| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01270/И |
| Дугаар | 183/ШШ2023/01958 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/01958
2023 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/01958 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах Д ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт С.Г /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани С.Гтай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг дансаар, 15 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хөрөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.Гад буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн үүрэг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах, компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр 100 хувь С.Гын эзэмшлийн 50 хувийг эзэмшиж ашиг хүртэх зорилгоор 20 000 000 төгрөгийг бэлнээр, 15 000 000 төгрөгт тооцон хуучин тавилга өгөхөөр гэрээ байгуулсан юм. Үүний дагуу С.Г нь компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Компанийн үйл ажиллагаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан удаашралтай байгаатай холбогдуулан компанийн төслийн санхүүжилтэд зориулж шилжүүлсэн төлбөрөө надаас буцаан авахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн хувьцааны асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20/0015 дугаар зээлийн гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гар бичмэл баримт нь огноо, тоо засвартай эргэлзээтэй баримт тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
4. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, С ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслээ ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 35 000 000 төгрөгийг хариуцагч С.Гаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...С ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.У шилжүүлж, компанийн төслийн санхүүжилтэд зориулж, 20 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгт тооцон тавилгыг шилжүүлсэн. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Д ХХКнь 20 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийн эд хогшлын зээлдэгч С.Гад шилжүүлэх, зээлдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 35 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцжээ.
4.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.
4.3. Н.Уранчимэг, С.Г нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Г нь С ХХК-ийн 50 хувийн хувьцааг Н.У шилжүүлэх, Н.Унь төслийн ажлын санхүүжилтэд зориулж 20 000 000 төгрөгийг С.Гын эзэмшлийн дансанд тушааж, хамтын ажиллагааны ашиг орлогыг хувьцааны дүнгээр хувааж хүртэхээр тохиролцсон байна.
4.4. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Н.УС.Г нарын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, С.Г нь С ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Н.У шилжүүлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь С ХХК-ийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байна.
4.5. Хэргийн 7, 8 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзэхэд Д ХХК-иас С ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус хөрөнгө оруулалт, зээл гэх утгаар шилжүүлсэн байна.
4.6. Нэхэмжлэгчээс шаардлага үндэслэлээ нотлохоор 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар НУ-аас С.Гын Төрийн банк дахь тоот дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээний 2.2-т заасан Н.У-ийн хүлээсэн үүргийн гүйцэтгэл гэж үзэх үндэслэлтэй байна.
4.7. Нэхэмжлэгч Д ХХКнь зээлийн гэрээний дагуу мөнгөн болон хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Гад шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
4.8. Дээрхээс дүгнэхэд, маргааны эрх зүйн баримт бичиг болох 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэв.
4.9. Иймд нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч С.Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч С.Гад холбогдуулан гаргасан 35 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ