Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/48

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа, 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, Ч.Батсүх,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хохирогч Ө.Г-,

Иргэний хариуцагч Д.Э-,

Шүүгдэгч Г.Х-, М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г-ийн Г.Х-, М.М- нарт холбогдох эрүүгийн 2438002700244 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Х-,

Монгол Улсын иргэн, М.М-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х-, М.М- нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг ... гэх газарт байх Ө.Г-ийн эзэмшлийн 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасны улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438002700244 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: 

  Шүүгдэгч Г.Х-, М.М- нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг ... гэх газарт байх Ө.Г-ийн эд хөрөнгө болох 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасан үйлдлийн улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Г-ийн өгсөн: “...Тухайн байшин 2019 оноос ... гэх газарт баригдаж эхэлсэн. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр бүх зүйлийг оруулж тооцож үзэхээр 380,000,000 гаруй сая төгрөгийн үндсэн зардал гарсан байгаа. Тухайн үеийн байшингийнхаа үнэлгээг хийхэд 208,000,000 төгрөг гарсан. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн үнэлгээний газраар үнэлэгдсэн. 100 хувь миний хөрөнгөөр баригдсан байшин байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 15-нд Д.Э- гэдэг хүнтэй би Улаанбаатар хотод уулзсан. Байшин 5 түлхүүртэй байгаагүй. Надад нэг түлхүүр байсан. Нөгөө түлхүүрээ би Д.Э-гаас авсан. Тэгэхээр ямар ч илүү түлхүүр байх үндэслэл байхгүй. 5 дугаар сарын 15-ны өдөр би түлхүүрээ аваад 6 дугаар сарын 16-нд байшин шатсан байсан. Тухайн байшинг түлхүүргүй байхад яаж орсон талаар би сайн мэдэхгүй байна. Иргэний хариуцагч нь байшинг барихад би мөнгө гаргасан гэж яриад байгаа. Н.М-т би байшинг 2 жилийн хугацаанд барихад тоног төхөөрөмж, мотор, компрессор байшин барихад юу хэрэгтэй бүх материалуудыг энэ Мөрөнгийн зах дээрээс би авч өгч байсан. 2 жилийн хугацаанд орсон материалуудын баримтыг цуглуулах ямар боломж надад байгаагүй. Би ямар ч баримт байгаагүй. Хамгийн сүүлд 2023 онд засал хийхдээ Н.М- 2 залуутай ирж дотор засал хийсэн. Тэгээд 8,000,000 төгрөгөөр хийхээр надад ярьсан. Би 7,500,000 төгрөгөөр тохирч 5,500,000 төгрөгийг бэлнээр Н.М-т өгсөн. Үлдэгдэл төлбөрийг нь хөрөө рамаа өгөх талаар бид хоёр ярилцаж тохиролцсон. Байшин барихад тоног төхөөрөмж, компрессор, мотор байшин барихад юу л хэрэгтэй байна, алх, сүх, хадаас, модны хөрөө энэ бүх багажуудыг би баримт цуглуулаагүй учраас үнэлгээнд ороогүй. Тиймээс баримт байхгүй. Тэгэхээр миний хувьд энэ байшинг барих гэж би 4 өрөө байраа 2 машинтай 9911 гээд утсаа барьцаанд тавиад, тэгээд 2024 онд хамгийн сүүлд Д.Э-тай би байшиндаа очоод банк санхүүд аваачиж 50 сая төгрөгөөр тавиад тэгээд мотоцикль авна гэж бид хоёр Оросын Холбооны Улс руу явсан… Тэгээд би Улаанбаатарт очоод хамгийн сүүлийн түлхүүрийг Д.Э-гаас аваад явсан...” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Э-гийн өгсөн: “...Тухайн байшинг анхнаасаа бид хоёр хамт ашиглана гэж тохиролцсон байсан. …Би энэ газарт урлантай болж урлангаа хиймээр байна гэхээр нь би найзынхаа хашаанд эвтэйхэн газар харж байгаад байшингаа барьчих гэсэн. Намайг осолд орсон үед надтай холбоогүй байж байгаад гэнэт холбоо бариад урлангаа барих гэсэн юм гэж хэлэхээр нь би найзынх нь яриад байсан газар зөвшөөрөл хөөцөлдсөн хэвээр байгаа. Манай лагерийн хойд талын хаваржаан дээр байшингаа барь гэж хэлсэн. Тухайн үед би хэвтэрт байсан юм. Хохирогч нь ирээд байшингаа тэнд барихаар болсон гэж хэлэхэд нь би амласандаа хүрнэ гээд зөвшөөрсөн. Байшинг барьж эхэлж байхад бид хоёр хамтран эзэмшихээр анхнаасаа тохиролцсон байсан. Байшингаа барьж дуусгаад 5 түлхүүрээ хувааж авсан. Шинэ хаалга 5 түлхүүртэй ирсэн. Нэг түлхүүрийг нь надад өгч нэг түлхүүрийг нь Н.М-т, нэгийг нь өөрөө аваад явсан. Надаас түлхүүрээ буцааж авсан талаараа тайлбарлаж байна. Тийм зүйл болоогүй. Байшин шатахаас өмнө над руу найз нь түлхүүрээ олохгүй байна. Найздаа түлхүүрээ өгчих гэж хэлсэн. Тухайн түлхүүрээ надаас бараг хурааж авсан мэтээр тайлбарлаад байна. Тийм зүйл байхгүй. ...Мөн тухайн байшингийн 450,000 төгрөгийн төлбөр авсан талаар би мэдэхгүй. Надад тийм зүйл хэлээгүй. Би энэ хүүхдүүдэд тус болох төдий нутгийн хүүхэд ирсэн талаар Н.М- гээд дүү маань ярихаар нь зөвшөөрсөн. ...Б.О- гээд хүүхдийн ээжтэй, ээж аавтай нь танил нэг нутгийнх болохоор тусалсан юм. ...Анхнаасаа тог цахилгаангүй хамгийн эхлээд тог цахилгаанаа татъя гэхэд тог цахилгаанаа татаагүй, усныхаа шугамыг татъя гэхэд татаагүй. …Би хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

      Хохирогч Ө.Г-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... тосгон ... 2 давхар 240мк амины орон сууцанд гал гарсан болохоор энэ хэрэг дээр хохирогчоор оролцож байна. 6x9 хэмжээтэй 240 м.кв хоёр давхар амины орон сууц байсан, 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгын бригад авчирч хамт барьсан. 2018 онд Хөвсгөл аймгийн ... суманд очоод Д.Э- гэдэг хүнтэй танилцаад Д.Э- нь тухайн байшин барьсан газрыг миний газар гэж хэлээд байшинг барьж байх хугацаанд би Д.Э-гаас тухайн газрын гэрчилгээ асуухад одоохон хөөцөлдөж байгаа гэрчилгээ гараад ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд газрын гэрчилгээ байхгүй болохоор үл хөдлөх гэрчилгээ гарахгүй байгаа. ...Тийм зүйл байхгүй. Байшингийн түлхүүр ганцхан надад л байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/,

Иргэний хариуцагч Д.Э-гийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байсан байх. Б.О- гэдэг манай нутгийн дүү манай ангийхан энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа юм гээд манай завьчин Н.М-аар дамжуулан надтай холбогдож “хойд Ө.Г-ийн эзэмшлийн байшинд ганц хонож болох уу” гэж дамжуулж холбогдохоор нь “тухайн байшин тог, цахилгаан байхгүй, жорлон байхгүй” гэж Н.М-т дамжуулж хэлсэн чинь манай завьчин ганц өдөр гайгүй байх аа хоноод маргааш нь явчих юм аа гээд байхаар нь Н.М-т би зөвшөөрсөн юм. ...Ер нь байшингийн доод талын хөндийд барилгын үлдэгдэл, шилэн хөвөн, кардон цаас, хавар салхиар дамжаад хатсан шилмүүс гээд ер нь ил задгай гал гарах магадлалтай байсан юм. ...Хохирол нөхөн төлбөртэй холбоотой мөнгө төгрөг төлж барагдуулсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54-55 тал/,

Иргэний хариуцагч Д.Э-гийн гэрчээр 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би ... тосгоны ... гэх газар 1 га газар хуулийн дагуу ашиглах зөвшөөрөлтэй, тухайн газар дээр моторт завь түрээсийн үйлчилгээ эрхлэн амьдардаг юм. Би тухайн газрыг 2015 оноос ашиглан амьдарч байгаа юм. Би өөрөө Улаанбаатар хотод байдаг зуны аялал зугаалгын саруудад ... тосгоны ... гэх газраа завь түрээслүүлээд намар буцаад хот руугаа явчихдаг юм. 2017 онд би өөрийн найзаар дамжуулан Ө.Г- гэх залуутай танилцсан. Ө.Г- бид хоёр танилцсанаас хойш 2019 онд Ө.Г- над руу өөрөө залгаад “...-д байгаа чиний газар дээр чинь би байшин барьж урлан хийнэ, миний завь түрээслэж байгаа ажилтай хамтраад бизнесийн хамтрагч болъё” гэсэн. Би тухайн үедээ за тэгье гэж хэлсэн. Тэгээд Ө.Г- бид хоёр ярилцан миний эзэмшин ашиглаж байгаа газар дээр Ө.Г-ийн мөнгөөр байшин барихаар тохиролцож, тухайн би байшинг нь би барихаар болсон. Байшинг 2019 оны зун ажлын бригад авч өөрөө удирдан байшинг барьсан. Байшинг барьснаас хойш тухайн байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж аваагүй өдийг хүрсэн учир нь байшин бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй байсан. Байшингийн нэг түлхүүр Ө.Г-т, бас нэг түлхүүр надад байсан. Ер нь бол байшингийн 5 ширхэг түлхүүр байдаг 1 түлхүүр нь надад, нөгөө түлхүүрүүд Ө.Г-т байдаг. Би 1 түлхүүрийг өнгөрсөн зун Ц- гэх эмэгтэйгээс авсан. Ц- гэх эмэгтэй тэр түлхүүрээр өвөл, намар хаврын улиралд тухайн байшинд жуулчид авч байрлуулдаг байсан юм. Бас нэг түлхүүрийг ...  суманд Н.М- гэдэг завьчин залууд үлдээгээд Ө.Г- бид хоёрын хэн нь ч байсан Хөвсгөлд ирсэн үедээ авч ашигладаг түлхүүр байсан. Тэр түлхүүрийг өнгөрсөн 5 сарын эхээр Ө.Г- аваад өөрөө байшингаа цоожлоод байшингаа цэвэрлэгээ хийлгэсний дараа ашиглалтад оруулъя гэж тохиролцсон. Ө.Г- болохоор байшингаа үнэлүүлээд, үнэлгээний гарсан дүнгээр надад зарахаар тохиролцсон байсан. 2024 оны 05 дугаар сарын 15-ны орой миний таньдаг Б.О- гэдэг хүүхэд манай завьчин Н.М-аар дамжуулаад “арван жилээ төгссөн, ангийнхантайгаа аялж зугаалж явна, танай байшинд нэг хонож болох уу" гэж асуухаар нь би “архи дарс уухгүй, цэвэрхэн байвал тэг гэж хэлсэн. Б.О- над дээр ангийнхаа хүүхдүүдтэй ирээд надад байсан байшингийн түлхүүрийг аваад явсан. Тэр хүүхдүүд ангийнхаа багштайгаа хамт явж байгаа гэж хэлсэн. Тэр оройдоо хүүхдүүд байшинд хоносон. Маргааш өглөө нь би 9 цагт босоод байшин дээр очиж харахад хүүхдүүд байшингийн хойно нэлээд зайтай модны доор байх зууханд гал түлчихсэн цай чанаж байхаар нь би харчихаад юу ч хэлэлгүй яваад өгсөн. Тэрнээс хойш 2 цаг орчмын дараа 11 цаг өнгөрч байх үед над руу Н.М- залгаад "байшингаас утаа гараад байна” гэж утсаар хэлэхэд би яваад очтол байшингийн баруун хойд хэсгээс гал гарчихсан хүүхдүүд гадаа нь уйлалдчихсан байж байхаар нь би дотор хүн байгаа юу, хүүхдүүдээ бүрэн тоолсон уу гэхэд хүүхдүүд бүгд бүрэн байсан болохоор байшин дотор хүүхэд үлдээгүй юм байна гэж бодоод тэнд байсан хүмүүстэй галыг унтраах оролдлого хийсэн. Тэнд байсан хүүхдүүдийн багш нь гал команд дуудсан байсан. Гал команд 30 минутын дараа ирэхэд байшин шатаад дууссан. Тог цахилгааны утас байгаагүй. Ө.Г- бид хоёр тогоо татаж амжаагүй байсан, ...Тухайн байшин барих мөнгийг Ө.Г- гаргасан. Би байшинг гардан хариуцаж барьж дуусгасан. Гэхдээ байшингийн гэрчилгээ гараагүй байгаа. Тэгэхээр Ө.Г-ийн байшин гэж ойлгож болно. Харин байшин байгаа газар миний газар байгаа юм. Би тухайн газрыг 2015 оноос хойш эзэмшин ашиглаж байгаа. Байшингийн нэг түлхүүр надад байсан. Нөгөө түлхүүрүүд Ө.Г-т байгаа. Би хүүхдүүд тамхи татаад бүрэн гүйцэд унтраалгүй тамхины ишээ хаясан байх гэж бодож байгаа. Тухайн байшин терас буюу задгай тавцан газраас дээшээ 1 метр өндөрт байрласан байшин доогуур хуурай өвс байсан байх гэж бодож байна. Байшин дотор гал түлээгүй, байшин руу орсон цахилгаан тог байхгүй. Хүүхдүүд өглөө цай чанахдаа байшингаас нэлээд зайтай гадаа зууханд гал түлж цай чанасан байсан, гадна зуухнаас гал алдах боломжгүй хол зайд байсан... ’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-38 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч О.А-ын өгсөн: “...Манай ангийнхан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эцэг эхчүүдийн зөвшөөрөлтэй төгсөлтийн зугаалга хийхээр болж ... тосгоны ... амралтад байрлах ... гэдэг нэртэй амралтад 1 хоноод, мөнгөө хэмнэхийн тулд манай ангийн Б.О-ын танил ах Э- гэдэг ах манай байшинд хоногийн 450,000 төгрөгөөр амар, манай байшинд нэг хоноод 450,000 төгрөг өгөөд завиар үнэгүй яв гэсэн санал тавьсан. Тэр саналыг манай ангийнхан ярилцаж байгаад зөвшөөрч Д.Э- гэдэг хүний байшинд 06 дугаар сарын 15-ны орой очиж тэндээ 1 хоноод өглөө босоод байж байтал 12 цаг өнгөрч байшингийн зүүн хойд булангаас гал гарч эхэлсэн. Гал гарсныг манай ангийнхан мэдээд бүгд байшингаас гарсан. Тэгтэл байшингийн эзэн Д.Э- гэдэг хүн ирээд тэнд байсан хүмүүстэй нийлж бид нар унтраах оролдлого хийсэн боловч унтрааж чадаагүй. Тэр үед өөр амралтанд амарч байсан Х- гэдэг багш ирээд гал команд дуудсан. Гал команд байшин шатаад дуусаж байхад ирсэн. Байшин дотор зуух байсан. Бид нар гэхдээ байшин дотор гал түлээгүй. Байшингаас хол зайтай модны захад гадаа байсан жижиг зууханд гал түлж өглөөний цайгаа уусан. Байшингийн урд тагтан дээр манай ангийн банди нар бүгд тамхи татсан. Тамхи татаагүй 3 хүүхэд байгаа тэр хүүхдүүд нь С.М-, Х.Э-, Т- нар татаагүй. Тамхи татсан хөвгүүд бүгд тамхиа унтраагаад ишийг нь хогийн саванд хийсэн. Тэгээд байж байтал манай ангийн Г.Х-, М.М- хоёр надаас тамхитай хүүхдээс тамхи аваад өг гэхээр нь би ангийнхаа С.Б-ын тамхинаас 2 ширхгийг аваад Г.Х-, М.М- хоёрт өгсөн. Би тэр хоёрт тамхи авч өгчихөөд ангийнхаа Б.О-ын хамт байшингийн хойно модны захад байх 00 орох гэж явахад байшингийн хойд хэсэг буюу гал эхэлж гарсан хэсэгт Г.Х-, М.М- хоёр тамхи татчихсан сууж байсан. Тэрийг би харсан. Тэр хоёрыг тамхи татаж байхыг манай анги А.Б-  бас харсан. Мөн урд байшингийн урд байсан ... амралтын газрын эзэн эмэгтэй бас харсан...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Б- ийн өгсөн: “...Манай ангийнхан сургуулиа төгсөөд ангиараа ...-ын ... амралт руу зугаалганд явсан. Зугаалганд явахдаа манай ангийнхан эцэг эхчүүдээсээ зөвшөөрөл авч явсан. 2024 оны 08 дугаар сарын 15-ны орой манай ангийн Б.О-ын танил ахын байшинг 450,000 төгрөгөөр түрээсэлж нэг хонохоор болсон. Тэндээ нэг хоночихоод өглөө нь босоод байж байтал 12 цаг өнгөрч орчимд байшингийн зүүн хойд хэсгээс гал гарч манай ангийнхан бүгд байшингаас гарсан. Тэгээд онцгой байдлын алба хаагч нар ирж галыг бүрэн гүйцэд унтраасан. Онцгой байдлын хүмүүсийг ирэхэд байшин шатаад дуусаж байсан. ...Тэр өглөө манай ангийн М.М-, Г.Х- хоёр тамхи татаж байхыг би харсан. Өөр О.А- харсан гэж байсан. Байшингийн зүүн хойд булан, байшинд эхэлж гал гарсан хэсэгт тамхи татаж байсан. М.М-, Г.Х- нарыг тамхи татаж байсан үеэс 10-15 минут орчмын дараа байшингийн яг тэр хэсгээс утаа гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/,   

Насанд хүрээгүй гэрч Б.О-ын өгсөн: “...Би ангийн хүүхдүүдийн хамт ... тосгоны ... амралтад амрахаар 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яваад эхний өдөр ... гэдэг нэртэй амралтад 1 хоноод, дараагийн өдрөө өөрийн танил Н.М- ахтай тааралдаад “хойно нэг хаус байна би Д.Э- ахтай яриад өгье” гэхээр нь “тэгье тэгье ах” гэсэн чинь Н.М- ах Д.Э- ахтай уулзаж зөвшөөрөл аваад манай ангийнхан 450,000 төгрөгөөр нэг хонохоор тохирч тэндээ нэг хоноод өглөө нь босоод байж байтал өдөр 14 цаг болох гэж байхад байшингийн зүүн хойд булангаас утаа гараад гал оволзож эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс болон Д.Э- ах бид нар галыг унтраах ородлого хийсэн боловч галыг унтрааж чадаагүй. Гал команд дуудсан боловч гал команд байшин шатаад дууссаны дараа ирсэн. Би галыг тамхи татаад, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраагаагүйгээс болсон гэж үзэж байгаа. Учир нь манай ангийн Г.Х-, М.М- хоёр гал гарахаас 10 орчим минутын өмнө яг байшингийн эхэлж гал гарсан хэсэгт буюу байшингийн зүүн хойд булан байшингийн гадаа тамхи татаж байсан. Би тэр үед ангийнхаа О.А-ын хамт 00 орж явсан. Бид хоёрыг 00 орох гээд явж байхад Г.Х-, М.М- хоёр яг байшингийн гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг харсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/,

Гэрч Х.Э-ын өгсөн: “...Манай ангийнхан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...-д очиж амарч зугаалгаар явсан. Бид нар эхний өдрөө ... гэх нэртэй амралтад амарч нэг хоноод маргааш өдөр нь манай ангийн Б.О-ын танил ахын байшинг 450,000 төгрөгөөр тохирч нэг хонохоор болсон. Бид нар тэр байшинд нэг хоночихоод маргааш өглөө босоод байж байтал өдөр 13 цагийн орчимд байшингийн зүүн хойд булангаас утаа гарч гал оволзсон. Тэгээд манай ангийн хөвгүүд болон тэнд байсан хүмүүс галыг унтраах оролдлого хийсэн боловч галыг унтрааж чадаагүй. Гал команд байшин шатаад дуусаж байхад ирсэн. Манай хөвгүүд байшингийн урд хоёр давхрын тавцан дээр тамхи татсан. Манай ангийн Г.Х-, М.М- хоёр О.А-оос тамхи аваад байшин тойроод явж байгаа харагдсан. Тэр хоёр хаана очиж тамхиа татсаныг би хараагүй, ямар ч байсан байшин тойроод явсан. ...тамхиа бүрэн унтраагүйгээс болсон гэж бодож байна. ...манай ангийн О.А-, С.Б-, Д- , Г.Т-, Ш- , О.П-, Т-, М.М-, Г.Х- бид нар тамхи татсан. ...Г.Х-, М.М- хоёрыг бол тамхи татаж байхыг хараагүй гэхдээ тухайн гал гарахаас 5-10 минутын өмнө тэр хоёр гаднаас орж ирж байсан. Манай ангийнхан дотор яриагаар бол Г.Х-, М.М- хоёрыг гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг нь зарим нь харсан, зарим нь гал гарахаас хэдхэн минутын өмнө хаалгаар хоёулаа орж ирж байсан гэх яриа өгүүлэмжтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 тал, 2 дугаар хх-ийн 59 тал/,

Гэрч О.Б-ын өгсөн: “...Манай нөхөр Ө.Г- 2020 оноос 2022 оны хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг ... тосгоны ... гэдэг газарт нийт 164м.кв дүнзэн терастай байшин барьж босгосон. Тухайн байшинг аялал жуулчлалын зориулалтаар жуулчны бааз байгуулах эхлэл болж байшинг барьсан байсан. Байшинг Улаанбаатар хотоос авч ирсэн Б- , М- гэдэг хоёр хүний хамт манай нөхөр өөрөө барьсан. Мөн Хөвсгөлөөс ажилчид хөлсөлж бариулсан байшин байсан. Тэгтэл 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байшинд гал гарч байсан бүхэлдээ, дотор эд юмстайгаа шатсан. Байшин шатсан шалтгаан нь Д.Э- гэх хүн 10 жилийн хүүхдүүдийг байшинд эзэмшигчийн зөвшөөрөлгүй оруулснаас болж гал гарсан. Гал бол яг ямар шалтгаанаас гарсны нарийн ширийнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123 дугаар тал/,

Гэрч С.Б-ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... сумын 6 дугаар баг ... гэдэг газар очоод ... амралтын газарт амарч хоноод маргааш нөгөө шатсан байшин дээр очоод 1 хоноод өглөө нь манай ангийнхан завиар далай дээр явж байгаад өдөр 12 цаг өнгөрч байхад буцаад байшин дээрээ ирээд орой аймаг явна гээд хувцас хунараа янзлаад хөвгүүд дээд давхарт манай ангийн 2 охин бид нартай байсан бусад охидууд доод давхарт амарч байсан чинь хойд цонхоор утаа гараад байсан. Тэгээд манай ангийн нэг хүүхэд гарч хараад гал гараад байна гэхээр бид нар сандралдаад бүгд байшингаас гарсан. ...Тухайн гал гарах үед манай ангийнхан их сандарсан байдалтай байсан. Харин Э-, Г.Х-, М.М- нар уйлаад өрөнд орчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар тал/,

Гэрч Б.Ч-ийн өгсөн: “...Би эцэг эхчүүдтэй нь хүүхдүүдээ 14 цаг гэхэд ирж аваарай гэж хэлээд байж байтал шалны завсраар утаа гараад байсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь байшингийн хөндий дороос гал гарч байсан. Би сандраад намайг авах гэж ирсэн хүний утсаар Онцгой байдалд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-184 тал/,

Гэрч С.Б-ийн өгсөн: “...хүүхдийнхээ ангийн хүүхэд рүү залгасан чинь утсаа авахаар нь та нар хаана байна гэж асуухад дээр утаа гарч байгаа газарт хүрээд ир гэхээр нь шууд тэр утаа гарч байгаа газар яваад очиход хүүхдүүд нэг шатаж байгаа байшингийн гадаа Б.Ч- багш хүүхдүүдээ бөөгнүүлсэн гал руу дөхүүлэхгүй гээд байж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 тал/,

Гэрч П.П-ийн өгсөн: ...Бид 2 давхарт юм ярьцгаагаад бөөндөө байсан. Тухайн үед 2 охин байшинд байхгүй байсан. М.М-, Г.Х- хоёр байхгүй байсан. Гал байшингийн баруун хойд хэсэг их шатчихсан байсан. Нилэнхүйдээ доогуураа шатаж эхэлсэн. ...Г.Х-, М-2 тамхи татсаныг бол хараагүй, гэхдээ бид нар бөөндөө 2 давхарт байхад тэр хоёр байшинд байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар тал/,

Гэрч Д.Т-гийн өгсөн: “...байшин руу ороод болкон дээр гарч хоёр хүүхэдтэй хамт зогссон. ...Тэгтэл ард тоос бужигнаад байх шиг харагдсан. Салхилаад байгаа юм болов уу гэж бодсон салхи биш байсан. Тэгээд юу юм бол гээд буухад шалан дороос утаа гарч байсан. ...Миний санаж байгаагаар байшингийн хойд суурь хэсгээс гал гарч байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 210-211 тал/,

Гэрч О.П-ын өгсөн: “...13 цагийн үед байх ...С.М- юун утаа гараад байна гэхээр нь бүгд гараад харсан чинь байшин зүүн хойд хэсгээс гал гарч эхэлж байсан. ...байшин дотор бол гал түлээгүй..” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57 тал/,

Гэрч С.М-н өгсөн: “...байшингийн хоёр давхрын тагтан дээр ангийн зарим хүүхдүүд тамхи татаад байж байсан чинь байшингийн зүүн хойд булангаас утаа шиг юм гараад байхаар нь би яваад очоод харсан чинь байшин шатаж эхэлж байсан. ...Бид нар бол байшин дотор гал түлээгүй. ...Тухайн байшин дотор ямар нэгэн цахилгааны эх үүсвэр байгаагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68 тал/,

Гэрч Н.М-ын өгсөн: “...Тухайн байшин Ө.Г- гэж хүний эзэмшлийн байшин байх гэж бодож байна. Ц- гэдэг хүүхэнд нэг түлхүүр нь, нэг түлхүүр нь надад байдаг байсан. Тэр хоёр ирж очихоороо надаас авдаг байсан. Надад өгсөн түлхүүр нь болохоор хугараад алга болсон. Тухайн үед хүүхдүүд байрлахдаа Д.Э- ахаас авсан байх...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70 дугаар тал/,

Гэрч Г.Т-ийн өгсөн: “...Тухайн үед би байшингийн хоёр давхарт П.П-, С.Б-, С.М-, Э- , Д- , зарим гадуур зарим нь доод давхарт байрлаж байсан. Гал байшингийн зүүн хойд хэсгээс эхэлж гарч эхэлсэн. Манай ангийн зарим хүүхдүүдийн яриагаар сүүлд сонсоход манай ангийн О.А- хайрцагтай тамхинаасаа М.М-, Г.Х- нарт өгсөн чинь манай ангийн хоёр охин байшингийн яг гал гардаг хэсэгт очиж тамхи татсан гэж байсан. ...Сүүлд хүүхдүүдээс сонсоод байхад манай ангийн М.М-, Г.Х- хоёрыг байшингаас гал гарахын өмнө О.А-оос тамхи аваад байшингийн гал гардаг хэсэгт татаж байхыг манай ангийн О.А- харсан байсан гэж ангийнхаа хүүхдүүдээс сонссон...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 72-73 дугаар тал/,

Гэрч Н.Ц-гийн өгсөн: “...Ө.Г- ах намайг манай байшингийн түлхүүрийг авч үлдээрэй гэхээр нь түлхүүрийг нь авч үлдсэн. Тухайн үед Ө.Г- ах намайг манай байшинг худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авсан ч яахав гэж хэлсэн чинь Ө.Г- ах манай байшинг эргэж тойрч байгаарай гээд түлхүүрээ надад үлдээгээд явсан. Д.Э- 2023 оны 06 дугаар сард манай энд хүмүүс ирсэн юм тухайн ирсэн хүмүүсийг байшинд оруулах гэсэн юм би нэг завьтай хүн явуулсан байгаа тэр хүнд түлхүүрээ өгөөд явуулчих гэхээр нь би тухайн завьтай хүнд ... руу түлхүүрийг нь өгөөд явуулсан. ...Надад 1 ширхэг түлхүүр байсан. Д.Э-д өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 79-80 тал/,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “...ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 12/140 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр асуултын хариултаар Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлсэнээр тухайн байшин төвийн цахилгаан шугам сүлжээнд холбогдоогүй, гал түймэр гарах үед тус байшинд амрагчид байсан байх тул хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гарсан байх магадлалтай...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 67-88 дугаар тал/,

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/140 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй..” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар тал/,

“... ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/25/02/125 дугаартай: “...Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг ... гэх нэртэй газарт байршилтай дүнзэн байшингийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын байдлаар нийт 162,366,781.1 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт, хавсралтууд /2 дугаар хх-ийн 13-46, 243-250, 3 дугаар хх-ийн 1-27 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-26 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдож байна. 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Д.Уртбаяр: “...миний үйлчлүүлэгч М.М-ийг 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ... гэх газарт иргэн Ө.Г-ийн эзэмшлийн 164м2 хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасны улмаас байшин шатаж 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, болгоомжгүй эд хөрөнгө устгах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай эргэлзээгүй, үндэслэл бүхий байдлаар бүрэн нотлогдон тогтоогдохгүй байна. ...Иймд миний үйлчлүүлэгч М.М-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 1.9-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Ч.Батсүх: “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-: “...Тухайн өдрийн өглөө 9 цагийн үед манай ангийнхан боссон. Тухайн байшингаас нэлээд хол байсан зууханд гал түлж гоймон чанаж идсэн. Хоолоо хийж идээд байшинд орж ирээд байж байхад цонхны урдуур утаа татсан байхыг мэдэхгүй шуурга гэж бодоод манай ангийнхан гараад бужигналдахад нь гал гарч байгаа талаар мэдсэн. Тухайн өдөр байшингийн булан болон ард талд байгаагүй. Манай ангийнхан яагаад тэгж мэдүүлсэн талаар би ойлгохгүй байна. Манай ангийнхан шөнөжин унтаагүй сэрүүн байсан. Урьд шөнө нь үүрийн 5 цаг хүртэл мотор асаалттай байсан. Гэрэл нь асаж унтраад байсан. Энэ талаар мөн сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-: “...Тухайн өдрийн өглөө нь бид хоёр н.О.А-оос 2 ширхэг тамхи өгөөч гэж гуйж авсан маань үнэн. Авсан тамхиа татаагүй. Тухайн үед бид хоёр электрон тамхитай байсан. Электрон тамхиныхаа подыг нь олсон учир утаат тамхиа дэрэн доогуураа тавьсан байсан. Цонхоор харахад шуурга болж байхаар нь гадаа шуурч байгаа юм байна гэж бодоод байж байтал гал гарсан байсан. Хойшоо нойл орох гээд явахад Г.Х-, М.М- нар байшингийн хажууд байсан гэх мэдүүлэг худлаа юм. Хойно нойл байдаггүй, нэлээн хол явахаар урд зүгт нойл байдаг. Бид хоёр байшингийн буланд байгаагүй. Манай ангийнхан бөөндөө цугларч ярилцаж байгаад та хоёр тамхи авсан биз дээ гэж хэлсэн. Тухайн үед авсан боловч тамхийг татаагүй гэдгээ хэлсэн. Сая нэг эгч урдуур гүйж ирсэн эгч хоёр охин байсан гэж хэлсэн. Угаасаа та хоёр байшинг шатаасан гэж байшин шатаж байх явцад гөрдсөн. Бид хоёр тамхи татаагүй, байшинг шатаагаагүй гэж хэлэх боломж олгоогүй. Айгаад зөндөө уйлсан. Хувцсаа дотроос нь авч чадахгүй хэмжээний байхад манай ангийнхан бид хоёр руу гүтгэсэн. Гэрчүүдийн мэдүүлэг ихэнх нь бараг шахуу худлаа гүтгэчихсэн байсан...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэж байх боловч хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Ө.Г-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/, иргэний хариуцагч Д.Э-гийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54-55 тал/, гэрч Д.Э-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-38 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч О.А-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч А.Б- ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Б.О-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч Х.Э-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 тал, 2 дугаар хх-ийн 59 тал/, гэрч О.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123 дугаар тал/, гэрч С.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар тал/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-184 тал/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 тал/, гэрч П.П-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар тал/, гэрч Д.Т-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 210-211 тал/, гэрч О.П-ын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57 тал/, гэрч С.М-н мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68 тал/, гэрч Н.М-ын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70 дугаар тал/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 72-73 дугаар тал/, гэрч Н.Ц-гийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 79-80 тал/, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 67-88 дугаар тал/, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/140 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар тал/, “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/25/02/125 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 13-46, 243-250, 3 дугаар хх-ийн 1-27 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-26 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.Х-, М.М- нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг ... гэх газарт байх Ө.Г-ийн эд хөрөнгө болох 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасан үйлдлийн улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь нотлогдож байна.

Тухайлбал, насанд хүрээгүй гэрч О.А-ын: “...манай ангийн Г.Х-, М.М- хоёр надаас тамхитай хүүхдээс тамхи аваад өг гэхээр нь би ангийнхаа С.Б-ын тамхинаас 2 ширхгийг аваад Г.Х-, М.М- хоёрт өгсөн. Би тэр хоёрт тамхи авч өгчихөөд ангийнхаа Б.О-ын хамт байшингийн хойно модны захад байх 00 орох гэж явахад байшингийн хойд хэсэг буюу гал эхэлж гарсан хэсэгт Г.Х-, М.М- хоёр тамхи татчихсан сууж байсан. Тэрийг би харсан. Тэр хоёрыг тамхи татаж байхыг манай анги А.Б-  бас харсан...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Б- ийн: “...Тэр өглөө манай ангийн М.М-, Г.Х- хоёр тамхи татаж байхыг би харсан. Өөр О.А- харсан гэж байсан. Байшингийн зүүн хойд булан, байшинд эхэлж гал гарсан хэсэгт тамхи татаж байсан. М.М-, Г.Х- нарыг тамхи татаж байсан үеэс 10-15 минут орчмын дараа байшингийн яг тэр хэсгээс утаа гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/,   

Насанд хүрээгүй гэрч Б.О-ын: “...Би галыг тамхи татаад, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраагаагүйгээс болсон гэж үзэж байгаа. Учир нь манай ангийн Г.Х-, М.М- хоёр гал гарахаас 10 орчим минутын өмнө яг байшингийн эхэлж гал гарсан хэсэгт буюу байшингийн зүүн хойд булан байшингийн гадаа тамхи татаж байсан. Би тэр үед ангийнхаа О.А-ын хамт 00 орж явсан. Бид хоёрыг 00 орох гээд явж байхад Г.Х-, М.М- хоёр яг байшингийн гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг харсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/,

Гэрч Х.Э-ын: “...Манай ангийн Г.Х-, М.М- хоёр О.А-оос тамхи аваад байшин тойроод явж байгаа харагдсан. Тэр хоёр хаана очиж тамхиа татсаныг би хараагүй, ямар ч байсан байшин тойроод явсан. ...тамхиа бүрэн унтраагүйгээс болсон гэж бодож байна. ...Г.Х-, М.М- хоёрыг бол тамхи татаж байхыг хараагүй гэхдээ тухайн гал гарахаас 5-10 минутын өмнө тэр хоёр гаднаас орж ирж байсан. Манай ангийнхан дотор яриагаар бол Г.Х-, М.М- хоёрыг гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг нь зарим нь харсан, зарим нь гал гарахаас хэдхэн минутын өмнө хаалгаар хоёулаа орж ирж байсан гэх яриа өгүүлэмжтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 тал, 2 дугаар хх-ийн 59 тал/,

Гэрч С.Б-ын өгсөн: “...Тухайн гал гарах үед манай ангийнхан их сандарсан байдалтай байсан. Харин Э- , Г.Х-, М.М- нар уйлаад өрөнд орчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар тал/,

Гэрч П.П-ийн өгсөн: ...Бид 2 давхарт юм ярьцгаагаад бөөндөө байсан. Тухайн үед 2 охин байшинд байхгүй байсан. М.М-, Г.Х- хоёр байхгүй байсан. Гал байшингийн баруун хойд хэсэг их шатчихсан байсан. Нилэнхүйдээ доогуураа шатаж эхэлсэн. ...Г.Х-, М-2 тамхи татсаныг бол хараагүй, гэхдээ бид нар бөөндөө 2 давхарт байхад тэр хоёр байшинд байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар тал/,

Гэрч Г.Т-ийн өгсөн: “...Гал байшингийн зүүн хойд хэсгээс эхэлж гарч эхэлсэн. ...Сүүлд хүүхдүүдээс сонсоод байхад манай ангийн М.М-, Г.Х- хоёрыг байшингаас гал гарахын өмнө О.А-оос тамхи аваад байшингийн гал гардаг хэсэгт татаж байхыг манай ангийн О.А- харсан байсан гэж ангийнхаа хүүхдүүдээс сонссон...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 72-73 дугаар тал/ зэргээр уг гэмт хэргийг шүүгдэгч М.М-, Г.Х- нар үйлдсэн болохыг шууд болон дамжмал байдлаар нотолж мэдүүлэг өгсөн, тухайн байшин нь цахилгаан шугам сүлжээнд холбогдоогүй, байшин доторх зууханд гал түлээгүй талаар хохирогч Ө.Г-, гэрч Х.Э-, П.П-, О.П-, С.М-, Г.Т-, Б.Я-, насанд хүрээгүй гэрч О.А-, Б.Э- , Д.Т- нар мэдүүлсэн, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/140 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч нарын санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гарсан, хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг хийхэд илрээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хайхрамж болгоомжгүй байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Г.Х-, М.М- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Х-, М.М- нарын үйлдэлд бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж болохгүй гэдгийг мэдсэн ч тамхи татсаны улмаас анхаарал болгоомжгүйгээр гал алдаж, улмаар хохирогч Ө.Г-ийн эд хөрөнгө болох байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М-, Г.Х- нар нь тамхи татаж гал гаргахдаа бусдын эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан хэдий ч хайхрамжгүй хандаж, болгоомжгүйгээр хохирогч Ө.Г-ийн эд хөрөнгөнд 162,366,781.01 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Шүүгдэгч М.М-, Г.Х- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Г-ийн эд хөрөнгөнд их хэмжээний буюу 162,366,781.01 төгрөгийн хохирол учирсан нь “... ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/25/02/125 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Ө.Г- нь “...Д.Э- гээд байшин шатаасан хүнд гомдолтой байна. Байшингаа нэхэмжилж байна..” /2 дугаар хх-ийн 222-223 тал/ гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.М-, Г.Х- нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын 70 хувь буюу 113,656,746 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Г-т,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Э- нь шүүгдэгч нарын болгоомжгүй  үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна. Тодруулбал, иргэний хариуцагчаар татагдвал зохих хүн болох Д.Э- нь эд хөрөнгийн  ашиглалтад амрагч хүүхдүүдийг оруулах явцад гэм хор учирсантай шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар Д.Э-г татсан нь үндэслэлтэй ба Д.Э-гийн гэрчээр өгсөн: “...Тухайн байшин барих мөнгийг Ө.Г- гаргасан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 37 тал/-ээр уг байшинд Д.Э- хөрөнгө оруулаагүй, зугаалгаар явсан хүүхдүүдийг уг байшинд хоноглохыг зөвшөөрч оруулсан, мөн гэрчээр мэдүүлэхдээ: “...барьсан байшингийнхаа яг хажууд манай жижиг зуны байшин байдаг ба манайх зуны цагт тэндээ зусдаг учраас харуул хамгаалалт, аюулгүй байдлаа зуны цагт өөрсдөө хариуцдаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 85 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын 30 хувь буюу 48,710,034 төгрөгийг иргэний хариуцагч Д.Э-гаас гаргуулж хохирогч Ө.Г-т тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ө.Г- нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Х-, М.М- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Иргэний хариуцагч Д.Э- нь байшингийн суурийн ажлын хөлсөнд 20,000,000 төгрөг зарцуулсан, Н.М-ын ажлын хөлсөнд өөрийн эзэмшиж байсан “... ” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр бодож өгсөн, бэлнээр 7,000,000 төгрөг өгсөн гэж хохирогч Ө.Г-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж байх боловч

Гэрч Н.М-ын: “...байшингийн суурийг хийх ажлын хөлс гэж надад 12,000,000 төгрөг өгөхөөр болоод ажлын хөлсөндөө Д.Э-гаас “... ” маркийн тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр бодож авсан. Өөр Д.Э- надад өгсөн мөнгө төгрөг байхгүй. ...Дараа жил нь байшингийн дутуу үлдсэн засвар ажлыг би хийсэн. Тэр ажлын нийт хөлс 7,000,000 төгрөг болоод Ө.Г- надад бэлэн 2,500,000 төгрөг өгөөд үлдсэн 4,500,000 төгрөгөнд ажлын багаж хэрэгсэл бодож авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207 тал/,

  Гэрч Д.Э-н: “...Яг надаар байшин бариулсан зүйл байхгүй. Тухайн байшинг цалинтай барьсан хүмүүс нь Н.М-, М-, Б-  нар барьсан юм. ..цалин хөлс авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 213 тал/,

Хохирогч Ө.Г-ийн: “...Хамтран өмчлөх асуудал байхгүй. ...Энэ талаар би мэдэхгүй мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 222 тал/,

Гэрч М.Б-н: “...найзын хувиар тусалсан. ...надад хөлс өгөөгүй. Хоол унд санхүүгийн зардлыг Ө.Г- гаргасан. ...Ө.Г-ийн мөнгөөр боссон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 226 тал/,

Гэрч Г.О-н өгсөн: “...Тухайн үед гарсан бүх зардлыг нь Ө.Г- төлж байсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 тал/,

Гэрч Б.Б-н: “...Надад хөлс өгсөн. Хоол унд санхүүгийн зардлыг Ө.Г- гаргасан. ...Ө.Г- даргын ах эгч нар хөрөнгө оруулсан. ...Н.М- ерөөсөө ажилд оролцоогүй. ...Д.Э- хөрөнгө оруулаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-233 тал/,

Гэрч Б.М- ын: “...хөрөнгө мөнгийг Ө.Г- гаргасан, газрыг Д.Э- гаргасан гэж ойлгосон. ...Энэ байшингийн хувьд хоол унд, унаа тэрэг, ажлын хөлс гэх мэт зардлыг Ө.Г- гаргадаг байсан. ...Н.М-т хөлс мөнгө ...машин тэрэг өгсөн талаар мэдэх зүйл алга. ...Ө.Г- Н.М-т хөлс мөнгө өгсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238 тал/,

Н.М-ын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 47 тал/,

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /3-р хх-ийн 48-49 тал/ зэргээр нотлогдохгүй байх ба хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Э-д хариуцуулж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

“... ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ГЗ/13 дугаартай: “...Хөвсгөл аймгийн ... сум ... тосгоны ...-д шатсан байшингийн хохирлын үнэлгээний төлбөр болон замын зардал болох 4,950,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард багтаан “... ” ХХК-ийн Голомт банкны .... тоот дансанд шилжүүлж өгнө үү. Жич: (...)” гэх албан тоот /2 дугаар хх-ийн 105 тал/ хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нараас тус бүр 2,475,000 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж “... ” ХХК-ийн Голомт банкны ... тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

              Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.М-, Г.Х- нарыг “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-, Г.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-, Г.Х- нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...миний хувьд үйлчлүүлэгчээ цагаатгуулах байр сууриас оролцсон учир ялын санал дээр санал хэлэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугүй гэж маргаж оролцсон учир ял оногдуулж өгнө үү гэх нь зохисгүй юм. Давж заалдах гомдол гаргана...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа: “...Шүүгдэгч нарын ялын хувьд 240 цагаас 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр санал оруулж байна гэв.

Шүүгдэгч М.М-, Г.Х- нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М-, Г.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 1 хавтас 237-240 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ... зэрэг түүний хувийн байдал,

Хэргийн 1 хавтас 241, 243-246 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-, Г.Х- нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.М- нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй, шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн байх бөгөөд ... зэрэг түүний хувийн байдлыг хараглзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын төрөлд ял оногдуулах зохисгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нарт оногдуулсан торгох ялыг тэдний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Х-, М.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Х-, М.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Х-, М.М- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нараас тус бүр 56,828,373 (тавин зургаан сая найман зуун хорин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг, иргэний хариуцагч Д.Э-гаас 48,710,034 (дөчин найман сая долоон зуун арван мянга гучин дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Г-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Ө.Г- нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Х-, М.М- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин Г.Т- болтол шүүгдэгч Г.Х-, М.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, М.М- нараас тус бүр 2,475,000 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж “... ” ХХК-ийн Голомт банкны ... тоот дансанд оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР