Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1710

 

Г.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01297 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 21 900 000 төгрөг гаргуулах тухай, гуравдагч этгээд М.Гийн 21 132 108 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ч нь Б.Б-т холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Би анхнаасаа энэ орон сууцыг авах хүсэлгүй байсан, манай ах М. надаас гуйж, өөрийн нэр дээр зээл гаргуулж өгөөч гэсний дагуу гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр огт төлөгдөөгүй. Зээл батлагдсан ч төлбөр мөнгөө хэнд шилжүүлэх асуудал, маргаан үүсэхээр нь би зээл авахаа больсон... гэж маргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6 байрны 85 тоот 36,54 м.кв орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр өөрчилсөн юм. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөсний дараа хариуцагч Б.Б өмнөх тайлбар, байр сууриа өөрчилж, энэ орон сууц миний өмчлөлийнх, төлбөрийг нь М.Г ах төлсөн, байраа буцаахгүй гэх болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэгч Г.Ч, М.Г нар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 52/6 байрны 85 тоот хаягт байрлах, 36.54 м.кв 1 өрөө орон сууцыг дундаа хэсгээр хамтран өмчлөхөөр тохиролцож, орон сууцны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр М.Г-ийг оруулсан. ...М.Г нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, улмаар ажлаасаа халагдсан. Мөн М.Г өөрөө хүсэлт гаргаж, орон сууцаа үнийг нь бүрэн төлөөд авъя, миний цалингаас суутгуулсан мөнгийг урьдчилгаанд тооцоод үлдэгдэл төлбөр дээр банкны зээл хөөцөлдөнө гэсэн. Энэ саналыг ньнэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрсөн бөгөөд М.Г өөрийн хүргэн дүү Б.Б гэх хүн энэ орон сууцыг худалдаж авахаар болсон, Б.Б дээр зээл гарах боломжтой болсон гэсэн ба Голомт банкнаас нягтлахад Голомт банк Б.Б-ийн зээл батлагдсан гэж албан бичгээр мэдэгдсэн. 2017 оны 5 дугаарсарын 02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг Б.Б-д шилжүүлэх болж, үүний дагуу дурдсан орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.Б нь шилжүүлэн авсан болно. Гэрээний дагуу 25.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөх ёстой байсан. Орон сууцны өмчлөх эрх шилжсэний дараа зээл авах хүсэлт гаргаж, зээлийн шийдвэр нь гарсан байсан ч Б.Б өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй Б.Б нь орон сууцны урьдчилгаа төлбөр 18.800.000 төгрөгийг М.Г-т өгсөн гэсэн. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Б нь нэг ч төгрөгийг Г.Ч-д төлөөгүй байгаа. Худалдагдсан орон сууцны үнэ 43.800.000 төгрөг. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 241 дүгээр зүйлийн 241.7-д зааснаар орон сууцны үнийг хамтран өмчлөгч нар тэнцүү шаардах эрхтэй тул үнийн дүнгийн 50 хувь болох 21.900.000 төгрөгийг хариуцагч Б.Б-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Г, Г.Ч нартай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр үзэж байгаа. Г.Ч, М.Г нарын хамтран өмчилж байсан уг байрны үнээс 39 сая орчим төгрөгийг М.Г-т төлж барагдуулсан. Уг гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас авч, төлөхөөр болсон юм. Голомт банк нь миний авсан зээлийг надад биш Ч-гийн данс руу шилжүүлэх гэсэн. Ингээд М.Г, Г.Ч нарын хооронд төлбөр мөнгөний маргаан гарч үүнийгээ шийдвэрлэж чадалгүй Голомт банк зээлээ олгоогүй, Голомт банк зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалсан, барьцаанаас чөлөөлөөгүй байгаа юм. Иймд М.Г-т орон сууцны үнэд 21.132.108 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г миний бие 2010 онд “ЖЭЮГ” ХХК-д экскаваторын операторчноор ажилд орж ажилласан бөгөөд тус компаниас ажилчиддаа олгосон орон сууцны зээлд 2014 оноос эхлэн хамрагдаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 52/6 байрны 85 тоотод байрлах 36.54 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц /орон сууцны үнэ 43.800.000 төгрөг/-ны түлхүүрийг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нүүж орсон. Байрны нийт үнэ төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хамтран өмчлөгчөөр “ЖЭЮГ” ХХК-ийн захирал Г.Ч-ийн дүү Г.Ч болон миний нэр дээр гарсан. Миний хувьд тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн ачааны авто машинаар гүйцэтгэсэн ажлын хөлс 23.571.390 төгрөг, эхнэр Б.М-ийн цалингаас 2.000.000 төгрөг, өөрийн цалин 6.360.718 төгрөг, орон сууцны урьдчилгаанд төлсөн 8.000.000 төгрөг, нийт 39.932.108 төгрөгийг байрны үнэд тус компанид төлсөн. Өөрөөр хэлбэл М.Г миний бие нь Б.Б-өөс худалдах худалдан авах гэрээний дагуу байрны үлдэгдэл төлбөрт төлөгдөх 25.000.000 төгрөгөөс 21.132.108 төгрөг, Г.Ч нь 3.867.892 төгрөг авах ёстой байтал М.Ч нь 21.900.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Б-өөс 21.132.108 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр нь М.Г болон түүний эхнэр Б.М нарын цалин хөлс орлогоороо худалдан авсан, тэдний өмч юм. Миний хувьд уг байрны өмчлөгчөөр хэвээр үлдэх хүсэлттэй байх тул нэхэмжилж байгаа 21.132.108 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э хариу тайлбартаа: Хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй М.Г нь миний төрсөн эгч Б.М-ийн нөхөр бөгөөд бид ах дүү хоорондоо маргааны зүйл болсон байрыг өгч авалцан тооцоо хийхээр тохирсон ба хүргэн ах, төрсөн эгч хоёрынхоо хөлс хүч, хөдөлмөрөө шингээн авсан байрыг шуналтай хүмүүсийн үгээр орж буцаах хүсэлгүй байгаа тул шүүх хэргийн үнэн мөнийг шүүж жинхэнэ өмчлөгчийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Г.Ч нь тус байрны хамтран өмчлөгч мөн боловч хэдий хэмжээний зүйл нэхэмжлэх эрхтэй вэ гэдгийг шүүх тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд худалдах, худалдах авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 241 дүгээр зүйлийн 241.7-д зааснаар хариуцагч Б.Б-өөс нийт 25.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ч-д 12.500.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-т 12.500.000 төгрөг тус тус олгож, Г.Ч-ийн нэхэмжлэлээс 9.400.000 төгрөгт холбогдох, М.Г-ийн шаардлагаас 8.632.108 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532.400 төгрөгөөс 267.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 264.950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Ч-д буцаан олгох, хариуцагч Б.Б-өөс 214.950 төгрөг гаргуулж Г.Ч-д олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-өөс төлсөн 263.661 төгрөгөөс 263.610 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж илүү төлсөн 51 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгох, хариуцагч Б.Б-өөс 214.950 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан тус шүүхийн шүүгчийн 06 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2019/05505 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 5 сарын 02-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний үнэ нь 43.800.000 төгрөг бөгөөд уг гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч Г.Ч 1 ч төгрөг аваагүй, үүнийг хариуцагч ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Анхан  шатны  шүүхийн  шийдвэрт ч  "Б.Б нь  орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт 18.800.000 төгрвгийг М.Г-т төлж энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба тухайн үйл баримтын талаар хэн талуудын хэн аль нь маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа болно" гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Г.Ч-ийн авах ёстой мөнгийг нийт байрны үнээс бус, харин 25.000.000 төгрөгөөс л тооцсон нь алдаатай болжээ. Нэгэнт хариуцагч Б.Б иь орон сууцны төлбөрөөс нэхэмжлэгчид огт төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дах хэсэгт заасны дагуу орон сууцны нийт үнэ болох 43.800.000 төгрөгийн тал хувь буюу 21.900.000 төгрөгийг уг орон сууцны хамтран өмчлөгч Г.Ч нь шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас нийт 21.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие маргаан бүхий байрыг зээлд хамрагдаж авч байсан бөгөөд 43.800.000 төгрөгийн үнэтэй байрны 39.932.108 төгрөгийг Ч-д болон “ЖЭЮГ” ХХК-д төлсөн болно. Мөн хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд байрны урьдчилгаанд Ч-д шилжүүлж байсан 6.500.000 төгрөгөөр болон 1.500.000 төгрөгөөр тус тус баримтаар 8.000.000 төгрөг шилжүүлсэнийг үнэлэж үзээгүй. Нэхэмжлэгч хамгийн анхны нэхэмжлэл болоод шүүхэд гаргасан тайлбартаа намайг цалингаасаа байрны мөнгө төлсөн үлдэгдлийг нь байраа зарж гаргаж өгөе гэж тохиролцсон тухайгаа маш тодорхой хэлж бичсээр байтал шүүх Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.7-д зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би “Ч” болон “ЖЭЮГ” ХХК-д байрны мөнгийг төлчихсөн байхад дахин Б-д зарсан мөнгийг авна гэж зүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Ч-д 3.867.892 төгрөг л өгөх ёстойг нотлох баримт нь зааж өгөөд байхад шүүх яагаад тогтоохгүй нотлох баримтыг үнэлж үзээгүй. Иймд шийдвэрийг өөрчилж М.Б-өөс орон сууц худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 25.000.000 төгрөгөөс 21.132.108 төгрөгийг надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гуравдагч этгээд М.Г нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд  21 132 108 төгрөг гаргуулахаар бие даасан  шаардлага гаргаж маргажээ. 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6  дугаар байрны 85 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Ч улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлыг болон 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, эдгээр нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дах заалтыг хэрэглэж нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардах эрх тэнцүү байна гэж дүгнэхдээ Б.Б орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт 18 800 000 төгрөгийг М.Г-т төлсөн гэх үйл баримтыг анхаараагүй байна.

Гуравдагч этгээд М.Г бие даасан шаардлага гаргаж байгаа тохиолдолд уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.Ч, М.Г нарын улсын бүртгэлд бүртггүүлэх болсон үндэслэлийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Нэхэмжлэгч “...М.Г “ЖЭЮГ” ХХК-д ажиллаж байсан ба манай компани ажилтнуудаа дэмжиж орон сууц зээлээр өгч, сар бүр тодорхой үнийн дүнг цалингаас суутгуулах байдлаар төлбөрийг төлөх боломж өгсөн...” гэж анхны нэхэмжлэлдээ дурдсан бол гуравдагч этгээд М.Г “миний бие 2010 онд “ЖЭЮГ” ХХК-д экскаваторын операторчноор ажилд орж ажилласан бөгөөд тус компаниас ажилчиддаа олгосон орон сууцны зээлд 2014 оноос эхлэн хамрагдаж нийт 39 932 108 төгрөгийг байрны үнэд тус компанид төлсөн. Байрны нийт үнэ төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хамтран өмчлөгчөөр “ЖЭЮГ” ХХК-ийн захирал Г.Ч-ийн дүү Г.Ч болон миний нэр дээр гарсан...” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд талуудын тайлбарт дурдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

М.Г нь зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон “ЖЭЮГ”   ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/87 тоот бичгээс үзэхэд М.Г нь тус компанид уг орон сууцтай холбоотой төлбөр, тооцоо байгаа эсэх нь тодорхой бус үлджээ. /хх-ийн 13-15/

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 165 350 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 153 100 төгрөгийг тус тус  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ