Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 0223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овгийн Дарьбазарын Мөнхтүвшинд холбогдох 201714000273 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Гөрөөчин овгийн Дарьбазарын Мөнхтүвшин, Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-5-43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. / ФА78012631/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-5-43 тоотод байх өөрийн гэртээ согтуугаар Х.Чулуун-Эрдэнэ, Г.Батбаяр нартай маргалдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Х.Чулуун-Эрдэний “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед Мөнхтүвшинтэй утсаар ярьж байгаад гэрт нь очсон. Намайг очиход Тодхүү Мөнхтүвшин хоёр гэр байж байсан. Би тэр өлрийн өглөө ажлын газрын хүнтэй 0,33 граммын архи хувааж уучихаад ирсэн. Би тэр хоёртой юм ярьж сууж байгаад Батбаярыг ярьж дуудсан. Удалгүй Батбаяр орж ирээд бид дөрөв нэг шил юм авьч уух гээд мөнгө нийлүүлээд 0,75 граммын архи аваад хувааж уусан. Дахиж нэг шил архи авч уух гээд Мөнхтүвшин гэрээс гараад архи авч орж ирэхдээ Ганбат гэж залуутай хамт орж ирсэн. Бид нар архиа хувааж уугаад дуусаж байсан. Нэг мэдэхэд Мөнхтүвшин бид хоёр маргаж эхлэсэн. Намайг буйдан дээр сууж байхад шууд өшиглөж унагаагаад толгой нуруу руу өшиглөөд байсан. Тэгэхэд Батбаяр цаана нь сууж байгаад одоо болиоч хүн аллаа гээд Мөнхтүвшинг салгасан чинь Батбаярыг цохиод унгасан. Дараа нь дахиад өшиглөөд байх шиг байсан. Батбаяр намайг өргөөд авч гарсан. Би Мөнхтүвшин ахыг янз бүрээр хэлээд энэ маргаан болсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

 

2. Хохирогч Г.Батбаярын  “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байхад 11-12 цагийн үед миний гар утсаар Мөнхтүвшин Чулуун-Эрдэнэ хоёр Мөнхтүвшингийн гэрт байна хүрээд ирээч гэж ярихаар нь би гэрээс гараад очсон. Намайг очиход Мөнхтүвшин, Чулуун-Эрдэнэ, Тодхүү гурав архи уугаагүй эрүүл сууж байсан. Бид авчирсан архиа хувааж уугаад дуусаад юм яриад сууцгаасан. Намайг гар утсаараа мессеж бичээд сууж байхад Мөнхтүвшин Чулуун-Эрдэнэ хоёр маргалдаад эхлэсэн. Юунаас болж маргасаныг би мэдэхгүй байна. Мөнхтүвшин Чулуун-Эрдэнийг цохиод өшиглөөд Тодхүү Ганбат хоёр салгаад суулгахааар хоорондоо маргалдаад босч ирээд цохиж унагаагаад өшиглөөд амнаас нь цус гараад эхлэхээр нь би босоод та хоёр болиоч гээд хоёр тийш нь болгоод холдуулаад бариад зогсож байсан чинь Мөнхтүвшин миний уруул руу цохиод авахаар нь би амаа бариад тонгойгоод суусан чинь нүүр лүү 2-3 удаа өшиглөөд авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 113-14 хуудас/

 

3. Гэрч Б.Тодхүүгийн  “Бид нар тавуулаа 2 шил архи хувааж уугаад дууссаны дараа Чулуун-Эрдэнэ нилээд согтоод хүний дургүй хүргэх юм яриад эхэлсэн. Мөнхтүвшин ах Чулуун-Эрдэнийг чи гэртээ харьж амар нилээд муудсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Чулуун-эрдэнэ гарч яваагүй агсрах гээд янз бүрийн юм ярьж байгаад Мөнхтүвшин ахын том өрөөний дорож дээр шүлсээ хаясан. Мөнхтүвшин чи нилээд согтсон байна битгий гэр оронд шүлсээ хаяаад бай их муудсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь улам агсраад Мөнхтүвшин ахыг чи яах юм зодолдох уу гэхэд Мөнхтүвшин ах нэг алагдаад чи харьж амар гээд гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь Мөнхтүвшин ах Чулуун-Эрдэнэ хоёр түжигнээд зодолдоод эхэлсэн. Тэгэхэд нь би дундуур нь орж салгах гэхэд Батбаяр Мөнхтүвшин ахыг салгах гэхэд цохиод авсан. Ганбат бид хоёр Мөнхтүвшин Чулуун-Эрдэнэ хоёрыг салгаад хоёр талд суулгаад барьж байгаад гайгүй болохоор нь гараад явцгаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-19-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 380 дугаартай дүгнэлтэд: “Хохирогч Г.Батбаярын биед дээд доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстанд цус хуралт үүсчээ. Учирсан гэмтлүүд хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-н 21-22-р хуудас/

 

5. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 381 дугаарай дүгнэлтэд: “Хохирогч Х.Чулуун-эрдэний биед тархи доргилт, хоёр гарын бугалга, цээж зүүн мөрөнд цус хуралт үүсчээ. Учирсан гэмтлүүд хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23-25-р хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхтүвшин мэдүүлэхдээ “шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэх үндэстэй байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-5-43 тоот гэртээ согтуугаар Х.Чулуун-Эрдэнэ, Г.Батбаяр нартай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Батбаяр “би босоод та хоёр болиоч гээд хоёр тийш нь болгоод холдуулаад бариа зогсож байсан чинь Мөнхтүвшин миний уруул руу цохиод авахаар нь би амаа бариад тонгойгоод суусан чинь нүүр лүү 2-3 удаа өшиглөөд авсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Чулуун-Эрдэний “Нэг мэдэхэд Мөнхтүвшин бид хоёр маргаж эхлэсэн. Намайг буйдан дээр сууж байхад шууд өшиглөж унагаагаад толгой нуруу руу өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Чулуун-Эрдэний биед тархины доргилт бүхий гэмтэл үүссэн болохыг тогтоосон шүүх шинжилгээний дүгнэлт, хохирогч Г.Батбаяр биед дээд доод урууланд шарх, зөөлөн эдийн няцралзүүн нүдний алимны салстанд цус хуралт үүссэн болохыг тогтоосон шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч Б.Тодхүүгийн ” Мөнхтүвшин чи нилээд согтсон байна битгий гэр оронд шүлсээ хаяаад бай их муудсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь улам агсраад Мөнхтүвшин ахыг чи яах юм зодолдох уу гэхэд Мөнхтүвшин ах нэг алагдаад чи харьж амар гээд гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь Мөнхтүвшин ах Чулуун-Эрдэнэ хоёр түжигнээд зодолдоод эхэлсэн. Тэгэхэд нь би дундуур нь орж салгах гэхэд Батбаяр Мөнхтүвшин ахыг салгах гэхэд цохиод авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Мөнхтүвшингийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхтүвшинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Гөрөөчин овгийн Дарьбазарын Мөнхтүвшинг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхтүвшинг 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхтүвшинд оногдуулсан 4 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхтүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэ гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС