| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0047/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/53 |
| Огноо | 2026-01-27 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Ж.Ц**т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж******н Ц******д холбогдох эрүүгийн 2538005400029 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А*******н овогт Ж******рийн Ц*****т, 1968 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн А******г суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг ******тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн **********регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц**т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц**т нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ** дугаар гудамжны үзүүрт орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Н.А*********гийг биед нь зүүн гарын чигчий хурууны 2-р шивнүүрийн хугарал, эрхий хурууны 2-р шивнүүрийн цууралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчил шалгагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/, хохирогч Н.А*********гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэний нэхэмжлэлийн баримт /хх-ийн 63 тал/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, нэхэмжлэл гаргасан хүсэлт /хх-ийн 66-68 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 473 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 20-23 тал/, шүүгдэгч Ж.Ц****н гэм хорын хохиролд хохирогч Н.А*********гт 2.800.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 48 тал/ зэрэг баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Ц**т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.А*********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Н.А*********г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Надаас уучлалт гуйсан бид 2 харилцан тохиролцоод эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/, шүүгдэгч Ж.Ц**тын хохирогч Н.А*********гт 2.800.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 48 тал/-д, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлд хохирогч Н.А*********г нь: “..надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ц**тыг хохирогч Н.А*********гт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 191,104 төгрөгийг шүүгдэгч Ж.Ц**тоос нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц**т нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 191,104 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Ц**тоос 191,104 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ж.Ц**т нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Ц**тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ц**т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А*****н овогт Ж*****н Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж*****н Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц****т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц***т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц***тоос 191,104 (нэг зуун ерэн нэгэн мянга нэг зуун дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ц**т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.А*********гт төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН