| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2005033460786 |
| Дугаар | 2021/ДШМ/956 |
| Огноо | 2021-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2021/ДШМ/956
С.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/577 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2005033460786 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
тоотод оршин суух хаягтай,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 815 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож байсан;
Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Я.Лд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг галакси нөүт 5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо “...1. Миний бие Баянгол дүүргийн мөрдөгч нарт удаа дараа гомдол хүсэлт гаргасан байхад гомдол, хүсэлтийг хүлээн авсан хэрнээ шалгаж тогтоохгүй, мөрдөн шалгах ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж шалгасанд гомдолтой байна.
2. Би өөрийн мэдүүлэгтээ Я.Л миний утас аваад шидсэн гэж мэдүүлсэн байхад огт шалгаагүй. Эрүүгийн хуулийг ялгавартай хандаж хэрэглэсэнд гомдолтой байна. Я.Л бусдын эд хөрөнгө гэмтээсэн атал хэрэг үүсгэж шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг тогтоох болон хэргийн оролцогчдын хуульд зааснаар зөв тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн оролцогчдын эрхийг хязгаарласан, мөрдөн байцаах ажиллагааг дутуу хийсэн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж байна.
3. Мөрдөн байцаалтын явцад Болдбаатар намайг хохирогч, болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж би үзэж байна.
4. Мөрдөн байцаах ажиллагааны үед эд мөрийн баримтаар хүлээлгэн өгсөн гар утсыг үнэлгээ хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр хуулийн 1.2 зааснаар прокурорт буцааж, 6.13-т зааснаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гомдол гаргаж, мөн хуулийн 6.14-т хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар гомдол, 6.15-д мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх гомдол гаргаж байна.
6. Хохирогч өөрөө хууль сануулсаар байхад ... чулуугаар атгаж байгаад цохисон гэж мэдүүлдэг, гэтэл уг гэмтэл чулуугаар үүсэх боломжтой эсэх, мөн чулуунаас миний хурууны хээ гарч байгаа эсэх талаар шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан гэтэл хохирогчийн дахин өгсөн мэдүүлэгт ...чулуу биш гараараа цохисон... гэж эргэлзээтэй бодит бус худал мэдүүлэг өгсөн байдаг. Гар утас алга болсон гэж үнэлгээ хийлгэсэн байдаг. Гэтэл алга болсон утсанд яаж үнэлгээ хийлгэдэг юм бэ. Энэ утсаа надаас нэхдэг мөртлөө хэрхэн яаж алга болсон талаар огт үнэн зөв мэдүүлэг өгдөггүй.
7. Я.Л хуурамч баримтаар иргэд хууран мэхэлсэн талаар Баянгол дүүргийн цагдаад болон прокурорт удаа дараа гомдол гаргасан боловч огт шалгахгүй гэдэг боловч гэмт хэргийн шинжтэй гомдлыг Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 1/163 тоот хариу мэдэгдэх хуудасаар 200503346 тоот хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж прокурор Ц.Насанбат мэдэгдсэн. Надад хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар өнөөдрийг хүртэл хариу мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй. 97 оршин суугч нараас хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй. Иймд дээрх хэрэгтэй хамт шийдвэрлэж өгнө үү.
Хэргийн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Б нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Өршөөл үзүүлэх хуульд хамруулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны гадна Я.Л-тай маргалдаж биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Я.Лгийн: “...гар утсаараа яриад явж байхад С.Б надтай таараад өмнөх харилцаанаас болоод надтай маргалдаад миний өөдөөс ирээд миний куртикнээс гараараа заамдахаар нь би гар утсаа энгэрийн халаасанд хийгээд надаас зуураад ална, хоёулаа зодолдоно гээд 55 байрны хойд талд аваачиж зодолдъё гээд орилоод байсан. Тэгээд заамдаж байсан гараа тавиад гэнэт баруун гараа миний нүүр, уруулд цохиод би газарт унасан. Босоод ирэхэд Болдбаатар намайг цохисон газраас 4-5 метрийн зайд зогсож байхаар нь чи юугаар цохьчихвоо гэхэд дуугаралгүй байж байгаад чамайг юугаар цохидог юм гэж хэлээд яваад өгсөн....” /1хх 22-23/,
гэрч Г.Нарантуяагийн: “...яг гэрээс гарах гэж байхад нөхөр Дувсан нүүр нь цус болсон, цус гошожсон байдалтай орж ирсэн. ...Лувсангаас юу босон талаар асуухад Болдбаатартай тааралдаад намайг заамдаад авсан. .Тэгээд камерын дурангаас холдуулж байгаад нүүр рүү чулуугаар цохисон. ...гэж хэлсэн. ...” /хх 147-148/,
шинжээч эмч Н.Энхцолмонгийн: “...Уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, уруулын зүүн дээд хэсэгт хүч үйлчилж үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл уруулын зүүн дээд хэсэгт мохоо зүйлээр цохигдсон гэсэн бусад гэмтэл хүзүүний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүзүү хоолой боох заамдалцах үед үүсгэгдэнэ...” /1хх 152-153/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны №12461 дугаартай: “...Я.Лгийн биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх 48-49/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.Бын таарамжгүй харилцаатай Я.Л-тай маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь “...дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий...” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
С.Б нь энэхүү хэрэгт яллагдагчаар мэдүүлэхдээ: “...10.27 өдөр Я.Л өөрөө үзүүртэй төмрөөр сэтэлсэн. ...” /хх 142/, шүүх хуралдаанд “...тэр хүн өөрөө гартаа үзүүртэй төмөр барьсан байсан. ...” /хх 226/ гэж Я.Лг өөрөө ир үзүүртэй зүйлээр өөртөө гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн, энэхүү мэдүүлэг нь Я.Лгийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан болохыг тогтоосон “...Я.Лгийн биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. ...” /хх 48-49/ гэсэн шинжээчийн дүгнэлт, Я.Лгийн биед үзлэг хийж тус шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн: “...Уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, уруулын зүүн дээд хэсэгт хүч үйлчилж үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл уруулын зүүн дээд хэсэгт мохоо зүйлээр цохигдсон ...” /1хх 152-153/ гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж зааснаар шүүгдэгч С.Бын “...хохирогч Я.Л өөртөө гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлгийг нотлогдоогүй гэж үзнэ.
С.Б нь “... тухайн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Я.Л гар утсыг нь авч шидсэнг шалгаагүй, намайг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогоогүй, Я.Лгийн хуурамч баримтаар иргэдийг хуурч мэхлэсэн үйлдлийг шалгаагаагүй...” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн “...С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны гадна Я.Л-тай маргалдаж, биед нь дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн 2005033460786 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд С.Б нь шүүхэд 2005033460786 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаагүй, шүүхэд ирээгүй “...гар утас эвдэрсэн, Я.Лгийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгаагүй...” талаарх асуудлуудаа эрх бүхий байгууллагаар нь шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч С.Бын гаргасан “...хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж зааснаар гэм буруу дээрээ маргасан яллагдагч С.Быг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, С.Быг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин шүүх С.Бын үйлдсэн гэмт хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үед С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарагдаж байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ