Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/991 

 

 

 

 

       2021          11            23                                                              

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Э-д холбогдох 2103001740237 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч А.Э нь 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын шинэ замд “Тоёота Приүс” маркийн 46-28 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, .../...-ээс хэтрүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай, эрэгтэй Ч.Д-ыг мөргөн, түүний амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч А.Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч А.Э-ын В ангиллын 1164737 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгч А.Эаас 5,700,000 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 6,887,842 /зургаан сая, найман зуун наян долоо мянга, найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгож, Б.Ариуны баримтгүй нэхэмжилсэн 2,585,000 /хоёр сая, таван зуун наян таван мянга/ төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Эыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Э нь хэрэг болох цаг хугацаанд маш их хурдтай явсан буюу тэрбээр тээврийн хэрэгслээ жолоодон явган хүний гарцаар гарахдаа ойролцоогоор 68.7-74.1 км/ цагийн хурдтайгаар туулж өнгөрсөн нь шинжээчийн 1991 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна. ....гэсэн нь хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “Явган зорчигч Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, мөн дүрмийн 27.2 замын хөдөлгөөн оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэнтэй эрс зөрүүтэйгээр дүгнэж ялласан байна.

2. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариун нь оршуулгын зардалд баримтаар 12.587.842 төгрөг, баримтгүй 2.585.000 төгрөг, нийт 15.172.842 төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баримтаар болон баримтгүй нэхэмжилсэн хохирол болох 9.500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан буюу нийт 15.200.000 төгрөгийг төлсөн. Иймд шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлийг хэрэглэж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч нь явган хүний давуу эрхтэй газар хохирогчийг мөргөсөн, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдыг хэтрүүлж явсан. Оршуулгын зардал төлөгдсөн хэдий боловч энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Э-д холбогдох эрүүгийн 2103001740237 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Э нь 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын шинэ замд “Тоёота Приүс” маркийн 46-28 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, .../...-ээс хэтрүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчиж, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хязгаараас хурдтай явж, гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйн улмаас явган зорчигч 7 настай, эрэгтэй Ч.Д-ыг мөргөсөн, машинд мөргүүлсэн гэмтлийн улмаас Ч.Д-н амь нас хохирсон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариуны: “...Нөхөр Ч болон найзууд унтах гээд хэвтэцгээж, би хоол хийх гээд байж байсан. Тэгтэл хүү нэг орж ирээд намайг үнсчихээд гараад явсан. Тэгэхэд гадаа түс гээд дуугарсан. Тухайн үед гэрийн хойно засварын хүмүүс юм дугаргаж байна гэж бодоод юм бодоогүй сууж байтал миний том охин гүйж орж ирээд дүүг машин дайрчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гээд хэлтэл ах нь орж ирээд нээрээ дүү машинд дайруулсан байна гэж хэлсэн. Би гүйгээд гартал зам дээр хүмүүс бөөгнөрсөн байсан. Би тэгээд ухаан балартсан байна лээ. Төв замтайгаа маш ойрхон, хашаанаас гараад л төв зам байдаг...” /хх 31/ гэх мэдүүлэг,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэг нь 16:24:00 секундэд эхэлж байх ба камерт асфальтан зам болон айл өрх хашаа байшин болон асфальтан замд явган хүний гарцтай, тэмдэг тэмдэглэгээтэй байгаа нь харагдаж байлаа. Тухайн замд автомашины хөдөлгөөн бага түгжрэл удаашрал байхгүй байх ба бичлэгийн цагаар 16:25:01 секундэд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд бор өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин гарч ирж харагдах ба бичлэгийн цагаар 16:25:03 секундэд замын зүүн талаас бага насны хүүхэд зорчих хэсэг рүү гүйж гарч ирэн 16:25:05 секундэд хойноос урагш чиглэлд явж байсан бор өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин хүүхдийг мөргөж, 16:25:08 секундэд тухайн автомашин зогсож эргэн тойронд байсан хүмүүс осол болсон газар бөөгнөрөн цугларч байгаа нь харагдав.” гэх тэмдэглэл /хх 48/,

2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон нөхөн үзлэг /хх 6-7, 8, 9, 11-15, 16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1991 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “1_03_R_20210704162359.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-07-04 16:25:01 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”-“В” гэж тэмдэглэл үл хөдлөх цэгийн хоорондох 10.7 метр зайг ойролцоогоор ~68.7км/цаг ~74.1 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэх дүгнэлт /хх 56-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1446 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн: “1. Цогцост хийсэн шинжилгээгээр их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх олон тооны цусархаг няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзавчийн доорх цус харвалт, ховдлын цус харвал, дагзны хуйханд няцарсан шарх, цус хуралт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний далд хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргуу 5,6-р сегментийн урагдал, няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болох үед үүсэх боломжтой амь насанд аюултай гэмтэл байна. 3. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаач нь 2021.07.19-ний өдрийн 05 цаг 03 минутад нас барсан байна. /ГССҮТ №5563 тоот өвчний түүх/. ...” гэх шинжилгээний дүгнэлт /хх 74-79/,

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай: “1. Явган зорчигч Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” Мөн дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Тоёота приус-20 маркийн 46-28 УБХ улсын дугаарын автомашины жолооч А.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл тогтоогдож байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 153/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, .../...-ээс хэтрүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчиж, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хязгаараас хурдтай явж, гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйн улмаас гарцтай ойрхон газраар зам нэвтрэн гарч буй явган зорчигч 7 настай, эрэгтэй Ч.Д-ыг мөргөсөн, уг машинд мөргүүлэхэд учирсан гэмтлийн улмаас Ч.Д-н амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Амь хохирогч Ч.Д нь гарцаар гараагүй, гарцтай ойрхон буюу гарцнаас 36 метр зайтай газраар зам хөндлөн гарах хөдөлгөөн хийж байсан болох нь:

-хэргийн газар дээр хийсэн “...явган гарцнаас А цэг хүртэл харалдаа 36.0 м хэмжээтэй...” /хх 6/,

-осол хэргийн газар дээр хийсэн “...гарцнаас А цэг /анх хүүхэд мөргөсөн цэг/ хүртэл 36.0 ...” гэсэн хэмжилтийн бүдүүвч /хх 9/,

- “...16:25:01 секундэд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд бор өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин гарч ирж харагдах ба бичлэгийн цагаар 16:25:03 секундэд замын зүүн талаас бага насны хүүхэд зорчих хэсэг рүү гүйж гарч ирэн 16:25:05 секундэд хойноос урагш чиглэлд явж байсан бор өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин хүүхдийг мөргөж, ...” байгааг харуулсан камерийн бичлэг /хх 48/ зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлтийг хийхдээ “...Шүүгдэгч А.Э нь ...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 7 настай Ч.Д-ыг мөргөж...” гэж буюу гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн гэж /шийтгэх тогтоолыг 2,4 тал/ дүгнэсэн нь буруу болжээ.

Гэхдээ явган зорчигч Ч.Д-н гарцны ойролцоо газраар зам хөндлөн гарч явсан нь шүүгдэгч А.Э-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хязгаараас хурдтай явсан, гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйн улмаас гарцтай ойрхон газраар зам нэвтрэн гарч буй явган зорчигч 7 настай, эрэгтэй Ч.Д-ыг мөргөсөн, уг машинд мөргүүлэхэд учирсан гэмтлийн улмаас Ч.Д-н амь нас хохирсон үйл баримтыг өөрчлөхгүй юм.   

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Э-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нь хохиролд нэхэмжилсэн нийт 15.200.000 төгрөгийг төлсөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шийтгэх тогтоолоор заасан нотлох баримтаа гарган нэхэмжилсэн 6,887,842 төгрөгийг, мөн анхан шатны шүүхийн нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болгосон 2,585,0000 төгрөгийг шүүгдэгч А.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн болох нь 9,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариуны дансанд шилжүүлсэн баримт /хх 214/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариуны “...Энхбат нь хэрэг гарсан цагаас хойш эргэж, тойрч байсан ба талийгаач хүүгийн хойтох зан үйлд оролцож байсан. Бидний зүгээс цаашид гомдол санал байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Иймд Энхбатад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” /хх 213/ хүсэлтээр нотлогдож байна.

А.Э-ын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...А.Э-д хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн хүсэлт болон шүүгдэгч А.Э-ын анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг тус зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн 1 /нэг/ жил 2 /хоёр сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүхээр хэргийн хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 40 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар /нэг жил хоёр сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. А.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш 9,500,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                               ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ