Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/971

 

 

 

  

 

А.Э, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/494 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Э, Д.О нарт холбогдох 2010015592263 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /;

2. /; 

Шүүгдэгч А.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лавай авто зогсоол дээр иргэн Х.Б-тай орон нутгийн автобуснаас буусан хүмүүс авах асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, баруун гуя хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Э, Д.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э, Д.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Д.О нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Э, Д.О нарт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Э, Д.О нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч А.Э Д.О нарын үйлдсэн  ...хэрэг цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон.

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил 5 сар 12 хоногийн хугацаа өнгөрсөн байсан буюу ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/494 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Э, Д.О нарт холбогдох 2010015592263 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

Шүүгдэгч А.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лавай авто зогсоол дээр иргэн Х.Б-тай орон нутгийн автобуснаас буусан хүмүүс авах асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, баруун гуя хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Б-ийн: “...нөгөө хүн над руу заагаад энэ хүнтэй явж байгаа километрээр явна гэж хэлэхэд тэр цэнхэр цамцтай жолооч хаанаас гарч явсан новш вэ, хүний хоол булаагаад явдаг новш вэ гэхээр нь тоохгүй явж байхад миний араас ирж хөл рүү өшиглөж, нуруу руу цохихоор нь би эргэж хараад энэ хүн хэнтэй явахаа өөрөө мэднэ гэж хэлэхэд миний нүүр, уруул руу нэлээн хүчтэй цохисон. ...цэнхэр, хар иштэй отверткаар баруун хөл гуя руу цохиж байхад том биетэй залуу үсдэж аваад хоолой бооход нэг өндөр залуу ирээд баруун нүд рүү цохисон. ...намайг эхэлж цохисон болон үсдэж цохисон залуу хоёрыг би явуулахгүй гээд зууралдаж байхад намайг боогоод цохисон. ...” /хх 10-14, 117/, 

гэрч П.Баярсайханы: “...17 цагийн Өмнөговь аймгийн автобус ирэхээр нь хүн авч явах гээд байж байтал зүс таних А.Э нь нэг танихгүй залуутай барьцалдаад зууралдаад байснаа цааш бетонон ханын хажуу талд очоод салахгүй зууралдаад байхад нь Д.О очин салгаж байсан...” /хх 22-23/,

А.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Б бид хоёр миний машины ард маргалдсан бөгөөд маргалдаж байгаад би Бг мөрлөсөн чинь намайг шууд нэг удаа мөргөчихсөн. Тэгээд намайг заамдаад авахаар нь би тэрний нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон... Д.О Бг боль гэж хэлтэл нөгөө гараараа Д.Ог бас заамдаж авангуутаа гараа тавиад Д.Огийн нүүрэнд нэг удаа цохисон. Тэгтэл Д.О Бг гараажийн хаалт дээр дээш нь харуулж дараад гараараа нүүр лүү нь нэгээс хоёр удаа цохисон, бас нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон...” /хх 130-131/, 

Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Х.Б эхлээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд хумсаараа нүүр маажсан болохоор би Бн цээж рүү нь гараараа цохисон бөгөөд бичлэг дээр бол би Бн толгой руу цохиж байгаа зүйл харагдаж байна. Тухайн үед би цээж рүү нь цохисон гэж бодоод байсан юм...” /хх 193-194/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дугаар сарын 8-ны өдрийн 4224 дугаартай “...Х.Б-ийн биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, 1 шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цээж, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалгын цус хуралт, баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал ба цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, баруун гуяны хатгагдсан шарх ба цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, баруун гуяны хатгагдсан шарх ба цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 28-29/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч А.Э, Д.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба тэдний нэг санаа зорилгын хүрээнд, нэг цаг хугацаанд хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн буюу “...тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, 1 шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цээж, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалгын цус хуралт, баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” гэмтлүүд учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.     

Тэдний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс торгох ялыг сонгож, заасан торгох ялын хэмжээний дотор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Прокурор О.Алтангэрэл нь “...шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар уг хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил 5 сар 12 хоногийн хугацаа өнгөрч, А.Э, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Шүүгдэгч А.Э, Д.О нарын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдсэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол дуусах гэмт хэрэг мөн байна.

Гэхдээ А.Э, Д.О нарын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдсэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс явуулж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А.Эыг /хх 46-47/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Д.Ог /хх 184-186/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулсан гэж үзнэ.

Түүнчлэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А.Эыг /хх 46-47/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Д.Ог /хх 184-186/ яллагдагчаар татсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. ...” гэж зааснаар анхан шатны шүүх А.Э, Д.О нарын үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул прокурорын эсэргүүцлийн “...2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсон...” үндэслэлээр материаллаг хууль болох Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/494 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ