| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2026/0338/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/494 |
| Огноо | 2026-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогч Х.Т,
шүүгдэгч Ү.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ү-ийн Ж-д холбогдох эрүүгийн “2106033582949” дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Х.Т-ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утас, Хаан банкны *********** тоот дансны картыг хууль бусаар авч, тус картыг ашиглан Хаан банкны АТМ-аас 820,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Х.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны намар караоке ороод ганц хоёр пиво уусан. Дотор муухайраад ариун цэврийн өрөө ороход касс нь дээр утсаа үлдээгээд явсан байна лээ. Ард нь банкны карттай явж байсан. хоёр удаа АТМ ороод миний картаас мөнгө гаргаж авсан байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.
Шүүгдэгч Ү.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2106033582949 дугаартай хэргээс:
Улсын яллагч Х.Т-ээс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 41-42-р хуудас/, хохирогч Х.Тийн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, гэрч З.Цын мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/, “Мобиком корпорац” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50/12741 дугаартай албан бичиг, Хаан банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-67-р хуудас/, хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 84-85-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №Б31-24-193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.
Шүүгдэгч Ү.Ж нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ү.Ж-д холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Ж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ү.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис нэртэй караокед хохирогч Х.Т-ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утас, Хаан банкны *********** дугаартай дансны картыг хууль бусаар авч, тус картыг ашиглаж, Хаан банкны АТМ-аас 820,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,
- Хохирогч Х.Т-ийн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис караоке дотор өөрийн гар утсаа мартаж үлдээсэн. Тэгээд миний гар утасны гэр дотор миний Хаан банкны виза карт байсан ба уг картнаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг үед 20,000 төгрөг, 200,000 төгрөг, 300,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус авсан байсан. Миний данснаас нийт 820,000 зарлага гарсан байна. Иймд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Миний мартаж үлдээсэн гэх гар утас нь Самсунг А-51 загвартай, цагаан өнгөтэй, ногоон хүрээтэй гэртэй, карт хийдэг хар өнгийн гэртэй, автобусны карт болон Хаан банкны карт байсан байсан. Би уг гар утсыг 2020 оны 09 дүгээр сард Мобикомын салбараас 960,000 төгрөг худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
- Гэрч 3.Ц-ын: “Би цагаан өнгийн “Самсунг А51” загварын гар утас барьж байсан энэ гар утсыг шинэ жилийн өмнө мөнгөний хэрэг гараад хороололд байдаг ломбардад 280,000 төгрөгөөр тавиад авч чадаагүй хаясан. Самсунг-А51 загварын гар утсыг манай хамаатны дүү Ү.Жд байсан. Тэгээд би Жд А50 загварын гар утас дээр 70,000 төгрөгийн зөрүү өгөөд “Самсунг А51” загварын гар утсыг авсан. 2021 оны 10 сард Ж манай гэрт ирэхдээ “Самсунг А51” загварын гар утастай ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
- “Мобиком корпорац” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/7314 дугаартай албан бичиг /хх-ийн 62-63-р хуудас/,
- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50/12741 дугаартай албан бичиг, Хаан банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66- 67-р хуудас/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн “Бичлэгийн 00 минут 08 секундэд улаан өнгийн урт үстэй, цэнхэр цайвар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, махлаг биетэй, бага зэрэг зүүн хөл доголсон мэт алхаж байгаа эмэгтэй хүн 2 дахь АТМ дээр очиж байна. Тухайн эмэгтэйн зүүн талд эхний АТМ дээр ногоон өнгийн куртиктэй, шар өнгийн өмдтэй, эрэгтэй хүн байна. Бичлэгийн 01 минут 33 секундэд тухайн улаан өнгийн урт үстэй, цэнхэр цайвар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, махлаг биетэй, бага зэрэг зүүн хөл доголсон мэт алхаж байгаа эмэгтэй нь Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө гаргуулан авч цэнхэр өнгийн гадуур хувцасны зүүн халаасанд хийж байна. Бичлэгийн 03 минут 53 секундэд тухайн тухайн улаан өнгийн урт үст цэнхэр цайвар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, махлаг биетэй, бага зэрэг зүүн хөл доголсон мэт алхаж байгаа эмэгтэй нь ногоон өнгийн картыг дахин хийж байгаа нь бичигдсэн байна." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 84-85-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №531-24-193 дугаартай “Самсунг а-51 загварын гар утас 270,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Ж-ийн яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдрийн үйл явдал 4 жилийн өмнө болсон болохоор зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 2021 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Чингис нэртэй караокед өөрийн найз Бы Сгын хамтаар орсон. Тэгээд байж байгаад гараад тамхи татаад зогсож байхад С дотроос гарч ирээд өмднийхөө дотор халааснаас цагаан өнгийн Самсунг А51 загварын хар өнгийн кейстэй гар утас гаргаж ирээд надад өгөөд андаа чи наад утсаа ав чи утасгүй байгаа юм чинь гэж хэлээд явъя гялс зугтаая гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр Акумагын ойролцоогоос такси бариад ойролцоо байх Хаан банкны АТМ-н гадна очиж зогсоод намайг чи АТМ орчихоод гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороод тухайн утасны ард талд байсан ногоон өнгийн хаан банкны картыг аваад АТМ-ээс 20 мянган төгрөг таксины мөнгө аваад дараа нь 200,000, 300,000, 300,000-р нийт 4 удаагын үйлдлээр 820.000 гаргаж аваад тухайн газраас хөдлөөд Цамба гэх газар байх зочид буудалд очиж хоносон. Тухайн мөнгийг 400,000, 400,000 төгрөгөөр хувааж аваад Самсунг А51 загварын гар утсыг чи утасгүй юм чинь наад утсаа чи ав гэж дахин хэлсэн. Тухайн үед хаан банкны картны кодыг манай найз Б.С надад хэлж байсан. өнгөтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-р хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121-р хуудас/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123-р хуудас/,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-118-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас өмчлөгч, эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Ү.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Х.Тийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утас, Хаан банкны *********** тоот дансны картыг хууль бусаар авч, тус картыг ашиглан Хаан банкны АТМ-аас 820,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ү.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ж нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т-д 1,090,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 1,090,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Т-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ү.Ж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч Ү.Ж нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 1,090,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ү.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд дээрх “Хулгайлах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Ү.Ж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх санал гаргаж, дээрх хугацаанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 1,090,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулжээ.
Иймээс шүүх шүүгдэгч Ү.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ж нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ү.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овгийн Ү-ийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ү.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ү.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ж нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ