Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02074

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2023/02074 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Ч.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Б.Л /РД: /,

 

Хариуцагч: тоотод байрлах И ХХК /РД: / нарт холбогдох,

 

И ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц, Х.Батбаатар, хариуцагч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, И ХХК-ийн өмгөөлөгчөөр С.Эрдэнэсувд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Б компанийн энгийн хувьцааны 40 хувийг эзэмшиж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Б.Лнь И ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувь, эзэмшдэг. Манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг эзэмшдэг. Б.Л бид хоёр тус газар дээр хамтран барилга барьж олсон орлогоо хуваах зорилготой байсан. Гэтэл Б.Лнь надад хэлэлгүй гарын үсэг хуурамчаар үйлдэж 2013 онд тус газрыг "Д" XXK-ний нэр дээр шилжүүлж барилга бариулж эхэлсэн байсан. Энэ асуудлыг хожим нь олж мэдээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган явж байх хооронд надад мэдэгдэхгүйгээр 2016 оны 04 сарын 15-ны хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Ч.М гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилж, намайг чөлөөлсөн байсан. Гэвч Б.Л-ийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байсан учраас хувьцаа эзэмшигчдийн болон гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг прокурорын газраас хориглосон байсан. Нэгэнт холбогдох прокурорын тогтоолоор хориглосон байсан учир эрүүгийн хэргийг шийдвэрлэгдтэл миний бие гомдол гаргаагүй. Гэтэл Б.Лнарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байна. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бол хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах тохиолдолд нөгөө талдаа хурлаар хэлэлцэх асуудал, хэзээ, хаана, болох талаар мэдэгдэх ёстой үүрэгтэй. Гэтэл надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй ганцаараа шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн байна. Компанийн хувьцаа эзэмшигч нар нь компанитай холбоотой аливаа шийдвэрийг гаргах тохиолдолд мэдэгдэх, ээлжит бус хурал хуралдуулахад нөгөө талдаа мэдэгдэх, санал авах зэрэг үүрэгтэй билээ. Гэтэл хариуцагч Б.Лнь энэ бүгдийг зөрчин компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг миний санал хүсэлтийг сонсохгүй өөрчилсөнд гомдолтой байна. Б.Лнь И ХХК-ний хувьцаа эзэмшигч байтал компаниас хулгай хийж газрыг өөрийн төрсөн хүүгийн "Д" ХХК-ний нэр дээр шилжүүлсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн улмаар гүйцэтгэх захирлыг хууль зөрчин томилсон. Хууль бусаар томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийн нэрийн өмнөөс хууль бус үйл ажиллагаа явуулж байна. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Мыг томилсон бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1254 дүгээр тушаалаар хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол нь одоогоор ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй боловч уг тогтоолоор гаргасан шийдвэр нь Компанийн тухай хуульд нийцэх, хувьцаа эзэмшигч Ч.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэргүй, эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой тул уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ч.Мыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот тогтоолоор томилсон байна. Уг тогтоолыг холбоотой Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 163 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ...И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурал, уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэр нь Компанийн тухай хуульд нийцсэн эсэх, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар хувьцаа эзэмшигч Ч.Б иргэний хэргийн шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж тодорхойлсон юм. Б.Лнь 2015 оны 02 дугаар сарын 16-ний өдөр төдийгүй, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ээлжит бус хурал хуралдуулахыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн тул тус тус хүчингүй болгож, компанийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч Б.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."И" ХХК-н 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн 110 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч Б.Лминий бие нь компанийн тухай хуулийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал шаардлагыг Ч.Бд хүргүүлж хариуг авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийсэн. Үүнээс хойш УБЕГ-н Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр томилогдсон захирлыг бүртгүүлэхийн тулд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Бг "И" ХХК-н гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нэхэмжлэлийг гаргаж анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/01251 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны 1756 тоот магадлал, Монгол улс дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 12 дугаар сарын 17-ны 001/ХТ2018/011874 тоот тогтоол гарсан. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБЕГ-н Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг гүйцэтгэх захирлыг бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 128/ШШ2019/0033 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 03 дугаар сарны 20-ны өдрийн 221/МА2019/0166 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны 163 тоот тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албан бүртгүүлсэн болно. Нэхэмжлэл гаргасан Ч.Б нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг мэдсээр байж нэхэмжлэл гаргаад байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэмт хэрэг нь нотлогдох баримтаар хөдөлшгүй тогтоогдоод ирэнгүүт шүүхийн байгууллагыг ашиглаж цаг хугацаа хожих гэсэн зальт арга гэж үзэж байна. Иймд Ч.Бгийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... И" ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн нэмэлт шаардлага гаргасан байна. Тус компанийн 60%-н хувьцаа эзэмшигч Б.Лнь 2016 оны "И" ХХК-н хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүйд тооцсон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 тоот шийдвэрийг хүлээн аваад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал шаардлагыг Ч.Бд хүргүүлж хариуг авч компанийн тухай хуулийн дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж 2016 оны 04-р сарын 22-ны өдөр "И" ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж 16/02 тоот тогтоолыг гаргасан. Үүнээс хойш УБЕГ-н Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр томилогдсон захирлыг бүртгүүлэхийн тулд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Бг "И" ХХК-н гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нэхэмжлэлийг гаргаж анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны 1756 тоот магадлал, Монгол улс дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 12 сарын 17-ны 001/ХТ2018/011874 тоот тогтоол гарсан. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБЕГ-н Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг гүйцэтгэх захирлыг бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 03 сарны 20-ны өдрийн 221/МА2019/0166 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 20-ны 163 тоот тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж 2020 оны 01 сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан бүртгүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан Ч.Б нь 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал тогтоолоор бүрэн шийдвэрлэгдсэнийг мэдсээр байж нэхэмжлэл гаргаад байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэмт хэрэг нь нотлогдох баримтаар хөдөлшгүй тогтоогдоод ирэнгүүт шүүхийн байгууллагыг ашиглаж цаг хугацаа хожих гэсэн зальт арга гэж үзэж байна. Иймд Ч.Бгийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Б.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, И ХХК-ийн өмгөөлөгчөөр С.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 3 шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Шүүхээс хэрэгсэхгүй болох нөхцөл байдалтай байна гэж үзэж байна. Учир нь нэгдүгээр шаардлагын хүрээнд 2015 оны 02-р сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 тоот шийдвэрээр хүчингүй болгосон захирамж байгаа. Тухайн захирамжаар тухайн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байдаг. 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор ямар нэгэн бүртгэл хийгдээгүй шаардлага хангахгүй байна гэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар тухайн үед Ч.Мыг захирлаар бүртгэснийг хүчингүй болгож, 2015 онд Ч.Бг захирал хэвээр үлдэж байсан. 2015 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хоёрдугаар шаардлагын хүрээнд И ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал хурлаар хэлэлцсэн асуудал мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолын хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Компани тухай хуулийн хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрх 59,60,61,62 дугаар зүйлүүдэд заасан хувьцаа эзэмшигчийн хуралд зохион байгуулагдсан процессын ямар зөрчил гарсан эсэх эсвэл хурлаас гаргах шийдвэр нь өөрөө бичиг баримтын бүрдлийн шаардлагын хангасан эсэх тал дээр үндэслэлээ анхнаасаа нэхэмжлэл дээрээ дурдаагүй байсан. Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудаснаас 2 дугаар хавтас 20 дугаар хуудас хүртэл авагдсан баримт байгаа. Тухайн баримтууд дээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлыг хийхээс өмнө хуульд заасан процессын ажиллагааг дарааллын дагуу хийсэн. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Лгээс Ч.Бд санал шаардлага хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигчийн хуралдааныг Компани тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дэх хэсэгт зааснаар хурал товлохоос бүх эрх чинь дуусгавар болсон талаар мөн 2008 оноос хойш нэг ч удаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй. Хувьцаа эзэмшигчдийн маргааны асуудлаас зайлсхийж зугтаж байсан. 2007 онд И ХХК-ийн газрыг авах гэрээг Ч.Б нь н.Цгийн итгэмжлэлээр төлөөлж хийсэн. Төлөөлөгч байсан бөгөөд эцсийн худалдаа авагч нь н.Золбоо түүгээр төлөөлөн авсан Б.Лбайсан. Явцын дунд Ч.Б нь тухайн компани газрын эрхийг олж авахын тулд өөрөө эрх үүргийг үргэлжлүүлэн авах талаар хурандаагаар дамжуулж Б.Лсанал тавьсан байдаг. Өнөөдрийг хүртэл 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Л, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Б, И ХХК нь өөр дээрээ ашиглах эрхтэй газартай өөр бусдаар хөрөнгөгүй. 2008 оноос хойш 2017 оны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгө оруулалт оруулахыг Б.Лудаа дараа шаардаж, 2016 онд санал шаардлага хүргүүлж хариу ирэхэд 2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Ч.Бгээс мэдэгдлийн хариу гэж 2 хуудас материал ирүүлдэг. /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 243-244 талд авагдсан /талд тодорхой байгаа. Тэгээд тухайн хариуг хүлээж аваад маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Лнь хувьцаа эзэмшигчийн хурал хуралдуулах шийдвэр гаргасан. Хурал болгох шийдвэрийн дагуу хэзээ хаана болох талаар тодорхой хаяг байршил байна. Шийдвэрийн дагуу хурал хэдний өдөр болохыг дурдаж оролцох талаар Ч.Бд 2 хэлбэрээр мэдэгдсэн. Түүнчлэн Компани тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах тохиолдолд өдөр тутмын сонинд нийтлэгдэх шаардлагын дагуу Өнөөдөр сонинд нийтлэгдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр хуудаснаас 2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас хүртэл хурлыг зарлан мэдэгдлийг албан ёсоор нийтлэгдсэн байгаа. Нэгэнт хурлын тов мэдэгдэх ажлуудаа хийсэн байхад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу хурал болох өдөр Ч.Б ирээгүй. Санал шаардлага хүлээж аваад байгаа мөртлөө хуралдаа ирээгүй учраас 60 хувийн эзэмшигч буюу 50 хувиас илүү хувийн ирц бүртгэлтэй, шийдвэрлэх асуудлын хувьд 50 нэмэх нь 1 гэдэг саналаар олонхын саналаар шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргах шаардлага хангаж 60 хувийн хувьцаа эзэмшигчээр шийдвэр гаргаж Ч.Бг гүйцэтгэх захирлаас чөлөөлж Ч.Мыг захирлаар бүртгэж, утасны дугаарыг өөрчилж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхийг үүрэг болгосон 16/02 шийдвэрийг гаргасан. Тухайн шийдвэрийн дагуу Улсын бүртгэл зохих бичиг баримтаа бүртгүүлж өгөхөд Ч.Б нь мэдсэн үү, яагаад хуралд оролцуулаагүй эсэх гарын үсэг байхгүй байна зэрэг шаардлага тавьж бүртгээгүй. Бүртгээгүйтэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг Б.Лгийн зүгээс гаргасан. Захиргааны хэрэг буюу гурван шатны шүүхээр Улсын бүртгэлийн Захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэхдээ Компани тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль мөн хуулийн этгээд бүртгэх журам хэсэг нь Улсын бүртгэлийн байгууллага компани мэдээлэлд өөрчлөлт оруулсан талаар бүртгэхтэй холбоотой шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн байхад үндэслэлгүйгээр татгалзсан байна гэж бүртгэхийг даалгаж гурван шатын шүүхээр эцэслэн шийдвэрлэсний үндсэн дээр 2016 оны хувьцаа эзэмшигчдийн хурлыг шийдвэрийг хожим Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар Компани тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбоотой хурлыг ирцийн хувьд хурлаас гарах шийдвэр зэргийг зөрчсөн зүйлгүй. Гуравдугаар шаардлагын тухайд тамга тэмдэг гардуулах шаардлагатай холбоотой И ХХК-ийн одоогийн захирал нь Ч.М гаргаж өгөх ёстой гэдэг шаардлагыг гаргаж байна. Нэгэнт хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргаж үзэхээр тухайн компани өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа удирдлага нь н.М юм. Тэгэхээр Н.М байгаа тохиолдолд өөрийн компани тамга, тэмдэг, гэрчилгээ бичиг баримтуудыг эрхлэн хариуцах эрх бүхий этгээд байгаа. Эрх бүхий этгээд байхад хувьцаа эзэмшигч дурын этгээдээс тамга, тэмдэг, гэрчилгээ гаргуулах боломжгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, И ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар шүүх хуралдааны тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00556 дугаар шийдвэр, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9/6507 дугаар албан бичиг, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00791 дугаар шийдвэр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, газрын гэрчилгээ авснаар Б.Лгийн дагаж мөрдөх, үүрэг хариуцлагын баримт, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолууд, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 598 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1/572 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын газар прокурорын тогтоол, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, Эрүүгийн 201301051030 дугаартай хэргийн танилцуулга, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан талаарх баримт, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн мэдэгдлийн хариу, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16/01 дугаартай И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Ч.Бд хурлын тов хүргүүлсэн мэдэгдэл, Улаанбаатар шуудангийн тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 16/02 дугаартай И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Лгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Ч.Бд хүргүүлсэн санал шаардлага, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл, 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Ч.Бгийн мэдэгдлийн хариу, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууцны хорооллын барилга барих төсөл, хамтран хэрэгжүүлэх гэрээ, орон сууц зуучлан борлуулах гэрээ эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 110 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 4/814 тоот мэдэгдэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 128/ШШ2019/0033 дугаартай шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаартай Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн магадлал, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 163 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн 181/ШШ2018/01251 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01874 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бд хүргүүлсэн мэдэгдэл, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн И ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лмэдэгдлийн хариу, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16/01 дугаартай И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр, И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бд хүргүүлсэн мэдэгдэл, Улаанбаатар шуудан тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаартай И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн албан тоотууд, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Өнөөдөр сонины дугаар, шуудангийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б нь Б.Лд холбогдуулан И ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар И ХХК-ийг тодорхойлж, И ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдуулаагүй, уг хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр нь Компанийн тухай хуульд нийцээгүй, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн... гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нар ...2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол эрх зүйн үр дагавар үүсгээгүй. И ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шийдвэр гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй. Компанийн тамга, гэрчилгээг эрх бүхий этгээдээс шаардах эрхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б, Б.Лнарын хооронд хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Лнь 400 000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн болохыг дурдаж, оруулсан уг хөрөнгийн хэмжээгээр И ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Лэзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Б эзэмших эрхтэй болохыг харилцан тохиролцож, талууд уг эрхээ улсын бүртгэлд бүртгүүлснээр И ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийг нэхэмжлэгч Ч.Б, 60 хувийг хариуцагч Б.Лтус тус эзэмшдэг болсон байна. /1-р хх-ийн 6-9, 177-178/

5.2. Хариуцагч Б.Лнь И ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүй байх бөгөөд Б.Лгээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагыг хувьцаа эзэмшигч Ч.Бд хүргүүлсэн, хувьцаа эзэмшигч Ч.Бгээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах тухай саналд татгалзсан, энэ асуудлаар зохигчид маргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/1251 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна. /1-р хх-ийн 69-87/

 

5.3. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна., 61 дүгээр зүйлийн 61.1.2-т ...саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана, 61.7-т Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж тус тус заасан.

 

5.4. Тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лнь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагыг хувьцаа эзэмшигч Ч.Бд хүргүүлсэн, хувьцаа эзэмшигч Ч.Бгээс 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр ээлжит бус хурал хуралдуулах тухай саналд татгалзсан хариу хүргүүлж байгаагаа бичгээр мэдэгдсэн нь баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 201-203/

 

5.5. Гэтэл хувьцаа эзэмшигч Б.Лнь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор И ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Ч.Бг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.Мыг томилон компанийн дүрмийн дагуу гэрээ байгуулан ажиллуулахаар, И ХХК-тай холбогдох утсыг 99005482 болгон өөрчилж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлтийг бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал Ч.Мд үүрэг болгон шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

 

5.6. Тодруулбал, хувьцаа эзэмшигч Б.Лгийн гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагад гүйцэтгэх захирал Ч.Б нь хуульд заасан хугацааны дотор татгалзсан шийдвэр гаргасан байхад хариуцагч Б.Лнь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-т Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. гэж зааснаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, эсхүл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/1251 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хуульд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой атал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь хуульд нийцэхгүй юм.

 

5.7. Иймд дээрх үндэслэлээр И ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5.8. Түүнчлэн, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор ...И ХХК-ийн 2014 оны 8 сарын 4-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн дагуу Ч.Мыг томилж... шийдвэрлэсэн, уг тогтоол эрх зүйн үр дагавар бий болгоогүй буюу Улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй талаар зохигчид маргаагүй. Дээрх тогтоол нь мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрт дүгнэсэн байна.

 

5.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан тул 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор мөн хүчингүй болгох нь зүйтэй.

 

5.10. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/1251 дугаар шийдвэрээр Ч.Бг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар И ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй.

 

5.11. Дээр дүгнэсэнчлэн, Ч.Бг И ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргээс чөлөөлж, Ч.Мыг томилсон маргаан бүхий хоёр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул компанийн тамга, гэрчилгээг Ч.Бд олгохыг И ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

5.12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Бгийн хариуцагч Б.Лболон И ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасныг баримтлан И ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг И ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лболон И ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ