Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Х.Бүжин

Шүүгдэгч Ц.Төөрүүл нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногоон туг овгийн Цэдэнбалын Төөрүүлд холбогдох 201714000294 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Ногоон туг овгийн Цэдэнбалын Төөрүүл, Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчлгээнд явдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-өндөр сум Их залуу баг 13-в-4 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:ОА89021213/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Төөрүүл нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 1-2 тоотод Х.Бүжинтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж улмаар Х.Бүжинг түлхэж унаган биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Х.Бүжингийн ... “2017 оны 04 сарын 19-ний өдөр манай найз Давкаагийн төрсөн өдөр болоод бид нар архи уусан юм. Ингээд манай гэрт Бадамсүрэн Төөрүүл нарын хамт очиж бид нар гэрт нэг шил архи хувааж ууж байгаад хоорондоо жаахан маргалдаж байхад намайг Төөрүүл газар түлхэж унагаахаар нь би газар унахдаа гараараа эвгүй тулаад унасан чинь миний зүүн гарын бугуй хэсгээрээ дороо хавдсан юм. Тэгсэн манай хашаанд цугтаа байсан манай охин болон охины найз нар дуудлага өгч Төөрүүлийг цагдаад өгч явуулсан байсан. Тэгээд том охины дуудаад хүлээн авах дээр очиж гарынхаа зургыг авахуулахад зүүн гарын бугуй хэсгээрээ хугарсан байна гэсэн” мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/

 

2. Гэрч Ц.Бадамсүрэнгийн ... “Найз Бүжингийн гэрт ирээд мөн архи уусан. Би дунд зэрэг согтуу байсан. Бүжин бол нилээд согтсон байсан. Төөрүүл бас бага зэрэг согтуу байсан. Би яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн тэр хоёр маргалдаад байсан. Ц.Төөрүүл орон дээр сууж байсан. Бүжин газар сууж байсан. Тэгээд Бүжин өндийж босч ирээд Төөрүүлийг чи одоо яв би найзтайгаа цуг архи уумаар байна. гэж хэлж байсан. Тэгээд тэрхэн үед Төөрүүлтэй маргалдаж байгаад гартаа барьсан байсан хундагатай архиа Төөрүүл рүү цацсан юм. Тэгсэн Төөрүүл орон дээрээс өндийж ирээд Бүжингийн цээж хэсэг рүү гараар түлхэж унагаасан юм. Тэгээд Бүжин хойшоо газарт унаад босох гэхдээ гар эвгүй болчихлоо гээд ёолж байсан. Тэр үед гар нь хавдаад ирсэн ” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 22-24-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй гэрч Б.Баттөгсийн ... “Тэр орой гэртээ ганцаараа компьютер тоглоод сууж байхад орой 22 цаг өнгөрч байсан байх манай ээж, ээжийн найз Бадамсүрэн нар мөн нэг ахтай орж ирсэн. Гаднаас архи авч ирж уусан. Тухайн үед би чихэвч зүүгээд Дота гэдэг тоглоом тоглож байсан. Тэгсэн удалгүй манай ээж гэнэт орилоод уйлаад эхэлсэн. Би гэрээсээ гялс гутлаа өмсөж гараад төрсөн эгч Буянжаргалыг дуудан оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 хуудас/

 

4. Гэрч Б.Буянжаргалын ... “Тэгээд ээж дээрээ яваад ортол гараа барьчихсан уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад ээж Төөрүүлийг өөрийг нь түлхээд унагаачихсан гэж байсан. Би тухайн үед шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар орж ирээд Төөрүүлийг аваад гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-26-р хуудас/

 

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Бүжингийн биед зүүн гарын шууны ясны далд хугарал үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-21-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Төөрүүл мэдүүлэхдээ “ мэдүүлэг өгөхгүй. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв. 

 

Хохирогч Х.Бүжин мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч Ц.Төөрүүл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй “ гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Төөрүүл нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 1-2 тоотод Х.Бүжинтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж улмаар Х.Бүжинг түлхэж унаган биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ногоон туг овгийн Цэдэнбалын Төөрүүлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төөрүүлийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Төөрүүлд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төөрүүлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС