Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1707

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй 

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01612 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-д холбогдох

Гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 9.30 цагт Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах UВН центрийн зүүн урьд авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулаад ажилдаа орсон. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал над руу машин чинь шатаж байна гэж хүн залгасан яваад ирэхэд миний машин шатаад дууссан байсан. Энэхүү асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Т.С-т шалгаад иргэн Г.М-д татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин шатаж, “АБ” ХХК-ийн үнэлгээгээр автомашинд 6.679.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Гэтэл Дүүргийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1680 тоот Прокурорын тогтоол гарч “...хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо шийдвэрлүүлэх үндэслэлтэй” гэж шийдсэн. Иймд Г.М-аас автомашинд учирсан хохирол 6.679.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 400.000 төгрөг, нийт 7.079.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа UBH барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн савны наад тал руу нь шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана унасан. Тамхины ишийг хогийн сав руу шидээгүй, тамхины иш цементэн дээр унасан бөгөөд тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.А-гийн автомашин шатаагүй юм. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний шууд болон шууд бус үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 5.329.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.750.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 100.214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн санаачилгаар "...тогтоолд заасан баримтуудыг дутуу ирүүлсэн..." гэх үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1839 дугаар албан тоотоор өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбогдох баримтуудыг шүүхэд яаралтай ирүүлэхийг даалгаж, Авто тээврийн үндэсний төвөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар албан бичгээр, нийт 82 хуудас тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа гэх баримт дахин хүргүүлсэн болохыг шүүхээс мэдэгдээгүй, эдгээр баримт шинээр ирсэн талаар хариуцагч талд мэдээгүй болно. Хэрэгт гал юунаас болж гарсан, хаанаас эхэлж гарсан, тээврийн хэрэгсэл хаана байрлаж байсан, хогийн цэг гал гарсан цэгээс болон тээврийн хэрэгслээс хэдэн метрийн зайтай байрлаж байсныг буюу Г.М-ын тамхи татсан үйлдлийн улмаас гал гарсныг тодорхой нотолсон баримт байдаггүй. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь гал гарсантай огт хамааралгүй баримт билээ. Галын аюулгүй байдлын тухай хууль /2015 он/-д хуульд зааснаас үзэхэд гал түймэр гарч иргэн хуулийн этгээдийи эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд гал түймэр гарсан тухай акт, гал түймэр гарсан тухай тэмдэглэл, галын шинжээчийн дүгнэлт гардаг болох нь харагдаж байна. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулсан эдгээр баримт нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн,  хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.М-д холбогдуулан гэм хорын хохиролд  7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

 Анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Уранчимэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй явуулсан боловч эдгээр шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

Нөгөө талаар, хариуцагч Г.М-д, түүний өмгөөлөгч Б.Э нарт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 хавтас, 78 хуудас бүхий хэргийн материалыг танилцуулжээ.

Гэтэл ийнхүү танилцсан өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэл 2 сар орчим хугацаанд хэрэгт цугларсан 59  хуудас бүхий нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг хариуцагчид танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаж чадаагүй, улмаар түүнийг хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд бүрэн мэтгэлцэж чадсан гэж үзэх боломжгүй болжээ. /хх-ийн 78-138/

 Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ