Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/970

 

 

 

 

      2021         11             16                                              

         

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/592 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 1909020280711 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “........” ХХК-д ажиллаж байхдаа ашиглаж байсан “Д” менежер буюу баримт хэвлэх төхөөрөмжөөр “........” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хэвлэж өөрийн хамаарал бүхий С.Н, П.С, З.А, Ч.Ц, Ч.Д, С.А, О.Б, Ц.Ц нарын И баримтын акаунтад борлуулалт хийсэн мэтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шивж оруулан “........” ХХК-ийн татварт ноогдох орлогын буцаан олголтоос 35,966,713.81 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Бн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргээр хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшисан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-д сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгаас 6.966.713 /зургаан сая есөн зуун жаран зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг даруй гаргуулж хохирогч “........” ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд 29.000.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд шийтгэх тогтоол гарсаны дараа үлдсэн хохирол болох 6.966.713 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ар гэрийн байдал, уг гэмт хэргийн хор хөнөөл, хууль зүйн үр дагаврыг сайн ойлгож мэдсэн. Одоо тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж, Д.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар чөлөөлөх боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан Д.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тухайн үед Д.Б албан тушаалын байдлаа ашиглаж 2018-2019 онд e-barimt-д худалдан борлуулалт хийсэн мэтээр “........” ХХК-д 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед анхан шатны шүүх хуралд 29.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулсан, үлдэгдэл 6.966.713 төгрөг төлөгдөөгүй байсан. Энэ мөнгийг анхан шатны шүүх Д.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял...” гэсэн ялын төрлүүдээс шүүгдэгч Д.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан ба ингэж шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасныг зөрчин дан ганц эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж заасныг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ял нь “...ялтны өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих...” гэсэн тухайн этгээдийн тогтоосон газар, чиглэлээс бусад газар зорчих эрхийг нь тусгай ангид заасан хугацааны дотор хязгаарладаг ял байхад уг ялын зөвхөн нэг хэсэг болох “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг...” Д.Б-д хүлээлгэж, Д.Бн зорчих чиглэлийн хүрээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрхийг хуулиар олгоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт хэргийг буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан “...Д.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэн чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн 1909020280711 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/592 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 1909020280711 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ