| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0016/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/58 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Ц.Б********й,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Л.Б*****р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л*********н Б*******т холбогдох эрүүгийн 2538000000457 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б*****р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Галт сумын “***” ** дүгээр багийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Ц*****й маргаан үүсгэж, цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж улмаар биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000457 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б*****р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын “***” *** багийн нутаг дэвсэрт байх гэртээ Ц.Ц******хтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж улмаар гартаа барьж байсан хутгаар цээжин тус газар нь хутгалж, цээжний хөндий рүү нь нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б*****рын өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, би хийсэн хэргээ хүлээж гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Ц******н өгсөн: “...Тухайн өдөр би Г*******н гэх найзтайгаа Шинэ-Идэр суманд явж байгаад замаараа Б*****р гэдэг найзындаа очиж хэсэг юм ярьж сууж байгаад би Б*****рын ууж байсан ундаанаас нь задлаад уутал Б*****р намайг чи миний ундаанаас уудаг хэн бэ гэж хэлээд дараад авсан тэгээд би Б*****рыг өөрөөсөө түлхэж холдуулаад хоёулаа гаръя гэж хэлсэн. Тэгтэл Б*****р миний араас гарч ирээд надтай шууд барьцалдаж автал Г*******н бид хоёрыг салгатал Б*****р гараараа намайг цохих шиг болтол миний зүүн суганы доод хэсэг рүү халуу дүүгээд унахаар нь дээлээ тайлаад үзтэл цус гараад пүр пүр гэж дуугараад байсан тэгээд бид нар цусаа тогтоож байгаад Шинэ-Идэр сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед би эрүүл байсан архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Бид нарын хооронд ямар ч өс хонзогийн зүйл байхгүй. Г*******н бид хоёрыг салгасан тэгтэл Б*****р намайг гартаа барьж байсан хутгаараа нэг удаа хутгалсан. Би сэтгэл санааны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Хохирогч Ц.Ц******хын дахин өгсөн: Би Б*****ртай өмнө нь адуучин тэмцээн дээр 2025 оны эхээр нэг адуу хурааж байгаад маргалдаж байсан. Б*****р нь манай аавын талаар ойрын хамаатан. Багаасаа нэгнийгээ мэддэг байсан. Тухайн өдөр миний төрсөн өдөр тохиож байсан. Тэр өдөр цэрэгт тэнцээд тухайн өдөр сум руу орж цусны шинжилгээ өгөх гээд явж байсан. Сумаас Г*******нтэй хамт Шинэ-Идэр сум явах гээд мотоциклоор Галт сумаас гараад явж байсан. Тэгэхэд Г*******нд Б*****р тамхи захисан. Тэгээд захисан тамхийг нь Г*******н авч очсон. Б*****р эхэлж маргаан үүсгэсэн. Б*****р эхлээд тамхи авчирсан юм уу гээд миний өвөр рүү гараа хийгээд байхаар нь би тэр тамхи чинь Г*****д байгаа гэсэн чинь чамд байгаа гээд байсан, тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б*****р өөрөө эмээгийнхээ монгол архинаас ганцаараа уусан талаар надад хэлээд байсан. Б*****р намайг өдөөд байхаар нь би гэдэс рүү нь нэг цохисон өөр зүйл байхгүй. Би гэдэс хэсэг рүү нэг удаа цохисон тэгсэн хальт газар унаад ирсэн. Өөр цохисон зүйл байхгүй. Бид хоёр гэр дотор зодолдсон. Ширээнийх нь дээд талд газар унасан бээлийгээ авах хооронд хутгалсан. Б*****рыг хутга барьсаныг би ч мэдээгүй байсан. Хараагүй. Гэнэт л халуу дүүгээд явсан. Б*****р миний суга доогуур цохисон чинь гэнэт л халуу дүүгээд явсан. Тэгээд би Б*****рын гар руу харсан чинь гарт нь бор иштэй хутга барьсан байсан. ..Одоогийн байдлаар бие гайгүй болсон байгаа. Заримдаа бөөлжис хүрдэг, хааяа нэг хатгалт өгч өвддөг. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Шинэ-Идэр сумын эмнэлэг, Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, хувийн эмнэлэгт хэвтсэн. Одоо бол миний хувьд гомдоод нэхэмжлээд байх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл /хх-ийн 73 тал/,
Гэрч Д.Н******н өгсөн: “...манай хүү муу ааш байхгүй, ер нь хүнтэй маргалдаад байдаггүй, уян зөөлөн хүн. 4-р анги төгсөөд хөдөө гэртээ мал маллаж байгаа адуу малд дуртай адуучин тэмцээнд оролцдог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Ойролцоо хөдөө байдаг хүүхэдтэй ер нь хамт нийлж нөхөрлөдөг. Б*****р нь манай хүүхэдтэй найз нөхөд гээд нөхөрлөөд явдаг нэг нутгийн хүмүүс ойролцоо байдаг. Манай хүү Шинэ-Идэр сумын эмнэлэг дээр хамгийн анх очиж оёдол тавиулсан. Тэгээд Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. **гэх хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал тааруу байгаа, зүгээр хэвийн болоогүй. Надад Б*****р тохиролцоход 20,000,000 төгрөг өгч хохиролгүй болгоё гэж хэлсэн. Одоо тухайн хохирлоос барагдуулсан зүйл байхгүй. Эмнэлгээр явж байхад эмчилгээнд зориулж 2,000,000 төгрөг, 11 сарын сүүлчээр манайд очиж 5,000,000 төгрөг Б*****рын эмээ нь өгсөн. Одоо надад тохиролцсон 20,000,000 төгрөгөө нэхэмжлээд авчихвал гомдол санал байхгүй. Хамаатан хүмүүс...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,
Гэрч Л.Г*******нгийн өгсөн: “...Би тухайн өдөр Шинэ-Идэр сум руу найз охинтойгоо уулзахаар найз Ц******хын хамт Галт сумаас мотоциклоор гараад замдаа *** багийн ** гэх газар байх Б*****рын гэрт очсон юм. Тэгтэл Б*****р гэрийнхээ монгол архинаас уусан талааараа бид хоёрт хэлээд Б*****р Ц******х нар баруун талын орон дээр зэрэгцэн сууж юм ярьж байгаад гэнэт барьцалдаад авахаар нь дундуур нь ороод салгатал Ц******х Б*****раа гадаа гаръя гээд хамт гарцгаагаад ахин барьцалдаж аваад хоорондоо цохилцоод унахаар нь ахин дундуур нь орж салгаад байж байтал миний утас дуугараад хүнтэй ярьж байгаад эргээд харахад Б*****р Ц******хыг зүүн суганы доод хэсэг рүү хутгалсан байхаар нь бид нар Шинэ-Идэр сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Ц******х бид 2 монгол архинаас уугаагүй эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Л.Г*******н өгсөн: “...Хэрэг болсон гэх 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын *** дүгээр багт байх Б*****рын гэрт Ц******х Б*****р бид хоёр 16:00 цагийн орчим очоод хоорондоо юм ярьж сууж байсан ба би тэдний гэрт үүдний ширээний хажууд сууж байсан. Ц******х Б*****р нар болохоор тухайн байшингийн хойморт байдаг орны харалдаа зогсож байгаад гэнэт барьцалдаад авсан. Ор ширээ хоёрын хооронд бага зэрэг зайтай мөн дээрээс нь би гар утсаа оролдоод анхаарал маань утас руугаа төвлөрчихсөн байсан учраас юу ярилцаж юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Ц******х Б*****р бид 3 архи согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглээгүй Б*****р яагаад манай гэрт бид 3 касс нэртэй пиво уусан гэж мэдүүлсэн талаар мэдэхгүй байна. Б*****д Ц******х бид 2 очиход би эмээгийн хадгалж байсан монгол архинаас 2-ын битоны талаар нь хүртэл уучихлаа гэж хэлсэн бага зэрэг согтуу байсан. Хэн нь эхэлж хэрүүл маргаан үүсгэсэн талаар мэдсэн зүйл байхгүй.Тэр 2 гэрт барьцалдаж авахаар нь би салгасан чинь Ц******х Б*****рт хандаж гадаа гараад ир үзье гэж хэлээд бид 3 байшингийн гадна гарсан. Тэгээд Ц******х эхлээд Б*****рын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон салгах гэхэд хоорондоо зодолдоод хүчрэгдэхгүй намайг 2-3 удаа цохихоор нь би тэр 2-оос бага зэрэг зай аваад бүсээ янзалчихаад эргээд харсан чинь Б*****р Ц******хын суганых нь доод зүүн хэсэг рүү нэг удаа хутгалчихсан байсан. Тухайн үйл явдал байшингийн гадна болж өнгөрсөн. Ц******х нь Б*****рын нүүр хэсэг рүү нэг удаа элэг хэсэг рүү нь 3 удаа эхэлж цохисон. Б*****р нь Ц******ход цохиулаад газар унасан зүйл болоогүй, Ц******х эхлээд Б*****рын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон нь бол үнэн. Б*****р Ц******х хоёрыг маргалдаж байх үед болон зодолдож байх үед би тэр хоёрыг салгах гэж оролдох үед Б*****рыг гартаа хутга барьсан талаар анзаарч хараагүй, хутгална гэж бодоогүй байж байтал хутгалчихсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 154-161 тал/,
Гэрч Д.Д*******н өгсөн: “...Б*****р манай хамгийн бага охины хүүхэд Төрсөн цагаасаа эхлэн надтай хамт байсан. Ээж нь хотод ажил хийдэг Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ** дугаар ангийг төгсөөд сургуулиас гарсан. Тэгээд надтай хамт амьдарч байгаа. Зан ааш нь төлөв даруу хурдан түргэн хөдөлгөөн байхгүй юманд жаахан удаан хүүхэд. Би тэр өдөр багийн төв дээр хадагны найртай гээд юм бэлдэж байсан. Б*****р ганцаараа хонио хараад гэртээ үлдсэн. Архи согтуу ундаа хэрэглэж харагдаж байгаагүй.. Б*****р багаасаа надтай хамт хөдөө өссөн. Б*****р ээжтэйгээ хөндий барагтай бол юм яриад байдаггүй, ээж Л**********н нь мэдүүлэг өгөх боломжгүй. Эрүүл мэндийн байдал хүндэвтэр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 80 тал/,
Гэрч Б.Б*******ны өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед хутгалуулсан хүн ирлээ гэх дуудлагын дагуу эмнэлэг дээр очиход Ц******х нь цээжний зүүн талд суганы арын шугам 8-9 дүгээр хавирга орчим мэсний шархтай шархны хэмжээ нь 1-1,5 см өргөнтэй шархнаас нь цус гарсан байдалтай амьсгалахад цээжний зүүн талаар өвдөнө гэсэн зовиуртай байсан. Шарханд цэгцлэлт хийж цус тогтоолт хийн 2 оёдол тавьж ариун боолт хийсэн. Тийм ээ асууж тодруулахад цуг явсан найзтайгаа маргалдаад хутгалуулсан гэж байсан юм. Ц******х нь хэлэхдээ би архи уугаагүй хамт яваа 2 найз маань архи уусан гэж хэлж байсан юм нөгөө 2 залуутай нь тулж уулзаагүй. Ц******хын амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/,
Шинжээч М.Б********н өгсөн: “...Тухайн дүгнэлт нь 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ц******хын цээжинд хийсэн КТГ-ийн шинжилгээний хариу бичигт цээжний зүүн хөндийд шингэн хурсан, /цус/, гэдэг нь цээжний хөндийд мэс нэвтэрч дотор эрхтэнг гэмтээж цус алдуулж цус мөн зүүн уушгины доод дэлбэнд сүүн шилний шинж буюу нэвчдэс тодорхойлогдсон нь мэс цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээж уушгинд сүүн шилний шинж үүсгэсэн гэсэн үг юм. Цээжний хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн байна гэдэг нь дээрх шинжилгээгээр бүрэн батлагдаж байна. Мөн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээгээгүй байсан ч цээжний хөндийд хий шингэн хуруулсан бол мөн адил хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээгээгүй байсан ч хөндийд хий, шингэн хуруулсан бол мөн адил хохиролын хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаартай: “... Ц.Ц******н биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ц.Ц******н биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт, эмчлэгч эмчийн дүгнэлт /хх-ийн 29, 48 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Л.Б*****н өгсөн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сум 1-р баг ***ийн гол Х******л гэх газарт байх гэртээ ганцаараа хонио хараад байж байсан. Манайхан байхгүй сумын төв явсан байсан. Тэгээд тухайн өдрийн 02 цаг өнгөрч байхад Г*******н над руу залгаад өнөөдөр Ц******н төрсөн өдөр бид 2 Галт сумын төвөөс Шинэ-Идэр сумын төв явах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би замаараа надад нэг тамхи авчираад өгчих ирэхээр нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би хонио эргүүлчихээд гэртээ ирээд сууж байсан удалгүй Г*******н, Ц******х хоёр Ц******н мотоциколтой манайд хүрч ирсэн. Тэгээд би орж ирэхээр нь цай хийж өгөөд орон дээрээ сууж байтал хамт Шинэ-Идэр сумын төв явах уу гэж асуухаар нь би явж чадахгүй ээ хонио харна гэж хэлсэн. Тэгсэн Г*******н өвөр дотроосоо 3 ширхэг улаан өнгөтэй Саss гаргаж ирсэн, бид гурав нэг нэгээр нь уусан. Би ууж байхдаа миний захисан тамхийг авчирсан уу гэсэн чинь Ц******х миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би яаж байгаа юм бэ гээд орон дээрээс босоод ирсэн чинь Г*******н хойноос тэврээд авсан. Тэгсэн миний нүүр рүү Ц******х нэг удаа, элэг хэсэг рүү 3 удаа цохисон. Би тэгээд амьсгалж чадахаа байгаад газар унасан. Тэгээд газар 3-4 минут болсон байх. Тэгээд өндийгөөд харсан чинь ширээн дээр хутга байсан. Тэр хутгийг шүүрч аваад айлгая гэж бодоод хутгаараа хоёр тал руу савчуулж байсан, Ц******х цохих гэж хүрч ирээд хутганд оногдсон. Тэгсэн хутга Ц******н зүүн талын суганы доод хэсэгт зоогдсон. Тэгээд би айсандаа хутгийг сугалж авсан чинь Ц******х дээлээ тайлаад харсан чинь цус гараад нь тэрийг арчиж цэвэрлэж, боож өгөөд Ц******с Галт сумын эмнэлэг явах уу, Шинэ-Идэр сумын эмнэлэг явах уу, гэж асуусан чинь Шинэ-Идэр эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд Ц******х, Г*******н хоёр нэг мотоцикл дээр суугаад би өөрийнхөө мотоциклыг унаад бид гурав хоёр мотоциклоор Шинэ-Идэр сумын эмнэлэг орсон. Шинэ-Идэр сумын эмнэлгээс мэдэгдсэн. Ц******х, Г*******н хоёр манайд ирэхдээ нилээн согтуу ирсэн. Манайд ирээд нэг, нэг Саss уусан. Бор иштэй жижиг хутга байсан. Өмнө нь юм хийж байгаад тавьсан байсан. Ц******х бид хоёр 2024 оны өвөл адуучин тэмцээн дээр барилцаж аваад цохилцоод салж байсан. Г*******нтэй маргалдаж байгаагүй, айгаад нөгөө хоёрыг айлгах гээд, цохихоо болчихгүй юм байхдаа гэж бодоод барьж авсан. Ц******х миний урдаас эгц хараад зогсоод, Г*******н баруун талд зогсож байсан. Би сайн санахгүй байна. Тал тал тийш нь хөдөлгөж байсан байх, тэгсэн Ц******х намайг цохих гэж хүрч ирээд савчуулж байсан хутга руу орсон. Би зогсож байсан. Би Ц******н зүүн талын суганд нэг удаа хутгаар халдсан байх сайн санахгүй байна. Би тэр өдөр огт уугаагүй байсан. Нэг ширхэг саss талд нь оруулаад байж байсан. Ундаа байхгүй байсан. Тэр хоёр ч ундаа авчраагүй байсан. Тэр хоёр над руу томроод байсан. Тэр үед нилээн ухаан балартсан байсан. Үгүй ээ би зогсоод байж байсан. Яг хутга авахад нүд бүрэлзээд байсан. Хутаг авсанаа бүдэг бадаг санаж байна. Хутгалсанаа сайн санахгүй байна. Намайг хутга авсаныг мэдсэн. Урдаас хараад зогсож байсан. Намайг цохих гээд урдаас хүрч ирсэн. Тухайн үед надад ямар нэгэн бодол орж ирээгүй. Ухаан санаа муужирсан байсан. Газарт эвхэрч унаад цээжээр сонин оргиод нүд бүрэлзээд байсан. Би бол өөрөө хуталъя гэж бодоогүй, айлгая гэсэн бодолтой хутга авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол /хх-ийн 12 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Үүрийнтуяа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Галт сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ц.Ц******хтой маргалдаж улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Л.Б*****рын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч нь эцэг байхгүй, ээж нь хүнтэй суугаад явсан. Эмээ дээрээ өссөн гэрээс гарч үзээгүй. Нийгэм олонтойгоо ойр байгаагүй. Бид нар залуу насыг нь хүндэтгэхгүй бол болохгүй. Хохирол төлбөрийг бүгдийг нь барагдуулсан. Хохирогчийг хот руу эмчилгээнд явуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төлсөн. Дөнгөж ** нас ** сартайдаа энэ хэргийг үйлдсэн. Эрийн цээнд хүрч амжаагүй. Үүнийг харгалзаж үзээрэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тамхи захисан нь яахаараа чамд тамхи өгдөг юм гэж маргаан үүссэн. Яг ** гэсэн санаа, зорилго байхгүй. Ялыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Үйлдсэн гэм хэргийн хүлээн зөвшөөрсөн....” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ц.Б*****й гаргасан дүгнэлтдээ: “... гэм буруутай гэж бодож байна..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Л.Б*****р болон түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Ц******хын өгсөн мэдүүлэг, гэрч Л.Г*******н, Б.Б*******н, Д.Д*******а, Д.Н******а, шинжээч эмч М.Б*******х нарын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн иргэний нэхэмжлэлийн баримт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг хутга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Л.Б*****р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын “***” дүгээр багийн нутаг дэвсэрт байх гэртээ Ц.Ц******хтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж улмаар гартаа барьж байсан хутгаар цээжин тус газар нь хутгалж, цээжний хөндий рүү нь нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.*** зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Л.Б*****р нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Л.Б*****р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц******хын цээжин тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Б*****рын хохирогчийн цээжин тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.*** зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б*****рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Б*****рын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц******хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Ц******х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “..одоо бол миний хувьд гомдоод нэхэмжлээд байх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/-д, шүүгдэгч Л.Б*****р нь хохирогч Ц.Ц******ход Хаан банкны 2025 оны 1*** сарын 07-ны өдөр нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 121 тал/, 2025 оны 1 сарын 10-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 122 тал/-д 2025 оны 1 сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 122 тал/-д, 2026 оны 0*** сарын 05-ны өдөр **** дугаартай дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 164 тал/-д, 2026 оны 01 сарын 13-ны өдөр ******* дугаартай дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 163 тал/-д, 2026 оны 01 сарын 23-ны өдөр ****** дугаартай дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 164 тал/-д тус тус авагдсан шүүхэд хохирогч Ц.Ц******х нь “миний зүгээс Б*****рт гомдол санал байхгүй бид хоорондоо эвлэрсэн учраас намайг оролцуулахгүйгээр тус шүүх хурлыг явуулж өгнө үү..” гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
Иймд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Б*****рыг гэм хорын хохиролд хохирогч Ц.Ц******д нийт 17.900.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б*****г хохирогч Ц.Ц******д төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 792.160 төгрөгийн (хх-ийн 73, 94-112-р тал) баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 792.160 төгрөгийг шүүгдэгч Л.Б*****р нь 2026 оны 0*** сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг /хх-ийн165 тал/, гаргаж өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б*****г иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б*****г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*** зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц******н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирол төлсөн төлсөн байдал, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан, гар дээр өссөн энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хохирлоо бүрэн барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний 3/2-оос багагүй ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 11,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 792,160 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн, хохирогч гомдол саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвхэгддэг тонгорог хутгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Хэрэгт авагдсан 3 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Дөнгөж ** нас ** сартайдаа энэ хэргийг үйлдсэн. Эрийн цээнд хүрч амжаагүй. Үүнийг харгалзаж үзээрэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тамхи захисан нь яахаараа чамд тамхи өгдөг юм гэж маргаан үүссэн. Яг алъя гэсэн санаа, зорилго байхгүй. Ялыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Үйлдсэн гэм хэргийн хүлээн зөвшөөрсөн. Эдгээр байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялын доод хэмжээг 3/2-оос хэтрүүлэхгүй оногдуулж өгөөч...” гэв.
Шүүгдэгч Л.Б*****рын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б*****рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Б*****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б*****р нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор алаг өнгийн бариултай ажлын хэсэг нь эвхэгддэг, суран оосортой, ажлын хэсгийн урт нь 9 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг СD Ц.Ц******х, гэх Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д*****д овогт Л**********н Б*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л**********н Б*****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******т оногдуулсан 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор алаг өнгийн бариултай ажлын хэсэг нь эвхэгддэг, суран оосортой, ажлын хэсгийн урт нь 9 см урттай 1 (нэг) ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц******х, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг “СD Ц.Ц******х” гэх бичиглэл бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
Б.УУГАНБАЯР