Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/02440

 

 

 

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/02440

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт Г.Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, Т  ХХК /РД: /-д холбогдох,

 

Алданги болон хохиролд 68 134 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Тгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь хариуцагчтай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 61,62 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт тухайн үед баригдаж байсан. тоот 32.6 м.кв 1 өрөө орон сууц, 12 дугаар давхарт байрлах 32.6 м.кв адилхан үнэлгээ бүхий орон сууцыг захиалан бариулахаар гэрээ байгуулаад орон сууцны гэрээний төлбөрт нийт 61 940 000 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний хариуцагч 2019 оны 4 дүгээр улиралд багтааж, орон сууцыг Улсын комисс хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан. 2022 оны 12 дугаар сар хүртэл хариуцагч үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэрээнээс аль нэг тал нь татгалзсан учраас гэрээ цуцлагдсан гэж үзэж хариуцагчаас 61 940 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч нь тус хоёр орон сууцыг худалдаж авсан ба нэг өрөө орон сууцны төлбөрийг өөрөө төлж, 2 дахь орон сууцны төлбөр болох 30 970 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн эгч Г.Таас зээлж авсан. Тухайн 1 өрөө орон сууцыг ашгийг нь бодож худалдан авсан ба Г.Таас зээлж авсан 30 970 000 төгрөгийг эргүүлж өгөх тохиролцоотой зээлсэн.Тухайн зээл, хүүгийн төлбөрийг төлөлт хийгдэж байгаа. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэрээний алданги, хохиролд 68 134 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-тай 2 ширхэг орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Орон сууц нь адилхан м.кв талбайтай, үнийн дүнтэй байсан. Нэхэмжлэгч Г.Т нь нийт 61 940 000 төгрөгийг төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгаж, өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасан. 2019 онд цар тахал гарсны улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хил гаалиар орж ирсэн барилгын материалд хомсдол бий болж, үүний зэрэгцээ Монголд барилгын материалын үнийн хөөргөдөл бий болсон. Анх нэхэмжлэгч Г.Ттай байгуулсан үнийн дүнгээр тухайн орон сууцнуудыг худалдах нь Т ХХК-д алдагдалтай байсан учраас Г.Т болон бусад захиалагч нарт анх захиалсан үнийн дүн дээр орон сууцны м.кв-ын үнийн дүн бага зэрэг өсөхөөр байна. Энэ өсөлтийг хүлээн зөвшөөрөн гэрээгээ цааш үргэлжлүүлэх үү гэдэг санал тавьсан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Т анх худалдаж авсан үнийн дүнгээр орон сууцыг худалдаж авна. Хэрвээ орон сууцны үнийг нэмбэл гэрээнээс татгалзаж байна гэсэн утгатай албан бичиг бичиж өгсөн. Үүний дагуу гэрээнээс татгалзаж, харилцан шилжүүлсэн 61 940 000 төгрөгийг буцаан авч, алдангиас татгалзсан. Т ХХК-ний зүгээс одоо энэ мөнгийг нь эгүүлэн өгөх боломжгүй байна. Тухайн орон сууцыг худалдан борлуулсны дараа 61 940 000 төгрөгийг гаргахаар тохиролцсон. Үүнээс 10 сарын дараа гэрээнээс татгалзсан мөртлөө тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдөр талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан байна. Гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн гэрээний үүргийг шаардах эрхээ алдана. Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэ 61 940 000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас буцааж олгох нь зүйтэй гэж үзсэн. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэрвээ м.кв-ийн үнийг нэмж байгаа бол энэ орон сууцыг нэмэгдсэн үнийн дүнгээр худалдан авах боломжгүй учраас төлсөн мөнгөө буцааж авч цаашдын ажилд саад болохгүй хамтран ажиллах болно. Манайх алданги нэхэмжлэхгүй, үндсэн төлсөн төлбөрөө яаралтай гаргуулж авна гэж харилцан тохиролцсон. Тийм учраас татгалзсан гэрээний шаардлагыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Таас нэг орон сууцны үнийг зээлж төлбөрийг төлсөн гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан. 30 970 000 төгрөгөөс төлөхгүй явсаар байгаад хүүд нь 37 000 000 төгрөг төлсөн байна. Г.Т болон Г.Т нарын гараар бичсэн нотариатаар баталгаажуулаагүй гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Хэргийн материалд тус хоёр орон сууцны төлбөрийг Г.Тийн 5*****4 тоот данснаас шилжүүлж, гүйлгээний утга дээр Г.Тгаас орон сууцны төлбөр, худалдаж авч буй байрны тоотыг бичсэн байдаг. Энэ баримтаас үзэхэд Г.Т нь Г.Тгийн данс руу зээл гэсэн утгатай мөнгө шилжүүлээгүй харин орон сууцны үнийг төлсөн байна. Мөн 37 000 000 төгрөгний хүү төлсөн гэж хэлж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хурал дээр гаргаж өгсөн гүйлгээний хуулгаар Г.Тгийн дансны хуулга хавтаст хэрэгт 3 хуудас авагдсан байна. Нийт 4 удаа гүйлгээний утга дээр нь Тука Тука гэж бичин эхний удаа 10 000 000 төгрөг, 2 дахь удаад 1 000 000 төгрөг, 3 дахь удаад 600 000 төгрөгийг төрсөн эгч болох Г.Тийн данс руу шилжүүлсэн байна. Зээлийн гэрээний дагуу хүү төлж байгааг нотолж чадахгүй байгаа учир зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, төлбөрийн баримтын хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 61, 62 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбарууд, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, Г.Тгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримт, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2021 оны 5 дугаарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан. Гэрээний 5.2-т орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохирсон тул 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 30 970 000 төгрөг, гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 37 164 000 төгрөг, нийт 68 134 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэгдэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/0**** дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны үр дагаврыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

4.а. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй болно.

 

5. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

5.а.Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

5.б. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор... хуульчилсан ба нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Таас 30 970 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Т ХХК-д төлсөн болох нь зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5-6/

 

5.в. Нэхэмжлэгчийн Хаан банк дахь  тоот дансны хуулгаар  тоот дансанд 4 удаагийн шилжүүлгээр нийт 18 832 140 төгрөгийг Тука, Тука зээл гэх утгаар шилжүүлжээ. тоот дансны эзэмшигч нь зээлдүүлэгч Г.Т болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

5.г. Нэхэмжлэгч Г.Т 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчид 37 164 000 төгрөгийн хүү төлсөн гэх тайлбар нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэхгүй нь дээр баримтаар нотлогдоогүй болно.

 

5.д. Харин зээлийн гэрээгээр 30 970 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байхаар тохирсон байх тул 18 582 000 /нэг сарын хүү 1 548 500 х 12 сар/ төгрөгийг хохиролд тооцон хариуцагч Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5.е. Дээрх үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагаас 18 582 000 төгрөгийг хангаж, үлдэх 49 552 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК-иас 18 582 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 552 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 498 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 250 860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ