Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Б.Номин  

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр, Ц.Энхтуяа  

Шүүгдэгч Ж.Ариунболд, Г.Гантулга нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шатарчин овгийн Жамъянхүүгийн Ариунболд, Монгол овгийн Галбадрахын Гантулга нарт холбогдох 201714000300 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Шатарчин овгийн Жамъянхүүгийн Ариунболд, Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д гагнуурин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын 4-1-12  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. / РД:ЕЙ89092212/

 

2. Монгол овгийн Галбадрахын Гантулга, 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 3, ээж, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 50-02 тоотод оршин суух, урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 07 сарын 08-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 2 жилий хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 28-ны өдрийн 119 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулий тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 01 сарын15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ФБ88050510/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1.Шүүгдэгч Г.Гантулга нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Союз” пабд Ариунболд надтай хамт архи уусангүй гэсэн шалтгааны улмаас маргалдан биед нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч Ж.Ариунболд нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Союз” пабд Г.Гантулгатай хамт архи уухгүй гэсэн шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож Г.Гантулгын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.- д зааснаар  сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Тухайн үед би Союз дэлгүүрээс юм авахаар орсон чинь хуучин танил Очоо гэх найзтайгаа таарсан юм. Хэдэн үг солиод байж байгаад Очоод би миний төрсөн өдөр гэж хэлсэн чинь нэг шил архи авч өгсөн. Энэ архийг тухайн Пабд нь орж уусан. Намайг пабд ороход Очоогийн найзууд гээд хэдэн хүмүүс сууж байсан. Энэ архийг тухайн пабд нь орж уусан. Намайг пабд ороход Очоогийг найзууд гээд хэдэн хүмүүс сууж байсан. Энэ хүмүүсийг би танихгүй. Нөгөө архинаас уугаад сууж байхад Очоогийн найзууд гарах болсон. Тухайн үед би өнөөдөр миний төрсөн өдөр болж байна та нар сууж бай би одоо нэг юм авна гэж хэлсэн чинь Ариунболд гэх залуу бид нар одоо гарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг мэдэх үү, би 3 дугаар микрт байдаг Гантулга гэдэг залуу байна. Намайг энд хүмүүс хүндэлдэг юм гэж хэлсэн чинь Ариунболд чиний ямар байх надад хамаагүй гэж хэлээд намайг түлхсэн. Тэгээд бид хоёр үүнээс болж маргалдаад Ариунболд намайг нэг удаа цохисон. Тухайн үед тэнд байсан хүмүүс салгаад гадаа гарсан юм. Гараад Ариунболд бас нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд архины шилээр нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Унаад дээр доороо ороод ноцолдож байхад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Ариунболдыг аваад явсан. Хохиролд 3 сая төгрөг авсан. Одоо миний бие ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг.  

 

2. Шүүгдэгч Ж.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “Г.Гантулга гэх залуу орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Энэ архийг нь төрсөн өдөр нь гээд манай найз Очоо авч өгсөн гэсэн. Тэгээд удалгүй бид нар пабаас гарах гэсэн чинь Гантулга би одоо нэг шил архи авч өгнө гэхээр нь би одоо бид нар гарлаа гэж хэлсэн чинь энд бүгд намайг хүндэлдэг юм гэж хэлэхээр нь чиний ямар байх надад хамаагүй гэж хэлээд би түлхсэн юм. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед мөргөх гэхээр нь би бултаад Гантулга нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад гадаа гарсан. Гараад маргалдаад зогсож байхад намайг архины шилээр нэг удаа цохисон. Зөрүүлээд би гараараа цохисон. Тэгээд бид хоёр газар унаад дээр доороо орж зөндөө ноцолдсон юм. Одоо миний бие ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг.

 

3. Г.Гантулга, Ж.Ариунболд нарын биед үзлэг хийж хөнгөн гэмтэл жчирсан болохыг тогтоосон Орхон аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2017 оны 05  сарын 10-ны өдрийн 420, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 437 дугаартай дүгнэлтүүд зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга шүүгдэгч болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Ариунболдын толгой руу цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Харин шилний хагархайгаар нь зүссэн зүйл байхгүй. Ариунболдын найзууд намайг бүлэглэж зодсон асуудлыг цагдаагийн байгууллага дутуу шалгасан. Ариунболдын хувьд надад 3 сая төгрөгийн хохирол төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, Гомдолгүй” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ариунболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Гантулгыг цохисон үйлдлээ зөвшөөрч гэмшиж байна. Миний биед учирсан гэмтлийн хувьд одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин сүүлийн үед толгой өвдөөд байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх бол нэхэмжлэх зүйл гарч магадгүй. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Гантулга нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Союз” пабд Ариунболдтой маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Ариунболд нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Союз” пабд Г.Гантулгатай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр харилцан зодолдож тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн боловч одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч нарыг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Г.Гантулга нь урьд ял шийтгүүлж байсан боловч түүнийг ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Ариунболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шатарчин овгийн Жамъянхүүгийн Ариунболд, Монгол овгийн

Галбадрахын Гантулга нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ариунболд, Г.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ариунболд, Г.Гантулга нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хугаадаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх, төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Ариунболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС