Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нарт холбогдох эрүүгийн 1725000000044 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Боржигон овгийн Дашзэвэгийн Батсайхан, Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 3-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГЮ64112092/

 

2. Монгол овгийн Дашзэвэгийн Баярмагнай, Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын Ачуут баг 5-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадавартай /РД:ГЮ75061795/

 

3. Банзрагч овгийн Банзрагчийн Буянбаатар, Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган амйагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Булган Музейд манаач ажилтай, Булган аймгийн Булган сумын 5-р баг 9-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:ГВ79022319/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-5 тоотод Д.Баярсайханыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Баярсайханы “Өчигдөр өдөр намайг гэртээ байж байхад Оюунчимэг нөхөр Буянбаатар нарын хамт Батсайхан ахынд байна. Булган аймгаас сая ирлээ хүрээд ирээч гэсэн. Би эхнэр Алтантулгын хамт 11 цаг өнгөрч байхад Батсайхан ахынд очсон. Намайг очиход Батсайхан, Баярмагнай, Буянбаатар, Оюунчимэг, Ариунаа нар байсан. Тэгээд Батсайхан ах дэлгүүр лүү гарч 1 шил 0,5 граммын Ерөөл архи, 2,5 литрийн Боргио пиво авчирсан ба бид нар авчирсан зүйлүүдийг нь хувааж уугаад байж байхад манай хүргэн Буянбаатар манай эхнэр Алтантулгаруу агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би Буянбаатарыг чи дуугай байгаарай гэсэн чинь Буянбаатар босч ирээд намайг барьж аваад зүүн нүдэн дээр нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь манай авгай намайг салгаад гэрээс аваад гарсан. Намайг гадаа зогсож байхад Батсайхан, Баярмагнай, Буянбаатар нар араас гарч ирээд намайг гурвуулаа нийлж байгаад зодсон. Тэгээд салаад би хашааны гадаа зогсож байхад манай охин ах руугаа яриад аав хүнд зодуулчихлаа гэхээр нь манай хүү Өнөболд цагдаа руу дуудлага өгсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

2. Гэрч Ч.Ариунцэцэгийн “Өчигдөр орой манай нөхрийн дүү нар болох Баярсайхан эхнэр Алтантулгын хамт Баярмагнай, дүү Оюунчимэг, нөхөр Буянбаатар нарын хамт манайд ирсэн. Эхлээд манай нөхөр Батсайхан дэлгүүрээс 0,5 граммын Ерөөл архи 2,5 литрийн Боргио пиво авчирсаныг уугаад сууж байхад Баярсайхан хүргэн Буянбаатартай маргалдаж эхэлсэн. Тэгээд Баярсайханыг эхнэр нь аваад гарсан чинь араас нь Батсайхан, Буянбаатар Баярмагнай нар гараад хоорондоо зодоон хийж эхэлсэн. Би Оюунчимэг, Алтантулга нартай очиж салгах гэхээр салгаж чадахгүй, Баярсайхан Оюунчимэг бид хоёрыг цохиод байсан. Тэгээд Баярсайхан нь Батсайхан, Баярмагнай Буянбаатар нарт зодуулчихаад хашааны гадна гараад зогссон. Тэгээд байж байхад цагдаа дагуулаад ороод ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/,

 

3. Гэрч Д.Оюунчимэгийн “Би өчигдөр ах Батсайханыд нөхөр Буянбаатарын хамт очсон. Манай нөхөр Буянбаатар Баярсайханыг дуудаад Батсайхан ахынд хүрээд ир гэсэн. Баярсайхан ах эхнэрийнхээ хамт ирсэн. Тэгээд нэг ширхэг 2,5 литрийн пиво, 1 шил 0,5 граммын Ерөөл архи уугаад байж байхад Баярсайхан гадаа гарсан. Араас нь Буянбаатар, Батсайхан, Баярмагнай нар гарсан. Тэгээд гадаа гараад хоорондоо барьцалдаад ноцолдож эхэлсэн. Тэгээд намайг очоод салгах гэхэд Баярсайхан намайг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дахиж ойртоогүй. Тэд нар зодолдож дуусаад салаад Баярсайхан ах хашааны гадна гарсан ба удалгүй цагдаа нартай орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

4. Гэрч Н.Алтантулгын “2017 оны 08 сарын 09-ны өдөр би гэртээ нөхөр Баярсайхантай байж байхад хүргэн Буянбаатар залгаад Батсайхан ахынд хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт 12 цагийн үед Батсайхан ахынд очсон. Батсайхан ахынд байж байхад хүргэн Буянбаатар дэлгүүрээс 2,5 литрийн савтай Боргио пиво авсан. Тэрийг нь Батсайхан, Баярмагнай, Баярсайхан, Оюунчимэг Буянбаатар бид нар хувааж уусан. Тэгээд байж байхад Буянбаатар надруу агсарч эхэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Баярсайхан та нар одоо боль гээд надтай цуг гэрээс гараад хашааны хаалгаар гарах гэж байхад Буянбаатар араас гарч ирээд Баярсайханыг хойш нь үсдэж татаад унагаасан. Тэгсэн чинь араас нь Батсайхан , Баярмагнай нар гүйж ирээд гурвуулаа нийлээд Батсайханыг зодсон. Тэгээд байж байхад манай охин хүү рүү залгаад цагдаа дуудуулсан байсан ба удалгүй цагдаа нар ирээд Батсайхан, Буянбаатар, Баярмагнай нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 14-р хуудас/

 

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 685 дугаартай дүгнэлтийн “Д.Баярсайханы биед баруун гарын шууны ясны цууралт , зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчиллээр , нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт / хх-ийн 17-р хуудас/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэг эсэхийг шалгасан лавлагаа зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүэг өгөхгүй” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-5 тоотод Д.Баярсайханыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгйн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэ оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Хохирогч Д.Баярсайхан нь гомолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нарт оногдуулсан торгох ялыг 6 хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайхан, Д.Баярмагнай, Б.Буянбаатар нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС