| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0355/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/75 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Я.Ц****ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я*****н Ц******д холбогдох эрүүгийн 2538000000380 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******н овогт Я*****н Ц******үү, 1975 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын *** дугаар баг Хатгал тосгоны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /******** / дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Ц****ү нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дугаар багийн нутаг Хатгалд тосгонд 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “isuzu” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2538000000380 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Я.Ц****ү нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/1711 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дугаар баг, Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “isuzu” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц*****н өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 56 тал/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 7 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 тал/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/1711 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 тал/,
Гэрч Ө.Д******рын өгсөн: “...15 цагийн үед ажил дээрээ байсан Я.Ц****ү өөрийнхөө машинтай Н********т бас нэг залуугийн хамт цэвэрлэх байгууламж дээр бохир ус нийлүүлэхээр ирсэн тэр үед Ц******ү өөрөө машинаа барьсан согтуу ирсэн. Манай ажилтан бүртгэлийн диспетчир У.А*******а гарч уулзахад согтуу байсан учраас бүртгэх боломжгүй гэж хэлсэн тэгээд хэл амаар доромжлоод гадна талбайд бохир усаа асгаад явсан энэ байдал нь нэг биш удаа болж байгаа юм аа. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
Гэрч Б.Н*****н өгсөн: “...Би .. хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Д******р гэх хүнээс манай ажил дээр Ц********ү гэдэг хүн согтуу машинтайгаа ирсэн бохир асгана гээд хэрүүл маргаан хийгээд бохироо гадаа талбайд асгачихаад согтуу машинаа бариад яваад өглөө гэх дуудлагын дагуу “***” гэх газар руу очиж явахад Ц********ү нь айл руу явж байсан. Араас нь дагаад айл руу очиход айлд ороод сууж байхад нь ахлах дэслэгч О******н хамт машиныг нь журамлаж Ц********ү гэх жолоочийг драгерь багажаар үлээлгэсэн драгерь багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг өндөр гарч байсан. Тэгээд би гомдол мэдээлэлд оруулсан. Тухайн айлд Ц********ү ороод 2 минут ч болоогүй. Айлд орох үед согтуу сууж байсан. 2 хүнтэй явсан хэнтэй явж байсныг нь би мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,
Гэрч М.Ц******н өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн хамт гэртээ байхад Н*******р болон халзан тарган бор нөхөр орж ирсэн. Тэгээд Н*******р нэг шил архиа хувааж уух гэж байтал хоёр цагдаа ирээд та гараад ир гэж хэлээд аваад гарсан. Ямар байдалтай байсныг анзаараагүй, Ц********ү гэдэг хүн мөн байсан. Авчирсан нэг шил архийг тэр 2 хувааж уусан. Халзан таргандуу залуу нь чанга дуутай том том ярьсан хүн байсан, би хувьдаа согтуу байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/,
Гэрч Б.Б*******н өгсөн: “...Тухайн өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна. Хониндоо яваад буцаж ирэх үед манай гэрийн гадна муу усны том оврын тээврийн хэрэгсэл байсан. Би хэн ирснийг мэдээгүй гэр рүүгээ ороход манай нутгийн Н****а гэх залуу өөр нэг бүдүүн залуу сууж байсан тэгтэл Н****а нь заамараас ирлээ гээд нэг шил архийг задлах гээд сууж байтал цагдаа орж ирээд аваад гарсан. Уусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Манайд орж ирээд архиа задлах гээд сууж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан. Манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Ц********ү гэх хүнийг нээх сайн танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,
Гэрч Ц.А*******н өгсөн: “...Тухайн өдөр үдээс хойш цаг хэд болж байсныг сайн санахгүй байна 15 цаг юм уу 16 цагийн үед байсан байх Ц********ү согтуу ирээд бохироо асгахаар ирэхэд би бохирыг чинь асгуулахгүй чи эрүүл болж байгаад ир гэхэд Ц********ү тэр чигтээ яваад хуучин ашиглаж байсан цэвэрлэх байгууламж руу асгаж байхаар нь би очоод асгаж болохгүй гэхэд би дуртай газраа асганаа би нутагтаа байгаа хүн, хаана ч асгасан яадаг юм гэж хэлсэн. Тэр үед харахад ***гэсэн бохир тээвэрлэх машинтай явсан. Ц********ү нь архи согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан. Шал согтуу маш хурдтай машинаараа явж байсан. Би сайн танихгүй сүүлийн 2 жилийн хугацаанд Ц********ү хувиараа бохир тээвэрлэж байгаа юм. Тэр үед яг сайн хараагүй гэхдээ нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Тиймээ өмнө энэ оны 07 дугаар сарын 15-16-ны үед эхнэртэйгээ хамт бас шал согтуу бохирын машинаараа ирж байсан...” /хх-ийн 75-76 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Ц****н өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би цэвэрлэгээний машинаа бариад цэвэрлэх байгууламж дээр очсон чинь миний машиныг оруулахгүй буулгахгүй гээд байхаар нь хуучин буулгаж байсан газар нь буулгана гээд явсан. Гэхдээ бохироо бол тэр газар буулгаагүй тэгээд эргээд буцаж явж байсан чинь Б***эй гэдэг айлд очсон юм тэгээд тэнд хоол унд идэж байгаад Б***эй ах нэг шил 0.75 граммын архи гаргаж ирээд тэр газраа би 4 хундага л уусан тэр үед цагдаа орж ирээд намайг аваад гарсан учир шалтгаан бол цэвэрлэх байгууламжийн захирал болох Д******р гэдэг хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Би 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан. Б***эй гэдэг айлд л очсон тэр газраа бол бол архи уусан тэрнээс хөдөлгөөнд оролцсон зүйл бол огт байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ: “...шүүгдэгч Я.Ц****ү нь 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан шийтгэлийг хүлээсэн байсан. Улмаас энэ хугацаандаа буюу 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр Хатгал тосгонд “isuzu” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч н.Д******р, н.Н***х, н.Ц****аа нарын мэдүүлгүүд, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн нэгдсэн сангийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1711 дугаартай шийтгэврийн хуулбар мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Ц****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Я.Ц****ү нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/1711 дугаартай шийтгэврийн хуулбар, гэрч Ө.Д******р, Б.Н**х, М.Ц****а, Б.Б***эй, Ц.А****а нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц****н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Я.Ц****ү нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/1711 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ** дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “isuzu” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэм буруутай нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Я.Ц****н үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Тодруулбал: шүүгдэгч Я.Ц****ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Я.Ц****ү нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу түүний амьсгал дахь спиртийн агууламж (3.48) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд согтуурлын зэргийг замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас драгер багажаар шалган тогтоосон, шүүгдэгч Я.Ц****ү нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/1711 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Ц****ү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Ц****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Я.Ц****н гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Я.Ц****г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Я.Ц****н гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Я.Ц****г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх: “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч байхгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдаад шүүгдэгч Я.Ц****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай байна. Энэ ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц****ү өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “...Надад торгуулийг төлсөн нь шулуун байх, арга нь олдох байх...” гэжээ.
Шүүгдэгч Я.Ц****н хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Я.Ц****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Я.Ц****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Я.Ц****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Я.Ц****ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******н овогт Я*******н Ц********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я*******йн Ц********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц****д оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц****ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц****н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Я.Ц****д оногдуулсан торгох болон эрх хасах ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Я.Ц****ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН