2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Н*****, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505023882594 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Р***** овогт Д***** Н*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *****тоотод оршин суух, регистрийн дугаар: *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н***** нь хохирогч М.Б***** биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Н***** нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа хохирогч М.Б***** зам тээврийн ослын улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын алганы 4, 5 дугаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

-Хохирогч М.Б*****  “...2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 02 цаг өнгөрч байхад баруунаас зүүн чиглэлтэй өөрийн Ниссан нөүт маркийн 8633 УБН улсын дугаартай машинтайгаа Баянгол дүүргийн 29 дүгээр хороо төв зам дээр 3 дугаар эгнээгээр явж байтал хажуу талын 2 дугаар эгнээнээс 1273 УЕО улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн цагаан өнгийн машин урдуур дарж орж ирээд шүргэлцээд зогссон. Тэгтэл эрэгтэй бууж ирэхээр нь би чамд зам тавьж өгөөд байхад чинь яагаад урдуур орж ирээд зогсчхож байгаа юм гэж хэлтэл өөдөөс чи дохиогоо өгөөд ороход яадаг юм бэ гэж уурлаад байхаар нь би дохиогоо өгөөд 3 дугаар эгнээн дээр зогсож байсан чи яагаад ирээд мөргөчхөв гээд хэлсэн чинь шууд заамдаж аваад баруун нүдний хэсэг рүү нэг удаа, өөдөөс нь заамдалцаад байж байх үед ахиад гараа далайгаад цохих үед нь баруун гараа өргөөд хамгаалсан чинь миний гарыг хүчтэй цохисон. Тэр залуу намайг доошоо дарж байгаад боосон. Би арай гэж тэр залуугаас салаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5280 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. М.Б***** биед баруун гарын алганы 4,5-р ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөр хоорондоо хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

1.2.   Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5280 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н***** нь хохирогч М.Б***** маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын алганы 4, 5 дугаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Н***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч М.Б***** эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Н*****ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.5.    Хохирол, хор уршиг

Хохирогч М.Б***** биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Шүүгдэгч Д.Н***** нь хохирогч М.Б***** эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 196,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хохирогч М.Б***** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.   Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирол төлбөр нөхөн төлөгдсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Шүүгдэгч: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

2.2.  Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэн өмнө нь өмчилж байсан эсэх (хавтаст хэргийн 43 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэн одоо эзэмшиж байгаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.Н*****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан /, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Н*****т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

2.3.   Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н***** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Шүүх хуралдаанд  улсын яллагчаас хохирогч М.Б***** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, шинжээч томилсон тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгөх санал гаргасан хэдий боловч шүүгдэгч Д.Н*****ийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар татсан ба тухайн шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн атлаа яллагдагч түүний өмгөөлөгчид танилцуулагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх нотлох баримтаар тооцон хүлээн боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Р***** овогт Д***** Н*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*****т 1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*****т оногдуулсан торгох ялыг 03 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н***** нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н***** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б***** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР