Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01957

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/01957 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух овогт Ц.О /РД: /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух овогт З.А /РД: /-т холбогдох

 

дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононхангай, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дархан Уул аймаг дахь Эрэл цементийн үйлдвэрт эмчээр 21 жил ажиллаж байна. дугаарыг барьж байгаад  дугаарыг хос дугаар болгож авсан. Тухайн дугаарыг барьж байгаад Эрэл цементийн багцад хамрагдвал хоорондоо үнэ төлбөргүй хөнгөлөлт эдэлдэг гэсэн тул уг дугаараа албан бичгээр хамруулсан. Өөрийн нэр дээрх дугаараа хэнд бариулах нь миний хувийн асуудал байсан тул багцад хамруулж охиндоо бариулсан. Охин гадагш явсан тул гэр бүлийн маш олон жил найзалж нөхөрлөж байсан найз З.Ад бариулсан. Найз маань наймаа хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед наймаа хийхэд дугаар гологдоод байгаа талаар хэлэхэд нь юу ч бодож саналгүй охин гадагшаа явсан. 99****** дугаарыг барьж бай Цементийн үйлдвэрийн багцад байгаа талаар хэлж өгсөн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр З.А нь арилжаа наймаа бизнес нь амжилтгүй болж Дархан-Уул аймагт гэрээ ачаад манайд нүүж ирсэн. 2020 оны 5 дугаар сарын 4-ны өдөр З.А бид хоёр хамт Мобиком очиж, дугаарыг асуухад 280 000 орчим төгрөгийн өр төлбөртэй талаар хэлсэн. Би найз нь одоо үүнийг төлж чадахгүй талаар хэлж охин ирээд тус дугаарыг барин гэж тэр өдрөө сануулж хэлсэн. Тэгээд бид хоёр  дугаарыг шинээр худалдаж аваад гэртээ харьсан. Манайд амьдарч байгаад 2020 оны сонгуулийн ажилд явж байгаад явсан. 2021 оны 8 дугаар сард жилийн дараа манайхаас гэрээ нүүлгэж явсан. Гэрээ нүүлгэж авч яваад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу миний төрсөн өдрөөр Э ХХК-д очиж өөр дээрээ шилжүүлээд авсан байсан. Тэр талаар 2022 оны 5 дугаар сард би мэдсэн. Тухайн үедээ мэдээд З.Агаас яагаад миний дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлсэн талаар асуусан тэр үеэс бид хоёрын дунд маргаан үүссэн. Би үйлдвэрийн дарга дээр очоод тухайн болсон явдлын талаар ярьж залруулах бичиг гаргаж шилжүүлэх гэтэл З.А нь өөр компанид шилжүүлсэн байсан тул шилжих боломжгүй байдал үүссэн. Тэгээд шүүхэд хандсан. Тийм намайг  дугаарыг шударга эзэмшигчээр тогтоож, уг дугаарыг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэв.

 

 2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурдаад байгаачлан  дугаарыг хууль бусаар эсхүл гуйж аваагүй бөгөөд нэхэмжлэлдээ хэт гүжирдлэгийн шинжтэй зүйлийг бичсэнд гайхаж байна. Анх 2014 онд найз Ц.О нь миний найз энэ дугаарыг барь төлбөр нь их гараад байна гээд төлбөрийн үлдэгдэл 180 000 төгрөг төлүүлж  дугаарын симийг өгч байсан. Миний бие 2014 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 9 жил ашиглаж, сар бүрийн суурь хураамж 34 200- 48 000 төгрөгийг төлж ирсэн. Нэхэмжлэгч Ц.О нь 2021 оны 12 сар хүртэл дугаараа авна гэж огт ярьж байгаагүй. 2021 оны 12 сард Ц.О нь над руу залгаад дугаарыг авах талаар ярьсан би буцааж өгөх боломжгүй олон жилийн турш ашиглаж, суурь хураамжийг нь төлж ирсэн гэдгээ хэлсэн. Улмаар 2021 оны 12 сард Эрэл группээс над руу яриад 9****** дугаарыг хэдэн жил эзэмшиж байгаа вэ гэхэд 8 жил эзэмшиж байна гэсэн, хариуд нь энэ дугаар манай эзэмшлийн дугаар байгаа юм аа та манай оффис дээр ирээд албан тоот аваад Мобиком ороод өөрийн нэр дээр шилжүүлж ав гэсэн. Улмаар миний бие Э группийн байранд очиж 9*****дугаарын гэрээг шилжүүлэх баримт, мөн миний нэр дээр шилжүүлэх хүсэлт зэргийг авч Мобикомын Зайсан салбар дээр очиж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үйлчилгээний гэрээ байгуулж өөрийн нэр дэр албан ёсоор шилжүүлж авсан болно. Тухайн дугаарыг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 9 жил шударгаар, хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж, зохих ёсны төлбөрийг төлж ирсэн. Гэвч нэхэмжлэгч Ц.О нь гэнэт гарч ирээд дугаарыг маань буцааж шаардаж байгаад ихэд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20197924 дугаартай Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Гэрээний дугаар утасны дугаар бичигдсэн баримт, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай Эрэл группийн Мобиком корпорацид залруулга хийх тухай баримт, 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3/173 дугаартай Э ХХК-ийн цементийн үйлдвэрийн Дархан-Уул аймгийн Мобикомын захиргаанд хүсэлт гаргах тухай баримт, Э ХХК-ийн Цементийн үйлдвэр Дархан-Уул аймгийн Мобикомын салбарт гаргасан хүсэлтийн талаарх баримт, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20197924 дугаартай Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний нэмэлт, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1/055 дугаартай Э ХХК-ийн цементийн үйлдвэрийн баримт, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/20 дугаартай Эрэл ХХК-ийн цементийн үйлдвэрийн тус шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 101 дугаартай Эрэл группийн тус шүүхэд залруулга хийх тухай баримт зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас Мобикомын тодорхойлолт, Хэрэглэгчийн хувийн мэдээлэлийн талаарх баримт, Гэрээ шилжүүлэх тухай баримт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаартай Мобиком корпорацид хүсэлт гаргах тухай баримт, 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Э ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх зохигчдын хүсэлтээр Эрэл групп ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 тоот албан бичгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үйлчилгээний гэрээ болон гэрээ шилжүүлэх актыг хэрэгт нотлох баримтаар гаргуулж, үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Дархан Уул аймаг дахь Эрэл цементийн үйлдвэрт ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн багцад байсан 999**** дугаарыг өөрийн найз З.Ад түр ашиглуулахаар шилжүүлсэн боловч уг дугаарыг миний зөвшөөрөлгүй өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан тул 9***** дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, дугаарыг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж байна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...анх 2014 онд найз Ц.О нь уг дугаарын төлбөр их гараад байна гээд төлбөрийн үлдэгдэл 180 000 төгрөгийг надаар төлүүлж, тэр үеэс хойш миний бие сар бүрийн суурь хураамжийг төлж, 9 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үйлчилгээний гэрээ байгуулж өөрийн нэр дэр албан ёсоор шилжүүлж авсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой, Мобиком корпораци ХХК болон Э* ХХК нарын хооронд байгуулагдсан 20197924 тоот үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нэмэлт, 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Э* ХХК-ийн цементийн үйлдвэрийн 3/173 тоот Дархан-Уул аймгийн Мобикомын захиргаанд гаргасан хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар Эрэл групп гэх албан бланкаар Мобиком корпорацид гаргасан хүсэлт зэргээс дүгнэхэд маргааны зүйл болсон 99*** дугаарыг гэрээний дагуу Э*ХХК эзэмшдэг байсан байна.

 

4.2. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З.А болон Мобиком корпораци ХХК нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч З.А нь эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4.3. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.А нь хүсэл зоригийн дагуу маргааны зүйл болсон 99  дугаарыг хууль ёсоор мэдэлдээ авч, гэрээний дагуу эзэмшиж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.4. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч З.Агаас түүний гэрээний үндсэн дээр эзэмшиж буй  дугаарыг шаардах эрхгүй байна. Тодруулбал, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Ц.Оийг  дугаарын шударга эзэмшигч гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

4.5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Оийн хариуцагч З.Ад холбогдуулан гаргасан  дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хууль зааснаар хуваарилав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Оийн хариуцагч З.Ад холбогдуулан гаргасан  дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ