Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/02045

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2023/02045 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: давхарт байрлах, Х /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, М ХХК /РД: /-д холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 3 509 900 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай Х ТӨХКнь хариуцагч М ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд Эрчим хүч-2018 жил тутмын сэтгүүл, тусгай дугаарт байгууллагын мэдээ, зар сурталчилгааг байршуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөн өдөр хариуцагчийн дансанд 4 509 900 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул манайх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардахад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг одоог хүртэл буцаан шилжүүлээгүй тул үлдэгдэл 3 509 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зар сурталчилгаа байршуулах гэрээ, М ХХК-ийн хамтран ажиллах тухай албан бичиг, тайлбар хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч М ХХК нь зар сурталчилгаа байршуулах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан. Хариуцагч гэрээний төлбөрт шилжүүлсэн 4 509 900 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. үлдэгдэл 3 509 900 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Талуудын хооронд зар сурталчилгаа байршуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр М ХХК нь Эрчим хүч 2018 жил тутмын сэтгүүлд тусгай дугаарт захиалагч Х ТӨХК-ийн мэдээ, зар сурталчилгааг байршуулах, захиалагч нь 4 509 900 төгрөгийг хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Тухайн гэрээ байгуулагдсан огноо нь тодорхойгүй хэдий ч гэрээ 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар тусгасан байна.

 

5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хөлс 4 509 900 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

7. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн ...хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан... гэх шаардлагын үндэслэлийг үгүйсгэн няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

8. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1, 367.3-т хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй. Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК 1 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3 509 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

10. Иймд хариуцагч М ХХК-иас 3 509 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ТӨХК-д олгох нь зүйтэй.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 367.3-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 3 509 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ТӨХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 71 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ