Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/35

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Э.Н

Хохирогч П.Ө

Шүүгдэгч Ж.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц  овогт Ж-ийн М-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2026 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..оны 11 сарын 08-ны өдөр, З аймгийн Т  суманд төрсөн,.. настай, э.эгтэй, ... боловсролтой, .. мэргэжилтэй.. ажилтай, ам бүл .., Дорноговь аймгийн Замын-Үүд сумын..-р баг, .. .. тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .. оны 03 сарын 28-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ял шийтгэлгүй, Ц  овогт Ж-ийн М  /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. багийн нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны подвалд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ тухайн үеийн үл ялих зүйлээс болж П.Ө-ийн зүүн нүд хэсэгт гараараа 1 удаа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсгөнд шарх, 2 нүдний алимны салстын цус харвалт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны подвалд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ тухайн үеийн үл ялих зүйлээс болж П.Ө-ийн зүүн нүд хэсэгт гараараа 1 удаа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсгөнд шарх, 2 нүдний алимны салстын цус харвалт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 01/, хохирогч П.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч С.М-ын мэдүүлэг /хх-ийн 16-17/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 21-22/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний...   оны 01 сарын 13-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 60/, эрүүл мэндийн даатгалын санд 60,950 төгрөгийг төлсөн Х  банкны дансны хуулга /хх-ийн 62/, шүүгдэгч Ж.М-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18, 35-36/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Ж.М нь прокурорын шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 61,950 төгрөгийг төлж барагдуулсан нь Г банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 62/, хохирогч П.Ө  нь эрүүл мэндийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, харин гэр орны эд зүйл эвдэлсэн төлбөрийг гаргуулна гэх боловч хэрэгт энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Ж-ийн М  /РД: ..ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн М 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б