Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 0233

 

-

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Э-

Шүүгдэгч О.О-ь нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 172500000003- дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

-

 

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Очирваань 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн ------ тоотод хүргэн ах ******-эй маргалдан толгойн тус газар нь модоор цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Э*ийн “2017 оны 08 дугаар сарын 01-ний миний төрсөн өдөр болоод хамт ажил хийдэг Түвшинбаяр, Нараа Ууганаа, Пүрэвсугар нар болон өөрийн эхнэр Уламбаяр нарын хамт Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байдаг Оргилуун төвийн бааранд үйлчүүлж байгаад шөнө 22 цагийн орчим гэртээ харьсан. Би яг хэдэн цагт харьсанаа сайн мэдэхгүй байна. Бид нар манай гэрт ирээд архи уугаад сууж байсан үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан орсон чинь гэрийнхээ гадна найз Пүрэвсугарын хамт байсан. Миний толгойноос цус гарч байхаар нь цагдаа дуудаад цагдаагийн газар ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

 

2. Гэрч Б.Э-ын “Эрдэнэбилэг ах хашаан дотор танай дүүг чинь гөлөг болгоно. Танайхныг одоо орж гөлөг болгоно гээд байсан. Тэгтэл Очирваань босоод гэрээс гараад явсан. Намайг араас нь гартал Очирваань хашааны гадна Пүрэвсугар түүнийг бариад зогсож байсан. Эрдэнэбилэг байшингийнхаа урд толгойгоо дараад сууж байсан. Удалгүй цагдаа ирээд Эрдэнэбилэг, Очирваань нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

3. Гэрч Ч.П-рын “Би архиндаа согтоод юу болсныг санахгүй байгаа юм. Гэнэт Эрдэнэбилэг Очироод толгойгоо цохиулчихлаа гээд толгойноос нь цус гарсан байдалтай байж байсан. Цагдаа нар ирээд Эрдэнэбилэгийг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р хуудас/

 

4. Гэрч Б.Т-ын “Нараа, Ууганаа, Чинзоо нар харина гээд гараад явсан. Бид дөрөв үлдээд байж байтал Э-р- гэрээсээ гарч яваад удаагүй толгой руу Очироо цохичихлоо гээд толгойноос нь цус гараад орилоод ороод ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

5. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 675 дугаартай дүгнэлтийн “Д.Э-ийн биед хуйханд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн ба мэс заслын оёдолтой байгаа тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй юм. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 26-р хуудас/ О.Очирвааний мэдүүлэг зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч О.О- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Э-г нь мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.О- нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 15-08 тоотод хүргэн ах Д.Э-тэй маргалдан толгойн тус газар модоор цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Э-ийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 675 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч О.О-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Э-мөрдөн байцаалтын шатанд “Миний бие эхнэрийн дүү О.О-тай маргалдан толгойн тус газраа цохиуулсан гэмтэл одоо эдгэрч эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч туслана уу” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч-------хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч О.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС