Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 420

 

А.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал, Ч.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 516 дугаар магадлалтай, 201626021739 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.Г нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Г-д холбогдох хэргээс хохирогч Б.М-ийг залилж 1.807.501.365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

А.Г-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар А.Г-ыг 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Г-с 644.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгуулах,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Б Н” ХХК болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр хохирогч Б.М-ийг тогтоож,

“Б Н” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт, Ашигт малтмал ашиглалтын М\/-016867 дугаартай тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж,

 “Б Н” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоол, “Б Н” ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын лицензийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоол, “Б Н” ХХК-ийн алтны уурхайг холбогдох эд хөрөнгийн хамт битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 91-99 УНК улсын дугаартай, Ford explorer загварын автомашин, 88-84 УБР улсын дугаартай, Benz S500 загварын автомашин, 47-20 УБВ улсын дугаартай, Ford F-150 загварын автомашин, 00-15 УНР улсын дугаартай, Benx 320SЕL загварын автомашины битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж, тэдгээрийг холбогдох баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,

А.Г-ын зээлийн барьцаанд тавьсан хөөрөг, хөөрөгний даалин, хохирогч Б.М-т хадгалагдаж байгаа алтан аяга зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар А.Г-д буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Г “Б Н” ХХК-ийг худалдан авч өгнө гэж хохирогч Б.М-ийн итгэлийг эвдэж, 500.000.000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн прокурорын дүгнэлтийг яллах дүгнэлтэд дурдагдаагүй гэж хийсвэрлэн дүгнэсэн гэж үзэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм. Магадлалын удиртгал хэсэгт дээрх асуудал бүрэн туссан байхад хянавал хэсэгт яллах дүгнэлтэд заагаагүй гэсэн үндэслэлээр шүүхийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу болно.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн үндэслэлийг хууль эрх зүйн хүрээнд үгүйсгэж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Г-ын үйлдлээс 1.807.501.365 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр авсан үйл баримтыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тухайн мөнгийг “Б Н” ХХК-ийг авч өгнө гэсэн 1.1 дэх хэсэгт тусгагдсан 500.000.000 төгрөгтэй хутгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийжээ. Энэ нь шүүхийн зүгээс хэргийн нотлох баримттай бүрэн гүйцэд танилцаж, судлаагүй, үйл баримтын хоорондын шалтгаант холбоог нягтлан судлаагүй алдаанаас буруу дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

...Анхан шатны шүүх “Б Н” ХХК-д 1.807.501.365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх асуудлыг эрүүгийн гэмт хэргийн үйлдэлд хамааралгүй асуудал гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэл, зөв буруугийн асуудлыг хөндөлгүй орхигдуулснаас үзэхэд, давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт нь прокурорын яллах дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримттай зөрчилдөж байна.

Хохирогч Б.М “Б Н” ХХК-д 1.807.501.365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн асуудлыг шүүх хуулийн этгээд болох тус компанийн үйл ажиллагааны явцад хамаарагдах хөрөнгө учир гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хохирлын хэмжээнээс хасч тооцсон. Иймд тус компани үйл ажиллагааны явцад олборлосон гэх 13.9 кг алтыг хохирогч Б.М авсан эсэх, ашиг хүртэж байсан эсэх асуудал энэ хэргийн үйл баримтад хамааралгүй юм. Гэтэл шүүх компаний засаглалтай холбоотой асуудлыг шалгаж үзэхийг санал болгож, иргэний хариуцагчаар татах заалт оруулсан нь шүүх хөндлөнгийн байх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн дүгнэлт болжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн агуулга нь гэм буруугийн асуудалд хамаарал бүхий үйл баримт, нотлох баримтыг бодитой, үндэслэлтэй үнэлж дүгнэж чадаагүй, шинээр хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх чиглэлээр иргэнийг мөрдөн шалгах, чиглэл зааврыг гаргаж буй нь уг магадлал хууль ёсны болж чадаагүй илрэл гэж үзэж байна.

 Шүүгдэгч А.Г-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэж байгаа нөхцөлд түүний бусдын өмнө үүрэг хүлээсэн нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулах чиглэлийг магадлалд заасан нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамааралгүй асуудлыг хөндсөн дүгнэлт болжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өөр хүн, хуулийн этгээд оролцсон эсэхийг шалгах чиглэлийг магадлалд заасан нь цагдаа, прокурорын байгууллагад гэм буруутай хүнийг хайх, чиглэл, заавар өгсөн гэж үзэхээр байна.

 Энэ нь шинэ Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн хууль бус дүгнэлт болжээ. Энэ нь шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоох нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан үзэл баримтлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дэх заалтад хамааралтай. Гэтэл шүүх А.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх, тусгай бие даасан компанийн засаглалтай “Б Н” ХХК-ийн үйл ажиллагааг мөрдөн шалгах, эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийг татан оролцуулах чиглэл өгснөөрөө шүүх эрх мэдлийн хэмжээ хязгаарыг зөрчиж байна.

Шүүхийн магадлалаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон А.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаажээ. Дээрх эрх зүйн үндэслэл нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-10 хүртэлх зохицуулалтын аль заалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн талаар магадлалын үндэслэх хэсэгт тодорхойлон заагаагүй байна.

Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэсэн ерөнхий дүгнэлт хийснийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Талууд хүсэлт гаргасан тохиолдолд шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулна гэж тайлбарлан ойлгоно. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад урьдчилсан хэлэлцүүлэх явуулахаар хэргийг буцаасан нь шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан, өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг заасан алдаа гаргажээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн заалтын агуулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснээс биш, энэ нь зөвхөн прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд явагдана гэсэн явцуу ойлголт биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “прокурорын яллах дүгнэлтэнд дурдаагүй хэргийн үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн" гэж хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэт явцууруулан ойлгож, хуулийн заалтыг буруу тайлбарлажээ.

Учир нь шүүгдэгч А.Г хохирогч Б.М-с мөнгө авахдаа “компанийг худалдаж авна”, эсхүл “худалдаж авч өгнө” гэж прокурор болон шүүхээс аль ч хэлбэрээр дүгнэсэн нь түүний бусдын итгэлийг эвдэж, мөнгийг нь залилан авсан үйл баримтыг огт үгүйсгэхгүй бөгөөд тухайн хэргийн шинж, зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Нөгөөтэйгүүр шүүгдэгч А.Г-ыг анхан шатны шүүх “Б Н” ХХК-ийг худалдаж авч өгнө гэж 500.000.000 төгрөг авсан” гэж тэмдэглэсэн нь мөрдөн байцаалтад авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар яллах дүгнэлтэнд ойлгомжгүй бичигдсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодотгон заасан дүгнэлт болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Г, хохирогч Б.М-с 1.807.501.365 төгрөгийг залилж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хохирогч талаас эсэргүүцээгүй ба хохирогч Б.М-ийн мөнгөөр худалдан авч, хөрөнгө оруулалт хийгдсэн “Б Н” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг анхны худалдсан үнээр үнэлж, хохирлыг нөхөн төлүүлэх агуулгаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Г хохирогч Б.М-ийн 500.000.000 төгрөгөөр “Б Н” ХХК, түүний лиценз эзэмших эрхийг худалдан авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон ба лиценз бүхий компанийг худалдан авсан үнэ нь тодорхой байхад үнэлгээ хийлгэх шаардлагагүй, нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн шаардлагад компанийн үйл ажиллагаа явуулах, лиценз эзэмших эрхийг шаардаагүй, харин бусдаас залилж авсан мөнгөн дүн буюу бодит хохирол тодорхойлогдсон байхад давж заалдах шатны шүүхээс компанийн эзэмшиж байгаа лиценз, эрхийн бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээг огт хийлгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэв “Б Н” ХХК болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь Б.М болохыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шууд тогтоон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Шүүгдэгч А.Г нь “Б Н” ХХК-ийн “А” лицензтэй алтны уурхайг Б.М-т худалдан авч өгч байгаа мэтээр төөрөгдөлд оруулж, түүний хөрөнгөнөөс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн захирал С.Дэлгэрдалайд 200 сая төгрөгийг бэлнээр, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үлдэгдэл 300 сая төгрөгийг түүний “Хас” банкны дансанд шилжүүлсэн болох нь хохирогч Б.М, гэрч С.Болорнямбуу, О.Бадамгарав, С.Дэлгэрдалай нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримтаар тогтоогддог. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан 2015 оны 1 дүгээр сараас эхлэн 4 дүгээр сар хүртэл буюу “Б Н” ХХК-ийг худалдаж авахаас өмнөх хугацаанд шүүгдэгч А.Г нь хохирогч Б.М-с түр зээлэх, хадгалах, Ховд аймгийн Цэцэг суманд байх алтны уурхай худалдаж авч өгөх нэрийдлээр 5 удаагийн үйлдлээр мөнгө авч залилсан нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд дээрхи мөнгийг зөвхөн хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлэн авсан гэх үйл баримт хэрэгт огт авагдаагүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх, шүүгдэгч А.Г-д холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шалгагдаж нотлогдсон дээрхи үйлдлүүдийг “...шалгаж тогтоох нь дээрхи үйлдлүүдэд буруутай эсэх, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ” гэсэн нь ойлгомжгүй байна.

Хохирогч Б.М “Б Н” ХХК-д 1.807.501.365 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон. А.Г-с өөр ашиг хүртсэн хүн байхгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон байхад магадлалд шүүгдэгч А.Г-ын эх сурвалжаа зааж өгч чаддаггүй мэдүүлгийг үндэслэж, дээр дурьдсан асуудлыг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж заасан нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

“...2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 9088.9 грамм алт олборлосон тухай “Б Н” ХХК-ийн алт олборлолтын журналын бүртгэлээр тухайн компанийн олборлосон нийт алтны хэмжээ тогтоогдсон ба шүүгдэгч А.Г-ын “13.9 кг алт олборлосон, энэ алтыг Б.М авч ашигласан" гэх мэдүүлэг нь үгүйсгэгддэг.

Түүнчлэн тус уурхайгаас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр олборлосон 4.970,600 грамм, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1.844.400 грамм, нийт 522.161.299.39 төгрөгийн үнэ бүхий алт, 312.879.05 төгрөгийн үнэ бүхий алтны найрлага дахь цагаан мөнгийг Монгол банкинд тушааж, А.Г гарын үсэг зурсан тухай лавлагааг Монгол банкнаас албан тоотоор ирүүлсэн нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч А.Г мөнгийг нь “Б Н” ХХК-ийн дансаар оруулж, захиран зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар мөн тогтоогдсон байдаг.

Дээрхээс харахад цэвэршүүлсэн нийт алтны хэмжээ 7.915.000 грамм болсон нь алт олборлолтын журналд бүртгэгдсэн 9088.9 грамм алт олборлосон гэх баримттай нийцэж байгаа төдийгүй, энэ нь 13.9 кг алт олборлосон гэх А.Г-ын мэдүүлгийг үгүйсгэх нотолгоо болж байгаа юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх, эдгээр нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр, шүүгдэгч А.Г-ын нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэл болгож “хэн нэгэн ашиг хүртсэн эсэх, хэрэв ашиг авч хүртсэн бол иргэний хариуцагчаар татвал зохих хүн, хуулийн этгээдийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хохирол иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хариуцах эсэх асуудлыг шалган шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй байна.

Шүүгдэгч А.Г нь мөнгөн хуримтлал буюу валют солиулсан баримтыг хэрэгт хавсаргуулсан байдаг боловч эдгээр мөнгөний эх сурвалжаа огт тодорхойлж чадаагүй, их хэмжээний мөнгө өөрт нь байсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон төдийгүй, түүний харилцах дансуудад Б.М-ийн оруулсан мөнгөн хөрөнгөнөөс өөр орлого огт авагдаагүй байхад эдгээрийн эх сурвалжийг тогтоох нь зүйтэй гэсэн магадлалын заалт хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Б.М “Б Н” ХХК-д оруулах хөрөнгө оруулалтаа зогсоосноос хойш шүүгдэгч А.Г нь уурхайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр хуулийн этгээдээс 135.000 ам.долларыг зээлсэн нь Б.М-ийг залилсан гэх үйлдэлд огт хамааралгүй тул түүний мөнгө зээлсэн тухай маргааныг залилах гэмт хэрэгт нэгтгэн шалгуулахаар магадлалд заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй байна. Нөгөө талаар үнэ, цэнэ бүхий лиценз, гэрчилгээ барьцаалж бусад хуулийн этгээдээс зээл авсан шүүгдэгч А.Г-ын үйлдэл нь иргэний эрх зүйн гэрээний харилцаа болох нь тодорхой байдаг бөгөөд уг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагагүй гэж үзэж, прокурор яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүх хэлэлцээгүй байхад, илт иргэний эрх зүйн харилцааны шинжтэй үйлдлийг шалгуулахаар шүүх магадлалдаа заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй байна.

Тухайлбал, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй... бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.., мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасан шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасантай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэсний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 516 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаагийн зэрэгцээ дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулж, дүгнэлт хийхгүй байдлаар асуудлыг шийдвэрлэж, хэргийг шийдвэрлэсэн. ...1 дүгээр хавтаст хэргийн 217-219 дүгээр талд авагдсан гэрээг шүүхээс дүгнээгүй. Хөрөнгө оруулагч, худалдан авах гэсэн ойлголт нь 2 тусдаа ойлголт юм. Хэрвээ хөрөнгө оруулагч гэж үзэж байгаа бол гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах байсан. Хөрөнгө оруулалт аль аль талаасаа хийгдэж байсан. ...Компанийн хуулиар эд хөрөнгө өмчлөх, хөрөнгө оруулалт гэдэг асуудалд зайлшгүй маргаан гарч ирж байна. Шүүгдэгчийг хоригдож байх хугацаанд нь 2 удаа иргэний шүүх хуралдаан болсон. Мөн шүүх ашигт малтмалын лиценз болон “Б Н” ХХК-ийн асуудлыг тус тусад нь салгасан нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Монгол улсын ашигт малтмалын тухай хуулиар иргэн хэзээ ч ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй. Уг шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг алдагдуулж байна. Мөрдөн байцаалт болон, прокурор, шүүхийн шатанд дээрх хуулийн заалт хэрэгжээгүй. Мөн хамтын амьдралтай байснаараа далимдуулан залилсан гэж А.Г-ыг буруутгаж байна. Гэтэл буруутгаад байгаа 8-н үйлдлээс 4-н үйлдэл нь хамтын амьдралаас өмнөх хөрөнгө оруулалт байхад залилсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Дээрх үйл баримтад шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчим алдагдсан. А.Г-тай холбоотой нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Хамтын амьдралтай байсан гэдгийг А.Г л хэлж байгаа болохоос хохирогчийн зүгээс үгүйсгэдэг. Иймд хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт гэж ойлгож байна. Дээрх нөхцөлд асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх тухайн хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн. А.Г нь хамтын амьдралаар далимдуулан Б.М-ийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд яллах дүгнэлтэд дурдагдаагүй үйлдлийг бичиж, энэ талаар шалгуулахаар анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-ыг хохирогч Б.М-с 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг,

2014 оны 9 дүгээр сард мөнгө хэрэг боллоо гэж 20.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөгийг тус тус зээлэх нэрийдлээр,

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн 200.000.000 төгрөг,

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө гэж итгүүлэн 350.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж 200.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж 300.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нэрээр 1.807.501.365 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэргийг нийт 2.951.501.365 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 343 дугаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, А.Г-ыг хохирогч Б.М-с 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөг, мөн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн 200.000.000 төгрөг, мөн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө гэж итгүүлэн 350.000.000 төгрөг, нийт 584.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авч “их хэмжээтэй” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч А.Г нь хохирогч Б.М-с 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө гэж итгүүлэн 350.000.000 төгрөгийг тус тус зээлэх нэрийдлээр авсан байх боловч тухайн үед А.Г-ын эзэмшилд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж  байгаагүй бөгөөд Б.М-с авсан дээрх мөнгийг өөр зүйлд захиран зарцуулсан, мөн хохирогч Б.М-с 2015 оны 1 дүгээр сарын 29-ний 200.000.000 төгрөгийг хадгалж өгнө гэж аваад түүнд хэлэхгүйгээр Вагнер Ази автомотив ХХК-иас 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Форд Рэптор загварын автомашин худалдан авах /1хх-110/ зэргээр Б.М-ийг хуурч мэхлэн хохирол учруулсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч А.Г-д холбогдох бусдын нийт 584.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэргийн талаар хохирогч Б.М, гэрч С.Болорнямбуу, Г.Отгонбаяр, Ч.Эрдэнэбулган нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд А.Г-ын үйлдлийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-ыг хохирогч Б.М-с 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард мөнгө хэрэг боллоо гэж 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлэх нэрийдлээр авсан үйлдлүүдийг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, шүүгдэгч А.Г нь хохирогч Б.М, түүний нас барсан нөхөр Б.Балдан-Осор нараас 2014 оны 8 дугаар сард 35.000.000 төгрөгийг зээлж авахдаа хөөрөг, хөөрөгний даалин барьцаанд үлдээсэн, мөн 2014 оны 9 дүгээр сард 20 сая төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 5 сая төгрөгийг тус тус зээлийн журмаар гуйж авсан ба мөнгө зээлдүүлснийг баталгаажуулж баримт үйлдсэн нь /1хх-220/ залилах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг агуулаагүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ын зээлийн барьцаанд тавьсан хөөрөг, хөөрөгний даалин, А.Г-ын 2016 оны 7 дугаар сарын 28-нд хүлээлгэж өгсөн алтан аяга /1хх-28/ зэргийг А.Г-д буцаан олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, дээр дурьдсан эд зүйлийг хохирогч Б.М-т буцаан олгож, Б.М нь зээлийн харилцаанаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн Прокуророос шүүгдэгч А.Г-ыг 2015 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж Б.М-с нийт 500.000.000 төгрөг, мөн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нэрээр 1.807.501.365 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй, дээр дурьдсан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Хохирогч Б.М нь 2015 оны 1 дүгээр сараас эхлэн шүүгдэгч А.Г-тай хамтран амьдрах хугацаандаа алт олборлох бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохирч, иргэн С.Дэлгэрдалайгаас Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг “Бүдүүн ухаа” гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий “Б Н” ХХК-ийг А.Г-ын нэр дээр шилжүүлэн авахад зориулж Б.М нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 200.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 300.000.000 төгрөг, нийт 500.000.000 төгрөг шилжүүлснээс гадна алтны уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг үе шаттайгаар бүрэн хариуцаж, уурхайд олборлолт хийх явцад санхүүгийн дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллах, улмаар оруулсан хөрөнгө оруулалтаа 100 хувь мөнгөн хэлбэрээр “Б Н” ХХК-ийн захирал А.Г-с гаргуулж авах, мөн олборлолтоос олсон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас Б.М 60 хувийг, А.Г 40 хувийг тус тус авах, түүнчлэн А.Г нь компанийн эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэх бол Б.М-ийн саналыг зайлшгүй авч, хамтын шийдвэрийг удирдлага болгох агуулга бүхий хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр /1хх-217/ байгуулжээ.

А.Г, Б.М нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй хэдий ч уг гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бодитой хэрэгжүүлэн 2015 онд алт олборлох үйл ажиллагааг хамтран эрхэлж, газар дээр нь удирдан зохион байгуулж, уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Эбердигммонгол ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 эксковатор, ачигч автомашин зэрэг шаардлагатай техник хэрэгслийг авч ажиллуулсан байх ба олборлосон алтаа Монгол банкинд тушааж байсан нь тус компаний алтны уурхайн даргаар ажиллаж байсан Э.Гансүх /хх-101/, нууцын эрхлэгчээр ажиллаж байсан Т.Отгонбаатар /хх-104/, хянагчаар ажиллаж байсан Т.Зоригтбаатар, тогоочоор ажиллаж байсан Ч.Эрдэнэбулган, мөн тус компанийн алтны уурхайд ажиллаж байсан А.Гантөмөр /Ганбатын ах, 1хх-78/, Э.Энхцэцэг, А.Хүслэн, Б.Болдбаатар, Д.Гансүх, Д.Нямдаваа, М.Отгонжаргал, Т.Отгонбаатар, Н.Наранбаатар нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлтээр /3хх-46/ Б.М нь “Б Н” ХХК-д 2015 оны 1 дүгээр сарын 8-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд 1.807.501.365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн болох нь тогтоогдсоноос гадна Б.М өөрөө уурхайн үйл ажиллагаанд биечлэн хяналт тавьж, түүний дүү С.Болорнямбуу тус компанид нягтлан бодогчоор ажиллаж, санхүү, хөрөнгө оруулалтыг бүртгэн, давхар хяналт тавьж байсан нь гэрч С.Болорнямбуу /1хх-72/, тус компанид няраваар ажиллаж байсан гэрч А.Гантуяа /1хх-76/ нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон байна.

Ийнхүү А.Г, Б.М нар нь хамтран “Б Н” ХХК-ийн нэр дээр 2015 онд алт олборлох үйл ажиллагаа явуулсан нэг жилийн хугацаанд Б.М нь тус компанид хувьцаа эзэмших буюу компанийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар 2016 оны 5 сарын 17-ны өдрийг хүртэл /1хх-14/ эрх бүхий байгууллагад хандан гомдол гаргаж байгаагүй, мөн А.Г-ын хувьд “Б Н” ХХК-ийг иргэн С.Дэлгэрдалайгаас шилжүүлэн авах, мөн уг компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулж Б.М-с шилжүүлсэн мөнгийг өөр зориулалтаар ашигласан, хувьдаа завшсан, эсхүл үрэгдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “А.Г-ыг 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.М-с 1.807.501.365 төгрөгийг залилж авсан гэх үйл баримт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл энэ 1.807.501.365 төгрөг нь тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа А.Г-ыг “Б Н” ХХК-ийг худалдан авч өгнө хэмээн хохирогч Б.М-с нийт 500 сая төгрөгийг залилан авсан гэж харилцан зөрүүтэй, үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хохирогч Б.М нь “Б Н” ХХК-ийг шүүгдэгч А.Г-ын нэр дээр шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэлийг /2хх-34/ хүлээн зөвшөөрсөн учраас А.Гтай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, харилцан тохиролцсоны дагуу 2015 онд тус компанийн үйл ажиллагааг 1.807.501.365 төгрөгөөр санхүүжүүлсэн гэж үзэхээр байх тул шүүгдэгч А.Г-ын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Б Н” ХХК-ийг иргэн С.Дэлгэрдалайгаас шилжүүлэн авах зорилгоор Б.М-с нийт 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр хүлээн авч, уг мөнгийг С.Дэлгэрдалайд шилжүүлсэн, улмаар уг компанийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-д холбогдох хэргээс хохирогч Б.М-ийг залилж 1.807.501.365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, прокуророос шүүгдэгч А.Г-ыг 2015 оны 4 дүгээр сард “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж Б.М-с 500.000.000 төгрөг, мөн  хохирогч Б.М-с 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 560.000.000 төгрөгийг залилан авсан гэх хэргүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ийнхүү зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч А.Г-д оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг 4 /дөрөв/ жил хорих ял болгон хөнгөрүүлж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ 584.000.000 төгрөг болж өөрчлөгдсөн нь “Энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Харин хохирогч Б.М-ийн гаргасан “Б Н” ХХК-д оруулсан хөрөнгөө буцааж авах, эсхүл тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авахтай холбоотой гомдлыг шийдвэрлэх нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд мөрдөн шалгах явцад хавтаст хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн Б.М-ийн тус компанийг шилжүүлэн авахад зориулж 200.000.000 төгрөг болон 300.000.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /2хх-220, 222/, 2015 оны 1 дүгээр сарын 8-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд Б.М нь “Б Н” ХХК-ийн үйл ажиллагааг нь 1.807.501.365 төгрөгөөр санхүүжүүлсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 56 тоот шинжээчийн дүгнэлт /3хх-46/, тус компанийн олборлосон алт, мөнгөний борлуулалтын орлого /2хх-9,10/, Б.М-ийн 2016 оны 7 дугаар сарын 8-нд тус компаниас авч явсан эд хөрөнгө /1хх-ийн 133-190/, мөн “Б Н” ХХК-иас 2 ширхэг эксковатор, 2 ширхэг дугуй ачигчийг гаргуулах, мөн “Б Н” ХХК болон тус компанийн захирал А.Г нараас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.011.300 төгрөг гаргуулж Эбердигммонгол ХХК-д олгуулах тухай Иргэний хэргийн шүүхийн шийдвэр /хх-99/, “Б Н” ХХК-ийн А лицензийг барьцаалж “Оюуны ундраа” ББСБ-аас зээлсэн гэх 135.000 ам.долларын зээлийн гэрээ, иргэн Б.Санжаанямтай 2016 онд байгуулсан 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-232/, тус компанид А.Г, Б.М нарын оруулсан бусад эдийн болон эдийн бус хөрөнгө оруулалт, бусад аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой үүссэн өр, авлага зэргийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай болно.

Иймд хохирогч Б.М нь “Б Н” ХХК-д оруулсан хөрөнгөө буцааж авах, эсхүл тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авахтай холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хяналтын шатны шүүхээс А.Г-д холбогдох 560.000.000 төгрөг залилан авсан гэх зарим хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн 192 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “эд хөрөнгийн эрхийг” гэснийг, мөн тогтоох хэсгийн 8 дахь заалтаас “Улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор” гэснийг тус тус хасч, мөн тогтоох хэсгийн 6 дахь заалтад “… А.Г-с 644.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т олгосугай.” гэснийг  “… А.Г-с 584.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т олгосугай.” гэж өөрчилж, мөн тогтоох хэсгийн 10 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч А.Г-ын зээлийн барьцаанд тавьсан хөөрөг, хөөрөгний даалин, алтан аяга зэргийг хохирогч Б.М-т буцаан олгох талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ын “Б Н” ХХК-ийг Б.М-т “бусдаас худалдаж авч өгнө” гэж залилсан, эсхүл “бусдаас худалдаж авна” гэж залилсан гэх эргэлзээтэй асуудлыг шалган тогтоох, мөн “Б Н” ХХК-ийн олборлосон алтнаас хэн нэгэн ашиг хүртсэн эсэх, хэрэв ашиг авч хүртсэн бол иргэний хариуцагчаар татвал зохих хүн, хуулийн этгээдийг татах, мөн А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б Н” ХХК-ийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээг тус тус барьцаалж 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Монголын санхүүгийн групп” ББСБ-аас 135.000 ам.доллар зээлж авсан асуудал гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах, мөн А.Г өөрт нь хадгалагдаж байсан гэх мөнгөн хуримтлалаар ам.доллар  худалдаж авсан гэх асуудлын эх сурвалжийг тогтоох зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Г-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүх өөрийн санаачилгаар прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг мөрдөн шалгуулахаар хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дамжуулан прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчимд нийцээгүй гэж дүгнэв.

Харин “Б Н” ХХК болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь Б.М болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй талаар хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 516 дугаар магадлалыг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тухай” гомдлоос шүүгдэгч А.Г-д холбогдох 560.000.000 төгрөгтэй холбоотой үйлдлээс бусад хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 516 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А.Г-д холбогдох хохирогч Б.М-ийг залилж 2015 оны 1 дүгээр сарын 8-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд 1.807.501.365 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 4 дүгээр сард “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж 500.000.000 төгрөг, мөн 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус залилан авсан гэх хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтад “5 /тав/ жил хорих ял” гэснийг “4 /дөрөв/ жил хорих ял” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “эд хөрөнгийн эрхийг” гэснийг, мөн тогтоох хэсгийн 8 дахь заалтаас “Улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор” гэснийг тус тус хасч,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “… А.Г-с 644.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т олгосугай.” гэснийг  “… А.Г-с 584.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т олгосугай.” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 болон 10 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.Г-ын зээлийн барьцаанд тавьсан зааны ясан халбагатай, түмэн насан хээтэй, алтан нуухтай, чулууны өнгөөр будсан, далайн цагаан шүрэн толгой бүхий номин чулуун хөөрөг, зүү ороож оёсон шар эрээн өнгийн хөөрөгний даалин, 24 см диаметртэй, 10.5 см өндөртэй алтан аяга зэргийг хохирогч Б.М-т буцаан олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, Ч.Хүрэлбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоос шүүгдэгч А.Г-д холбогдох 560.000.000 төгрөгтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН