| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00446/И |
| Дугаар | 183/ШШ2023/01852 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/01852
2023 оны 06 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/01852 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Я ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Б.А /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 36 711 942 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүй ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Аболон хамтран зээлдэгч Ж.Днар нь манай компанитай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19/013 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 60 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдрийн 19/013 тоот баталгаат ипотекийн гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах, 75 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Б.Ань 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Манай зүгээс удаа дараа зөрчлөө арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Үр дүн гараагүй. Иймд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15 283 128 төгрөг, зээлийн хүүд 17 847 344 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 569 468 төгрөг, нийт 36 699 942 төгрөгийг, нотариатын зардал 12 000 төгрөгийн хамт нийт 36 711 942 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл,хүүгийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 19/013 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, төлбөрийн даалгавар, хамтран зээл хүсэгчийн анкет, баталгаат ипотекийн гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын үйлчилгээний хөлс, зардал хураалгасан мөнгөний тасалбар, мэдэгдэл, бэлэн мөнгө тушаасан баримт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.А2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19/013 тоот зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 15 283 128 төгрөг, зээлийн хүүд 17 847 344 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 569 468 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 36 711 942 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч Б.Ань нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 19/013 дугаар зээлийн болон барьцааны гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч Э ХХК нь зээлдэгч Б.А, хамтран зээлдэгч Ж.Днарт хэрэглээний зээлийн зориулалтаар 60 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Б.А, Ж.Днар гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах, 75 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулжээ. /хх-9-11, 15-17/
5. Зээлдүүлэгч Э ХХК нь оноосон нэрээ Я ХХКболгон өөрчилж 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгосон болох нь гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсэгт бүртгэгдсэнээр болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
7. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
8. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
9. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Дийг хариуцагчаар тодорхойлолгүй, хариуцагч Б.Ад холбогдуулан шаардлага гаргасныг буруутгах боломжгүй. Зээлийн тооцоолол үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгч Я ХХКшүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 12 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Я ХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан 36 711 942 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
13. Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Б.Ашүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
14. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авч зохигчдын саналыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Аас 36 711 942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Ань шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, байрлах, 75 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аас улсын тэмдэгтийн хураамж 441 781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ