Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/972

 

 

 

 

      

 

Ч.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ч.Сийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.С-т холбогдох 2102001700135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/; 

Шүүгдэгч Ч.С нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-ноос орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана”, 13 дугаар зүйлийн 13.7 “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч Н.Х, кассын нярав Г.Д, Ж.Лх нарт байгууллагын хоолны газрын ажилчдын хоолны бэлэн орлогын мөнгийг касст бэлнээр төвлөрүүлж төрийн сангийн дансанд тушаахгүй байх үүргийг өгч, 2020 оны 8 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн ажилчдын хоолны орлого болох 27.921.400 төгрөгийг бэлнээр авч, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 21а байрны 56 тоотод өөрийн охин Б.Д-ийн найз “Төгс Ай Кү” ХХК-ийн захирал Ц.Б шилжүүлэн өгч давуу байдал бий болгон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Сийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Сийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Ч.С тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ч.С-т мэдэгдэж, Ч.С-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн 100900000717 тоот дансанд байршуулсан 27.921.400 төгрөгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн дансанд шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь зөвхөн нийтийн албанд ахлах нягтлан бодогчоор томилогдох эрхийг нь хасаж, бусад нийтийн албанд ажиллах, өөр албан тушаалд томилогдох эрхийг нь хасалгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж хуульчилсан. Шүүхээс шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь зөвхөн нийтийн албанд ахлах нягтлан бодогчоор томилогдох эрхийг нь хасаж, бусад нийтийн албанд ажиллах, өөр албан тушаалд томилогдох эрхийг нь хасалгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолд нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Сийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтийн албанд ажиллах эрхийг нь бүхэлд нь хязгаарлах ёстой байтал зөвхөн ахлах нягтлан бодогчоор ажиллах эрхийг нь хязгаарласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурор эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрөлд эрх хасах ял байгаа. Эрх хасах нь нийтийн албанд ажиллах эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх гэсэн хоёр боломжит эрх байна. Ялын төрөлд нийтийн албанд ажиллах эрх хасах гэж байхгүй, харин эрх хасах гэж хуульчилсан. Эрх хасах ялд нийтийн албанд ажиллах эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх аль аль нь багтаж байгаа тул ахлах нягтлан бодогчоор ажиллах эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Ч.Саранчимэг нь тэтгэвэрт гарсан нийтийн албанд ажиллах боломжгүй. Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл нь заавал нийтийн албанд ажиллах биш нийтийн албанд ажиллах эрх гэж заасан боловч нийтийн албанд ажиллах эрх нь эрх хасах ялын нэг төрөл хэлбэр. Иймд эрх зүйн байдлыг нь дордуулахгүй анхан шатны шүүхийн ачааллыг нэмэхгүйгээр хэрийг буцаахгүйгээр шийдэж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Сийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.С нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-ноос орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана”, 13 дугаар зүйлийн 13.7 “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч Н.Х, кассын нярав Г.Д, Ж.Лх нарт байгууллагын хоолны газрын ажилчдын хоолны бэлэн орлогын мөнгийг касст бэлнээр төвлөрүүлж төрийн сангийн дансанд тушаахгүй байх үүргийг өгч, 2020 оны 8 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн ажилчдын хоолны орлого болох 27.921.400 төгрөгийг бэлнээр авч, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 21а байрны 56 тоотод өөрийн охин Б.Д-ийн найз “Төгс Ай Кү” ХХК-ийн захирал Ц.Б шилжүүлэн өгч давуу байдал бий болгон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Шижир /1хх 98-100/, гэрч Р.Отгонбаяр /1хх 94-96/, Д.Гэрэлт-Од /1хх 104-105/, Ж.Лхагвасүрэн /1хх 107-108, 114/, Б.Байгалмаа /1хх 119/, Д.Баясгалан /1хх 121-122/, Ц.Мөнгөнцоож /1хх 124-125/, Н.Х /1хх 127-129/, Ц.Бөхгүлдэй /1хх 136-137/, Б.Галбаяр /1хх 139-140/, Б.Даваасүрэн /1хх 142/, Г.Азжаргал /1хх 144-145, 147/, А.Мягмарсүрэн /1хх 152/ нарын мэдүүлгүүд,

            Д.Сайнчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 185-186/,      

2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 160-164/,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын шуурхай өргөтгөсөн хуралдааны тэмдэглэл /1хх 4-10/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн санхүүгийн албаны кассын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх комиссын ажлын илтгэх хуудас /1хх 13-18/, санхүүгийн программд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 66-81/,

гэрч Г.Доржханд /1хх 31-33/, Ц.Бөхгүлдэй /1хх 34-37/, Н.Х нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 38-44/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Шүүгдэгч Ч.Сийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 27.921.400 төгрөгийг төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр “Төгс Ай Кү” ХХК-ийн захирал Ц.Б шилжүүлэн өгч давуу байдал бий болгон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон...” гэж заасан шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Сийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх эрүүгийн хариуцлагын шаардлагад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албанд томилогдох эрхийг хасах...” ялыг Ч.С-т хэрэглэхдээ түүний зөвхөн ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” гэж,  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт:

“...4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; 4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал; 4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан; 4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч; 4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; 4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан; 4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.” гэж ахлан нягтлан бодогчоос гадна олон албан тушаалыг эрхэлж буй этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр заажээ.  

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах ...эрхийг хориглохыг эрх хасах ял гэнэ. ...” гэж заасан байхад Ч.Сийн дан ганц ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг хассан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн “...шүүгдэгч Ч.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь зөвхөн нийтийн албанд ахлах нягтлан бодогчоор томилогдох эрхийг нь хасаж, бусад нийтийн албанд ажиллах, өөр албан тушаалд томилогдох эрхийг нь хасалгүй хэвээр үлдээж шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Ч.С-т ял оногдуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ...” гэснийг “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хасаж. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ