Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/957

 

 

 

 

                       

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох 2110012910632 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Шүүгдэгч Б.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бусдаас 45 шуудай буюу 502,5 кг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гоос 545,463,750 /таван зуун дөчин таван сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эд мөрийн баримтаар хураагдсан 502.5 килограмм /Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын  үйлчилгээний төвийн хашаанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад хадгалагдаж байгаа/ Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн 2110012910632 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Гэрэл-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 /Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг .../-т зааснаар байгаль орчинд хохирол учруулсан этгээд шууд хариуцахаар заасан байна. Нөхөн төлбөрийг хариуцах жинхэнэ хариуцагч нь Б.Г биш бөгөөд шүүгдэгч Б.Г-ийн хийсэн үйлдэл, байгаль орчинд хохирол учруулсан гэх үйлдэлд шалтгаант холбоо байхгүй. Зүй нь Б.Г нь дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг байгалиас түүж бэлтгэсэн бол харин хохирол учруулсан этгээд гэж үзэж болох юм. Нөгөө талаар байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэснээр байгаль орчинд хохирол учруулах уу? Эсхүл нэгэнт түүж, бэлтгэсэн ургамлыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэснээр хохирол учруулах уу? гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай юм.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс байгаль орчинд хохирол учруулаагүй этгээдэд байгаль орчинд хохирол учруулсан гэж үзсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огт нийцэхгүй байна. Харин хууль бусаар олсон эд зүйл болох ургамлыг хураан авсан нь хууль тогтоомжид бүрэн нийцэж байна.

Шинжээчийн дүгнэлт /2021 оны 7 сарын 22-ний өдөр/- ийн 4 дэх заалтад дурдсанаар дэрэвгэр, жиргэрүү гэх ургамал нь Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Хянган, Дундад, Халх, Дорнод Монголын тойргуудад мөн ойт хээрийн бүслүүр болон хээрийн бүсэд хайргат ба чулуурхаг хээржүү, хялганат хээр, хуурай сайр, атаржсан тариан талбайд ургана гэжээ. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Г нь Өмнөговь аймгаас уг ургамлыг худалдан авч, бусдаар тээвэрлүүлсэн үйл баримт тогтоогддог бөгөөд түүний тээвэрлүүлсэн Өмнөговь аймагт уг дэрэвгэр жиргэрүү гэх ургамал ургадаггүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймаг нь газар зүйн байрлалын хувьд говийн бүслүүрт хамаарах бөгөөд уг бүслүүрт дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамал ургадаггүй учир Б.Гийг байгаль орчинд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь буруу болсон буюу хэргийн байдал, шинжээчийн дүгнэлттэй огт нийцэхгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Г-д холбогдох 2110012910634 дугаартай хэргээс /хх-192/ бусад нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, бусдад худалдсан гэх Эрүүгийн хэргийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хүргүүлэв гэсэн байдаг.

Дээрх баримтаас үзвэл дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг түүсэн, худалдсан этгээдэд холбогдуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь зүй ёсны шалган шийдвэрлэвэл зохих асуудал бөгөөд түүж бэлтгэсэн, худалдсан этгээдийг илрүүлснээр түүнээс байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн гаргуулах боломжтой төдийгүй, магадгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олсоноор байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг хоёр удаа төлүүлэх нөхцөл үүсэхээр байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гоос 545.463.750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь байгаль орчинд хохирол учруулсан шууд үйлдлийг хийгээгүй. Б.Г-ийн хийсэн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүй хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдаж авсан, тээвэрлэсэн гэх үйлдэл байгаа. Энэ үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх зүйлд зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллага байгаль орчинд хохирол учруулсан бол гэж байна. Хохирол учруулсан үйлдлийг хэн хийсэн бэ гэдгийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж хянан шийдвэрлэж байгаа болох нь хавтас хэргийн 192 дугаар талд прокурорын тогтоол авагдсан. Байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хаанаас түүж бэлтгэсэн гэх үйл баримтыг зайлшгүй ярих ёстой. Гэтэл энэ байгалийн ургамал нь хангай болон хээрийн бүсээр ургадаг онцлогтой ургамал болох нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тээвэрлэсэн. Иймд Өмнөговь аймагт ямар нэг хохирол учруулаагүй үйл баримт тогтоогдсон. Б.Г-д холбогдох хэргээс тусгаарласан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж холбогдох гэм буруутай этгээдийг олж тогтоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудал мөн яригдана. Байгаль орчинд учруулсан гэх хохирлын асуудлыг нэг удаа хоёр хүн төлөх нөхцөл байдал үүснэ. Б.Г-ийн хийсэн гэх үйлдэл нь байгаль орчинд учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоо байхгүй. Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг өөрчилж, Б.Гоос 545.463.750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү . ...” гэв. 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бусдаас 45 шуудай буюу 502,5 кг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэж, Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Давж заалдах шатны шүүх Б.Г-д холбогдох 2110012910632 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад 2110012910632 дугаартай Б.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Мөрдөгч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ургамлын шинж чанар, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчийг томилсон тогтоол, шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /хх 96-98/ зэрэг ажиллагаанд шинжээч Н.Амартүвшинг оролцуулсан атал Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг Ж.Аззаяа гэх шинжээч оролцож, Н.Амартүвшинтай хамтран гаргасан /хх 101-102/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн байна.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/хх 101-102/-д  “...Дээжинд ирүүлсэн үндэсний түүсэн хугацааг оноор тодорхойлох боломжгүй боловч үндэсний хүзүүний сахал халцарч байхгүй болсон. Нахианы орой хэсэг элэгдсэн зэргийг үндэслээд түүгээд удсан /2-3 жилийн өмнө түүсэн болов уу/ үндэс гэж үзлээ. ...” гэжээ. Шүүгдэгч Б.Г-ийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаас Улаанбаатар хотруу тээвэрлэсэн 45 шуудай буюу 502,5 кг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2-3 жилийн өмнө түүсэн гэж үзвэл, тус дэрэвгэр жиргэрүү түүсэн хугацаа нь 2018-2019 он байхаар атал экологи, эдийн засгийн үнэлгээг нь тус хугацаанаас хойш гарсан БОАЖ-ын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-677 тушаалын хавсралтаар тогтоосон /хуурайгаар 1 кг нь 217100 төгрөг, нойтноор 1 кг 112,900 төгрөг/ үнэлгээгээр тооцон тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэргийн гол шинж болж буй ургамлын төрөл, шинж чанар, хохирлын хэр хэмжээг тогтоох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт нэн ховор, ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлээс гадна уг ургамлыг “...түүсэн, ...худалдсан, ...хадгалсан” үйлдлийг гэмт хэрэг  үйлдсэн гэж үзэхээр заасанг анхаарч, Б.Г-ийн мөнгө төлж худалдан авсан гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг нотлох шаардлагатай ажиллагааг бүрэн явуулах /хаана хадгалж байсан ургамлыг, хэнээс, хаана байсан хэний мөнгөөр худалдан авсан зэргийг/ шаардлагатай байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох 2110012910632 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасугай.  

2. Хэргийг прокурорт очтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ