэмтлийн улмаас 531 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо 8 шүд хийлгэх зардлаа гаргуулах шаардлагатай байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү”гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир санал дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлын баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүгдэгч хохирогчид 3 000 000 төгрөгийн хохирол сайн дураар төлсөн. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Жавхлантогтох нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны зүүн талд согтуугаар Г.Алтанбаганыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Алтанбагана нь шүд хийлгэх зардлын баримта ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь цаашид гарах гэм хорын хохирлыг шийдэрлэхэд хангалтгүй эргэлзээтэй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Жавхлантогтоход ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Жавхлантогтохыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Жавхлантогтох нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Алтанбагана нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жавхлантогтоход урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС